Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02054

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02054

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

        Нэхэмжлэгч:  Баянгол  дүүрэг, 17-р  хороо, Амарсанаагийн  гудамж  өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2А-21 тоотод байрлах Пламбин ХХК-д холбогдох 20 904 628 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пламбин ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1 дэх, 17-р дугаар 1.1 дэх, 1.4 дэх хэсэгт тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 4-р сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 13 936 419 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Ниймгийн даатгалын тухай хуулийн  20-р зүйлийн 1.2-т заасны дагуу Пламбин ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 13 936 419 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 6 968 209 төгрөг, бүгд 20 904 628 төгрөгийг Пламбин ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хэлтэс нь хариуцагч Пламбин  ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 20 904 628 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн билээ. Пламбин ХХК үндсэн төлбөр 13 936 419 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул манай байгууллага алданги 6 968 209 төгрөгөөсөө чөлөөлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс нь хариуцагч Пламбин ХХК-д холбогдох хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 13 936 419 төгрөг, хугацаа хэтэрүүлсэнд ноогдуулсан 6 968 209 төгрөг бүгд 20 904 628 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь алданги болох 6 968 209 төгрөгөөсөө татгалзаж үлдэх 13 936 419 төгрөгийг хариуцагч Пламбин ХХК нь бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Пламбин ХХК-д холбогдох 20 904 628 төгрөг гаргуулахыг хүссэн Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтcийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч  Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Пламбин ХХК-иас 118 816 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА