Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-гийн Ч.С-д холбогдох эрүүгийн 2105020170093 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*****************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороо************ тоотод байрлах иргэн Х.Н-гийн гэрт байхдаа “утсаар чинь хүнтэй яриад өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Г.Н-гээс түүний эзэмшлийн ай фоне-12 загварын 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч явж залилсан,

- Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа “найзаа ээжийн бие муудаад байна хагалгаанд яаралтай орно мөнгөний хэрэг гараад байна туслаач” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч А.М-оос түүний эзэмшлийн ай фоне-11 загварын 1.200.000 төгрөгийн үнэ бүхий гар залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С мэдүүлэхдээ: “...Хохирогч Г.Н-гийн гар утсыг авч явсан нь үнэн. Харин хохирогч А.М бид 2 миний машиныг 12 сая төгрөгөөр зараад зарсан мөнгийг хамт үрээд дуусгасан. А.М нь “ажлаа дуусгаад тал мөнгийг нь найз нь өгнө” гэж хэлсэн байсан. Тухайн үед ээждээ өгөх ёстой байсан мөнгийг үрсэн байсан тул бид 2 хамт явж Мийн утсыг ломбардад тавьсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Н-гийн:

“...2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай гэрт манай нөхрийн найз Ч.С ганцаараа ирээд манай нөхөртэй хамт пиво хувааж уусан бөгөөд Ч.С нь намайг “гар утсаа өгч байгаа ч хүнтэй ярьчхаад эргүүлээд өгье” гэхээр нь би түүнд өөрийнхөө ай фоне 12 загварын гар утсыг өгтөл Ч.С миний гар утсыг аваад гэрийн гадаа гараад хүнтэй утсаар ярьж байснаа хэсэг хугацааны дараа хүнтэй ярих дуу нь сонсогдохоо болчихоор нь манай нөхөр Н цонхоор хартал Ч.С байхгүй байсан бөгөөд нөхөр маань гайхаад гэрээс гартал Ч.С миний гар утсыг аваад хаачсан нь бүү мэд алга болсон байхаар нь би нөхрийнхөө гар утсаар өөрийнхөө гар утас руу залгахад 2 удаа дуудаад дуудлага авахгүй байж байгаад сүүлдээ холбогдохоо больсон. Тэгээд фейсбүүк рүү ороод Ч.С-тай холбогдох гэтэл манай нөхөр бид хоёрын фейсбүүкийг блок хийсэн байсан. Ч.С 1.700.000 төгрөг эргүүлж өгсөн бөгөөд одоо 800.000 төгрөгийн үлдэгдэл дутуу байгаа төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 49 дэх тал/,

2. Гэрч Х.Н”-ийн:

“....манай гэрт Ч.С бид хоёр эхний пиво задлаад тал хүртэл нь ууж байтал Ч.С манай эхнэр Г.Н-гээс “гар утсаа өгч байгаач хүнтэй утсаар ярьчхаад эргүүлээд өгье” гэхээр нь манай эхнэр Ч.С-д ай фоне 12 загварын гар утсаа өгтөл Ч.С эхнэрийн маань гар утсыг аваад гэрээс гараад хүнтэй ярьж байх шиг байснаа гэнэ таг болчихоор нь би гайхаад гадаа гараад хартал хаана ч байхгүй байсан бөгөөд манай эхнэр миний гар утсаар өөрийнхөө гар утас руу залгасан чинь салгахаар нь дахиад залгатал утсыг нь унтраачихсан байсан бөгөөд фейсбүүк рүү нь ортол блок хийсэн байсан. Бид хоёр ------------ суманд нэг арван жилд цуг сурдаг, дотуур байранд амьдарч байсан сайн найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Манай эхнэр бид хоёрт Ч.С-тай холбоотой ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

3. “Ашид билгүүн” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн ТХҮ-921/2007 дугаартай “...гар утасны нийт үнэ 2.500.000...” гэсэн дүгнэлт” /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

4. Шүүгдэгч Ч.С-ын:

“....2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би найз Н-гийн амьдардаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Зурагт орчимд байрлах нийтийн байранд нь очоод Нямсүрэн болон түүний эхнэр Г.Н бид гурав 4-5 ширхэг том савлагаатай пиво хувааж уусан бөгөөд би Г.Н-гийн эзэмшлийн ай фоне 12 загварын гар утсыг нь “хүнтэй яриад өгье” гэж хэлж аваад гэрээс нь гараад утсаар нь найз руугаа залгаад ярьж байгаад тэр чигээр нь Г.Н-гийн гар утсыг нь авч яваад, маргааш нь модны 2-т байрлах нэгэн ломбардад 1.100.000 төгрөгийн барьцаанд тавиад уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би Г.Н-д 1.700.000 төгрөгийг төлсөн байгаа үлдэгдэл 800.000 төгрөгийг барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

5. Хохирогч А.М-ийн:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ч.С гэх манай зүс таних найз “уулзах хэрэг байна андаа мөнгөний хэрэг гараад туслаач” гээд байхаар нь “ажил дээр хүрээд ирээ” гээд хэлэхэд ажил дээр ирж уулзаад надаас “ээжийн бие муудаад байна хагалгаанд орно яаралтай 1.500.000 төгрөг олоод өгчих” гэхээр нь “надад бол юм байхгүй” гэхэд “чи гар утсаа өгчихөө барьцаалан зээлдүүлэх төвд барьцаалаад мөнгө авчихъя” гэхээр нь би итгээд хэцүү байгаа юм байна гэж бодоод өөрийн өмчлөлийн айфоне 11 загварын гар утсаа Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өгөөд явуулахад миний гар утсыг 1.300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэгээд үүнээс хойш гар утсыг маань авч өгөөгүй ба холбогдоход эхлээд “одоо аваад очлоо авах гээд байж байна, маргааш яг аваад очлоо” гэх мэтчилэн худлаа яриад сүүлдээ гар утсаа авахаа болиод намайг блоклоод хариу бичихээ больсон. Би гомдлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59, 83 дахь тал/,

6. “Ашид билгүүн” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн ТХҮ-921/2779 дугаартай “...гар утасны нийт үнэ 1.200.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

7. Шүүгдэгч Ч.С-ын:

“....2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би найз М-той Баянгол дүүргийн Гандантэгчилэн хийдийн ар талын автобусны буудал дээр явж байгаад “ээжийн бие муудаад эмнэлэгт хэвтэхээр болчихлоо, мөнгөний хэрэг гараад байгаа тул, чи гар утсаа ломбардад тавиад мөнгийг нь өгөөч” гэхэд М надад өөрийнхөө барьж байсан ай фоне 11 загварын гар утсаа өгөхөөр нь би авч яваад хүнсний 4-р дэлгүүрийн тэр хавьд байрлах нэгэн ломбардад 1.300.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан, гар утасны ломбардын хугацаа дуусаад зарагдчихсан. Миний бие хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.С нь хохирогч нарын гар утсыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.С нь:

2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороо, 120-08 тоотод иргэн Г.Н-гийн эзэмшлийн ай фоне-12 загварын гар утсыг “утсаар чинь хүнтэй яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч хохирогч Г.Н-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

- 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт иргэн А.М-ийн эзэмшлийн ай фоне-11 загварын гар утсыг “найзаа ээжийн бие муудаад байна, хагалгаанд яаралтай орно мөнгөний хэрэг гараад байна туслаач” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч хохирогч А.М-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэж олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулах зэргийг тус тус ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.С-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-д 2.500.000 төгрөгийн хохирол, А.М-д 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан.

Шүүгдэгч Ч.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Н-д 1.700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд одоо хохирогч Г.Н-д 800.000 төгрөгийн хохирол, А.М-д 1.200.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.С-аас нийт 2.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Н-д 800.000 төгрөг, хохирогч А.М-д 1.200.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ч.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.С-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ----------- дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Ч.С-ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-с 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Н 800.000 /найман зуун мянган/ төгрөг, хохирогч А.М-д 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ