Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 941

 

 Т.Ед холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С,

шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч Н.О,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч Н.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Ед холбогдох 1803003810248 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Т.Е, 1986 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Т.Е нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 16 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, “Мандал-Овоо” 41-83 тоот хашааны баруун замд “Hyundai Sonata 5” загварын, 31-91УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, автомашинд сууж явсан зорчигч С.Сүын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн Прокурорын газар: Т.-Еийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Е-ийг Авто тээврийн хэрэслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Е-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Ед оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Е-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах 2 жилийн нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, Т.Е-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Е давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйсан, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү.

Миний эхнэр одоогоор ажилгүй, 7-10 насны 2 хүүхдээ хардаг. Би хувиараа Хархорин зах дээр ногоо зарж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Е-ийн өмгөөлөгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана” гэснийг зөрчиж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу, өөр өөрөөр бичиж, хууль буруу хэрэглэсэн байна.    

Т.Е нь ам бүл 4, эхнэр, 7-10 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 14-40 тоотод оршин суух хаягтай, тэрээр өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хэрэгт холбогдсон, хувиараа Хархорин зах дээр ногоо зарж борлуулан эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэдэг, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс чин санаанаас уучлалт гуйж, тус дэм болж байсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ах дүү хамаатан садангийн холбооотой хүмүүс бөгөөд тусалж дэмжиж явдаг, ойрын хүмүүс тул цаашид гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлдэг тул Т.Ед анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би талийгаач эцгийнхээ хамт Т.Е-ийн хойд талын хашаанд амьдардаг бөгөөд Т.Е ахынх биднийг байнга дэмжиж, орж гардаг, ойрын хамаатан хүмүүс юм. Тухайн хэрэг учрал болсны дараа мөнгө төгрөг өгч, тусалж дэмжиж байсан.

Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол байхгүй бөгөөд Т.Е нь 2.500.000 төгрөг өгч, оршуулгын зардалд туслалцаа үзүүлсэн.

Иймд Т.Ед хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, автомашинд сууж явсан зорчигч С.Сүын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч С.Сү нас барсантай холбоотой хэрэг тусдаа шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг хуулбарлаж хэрэгт хавсаргасан. Шинжээчийн дүгнэлтийн эх хувь нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэг дотор байгаа. Шинжээчийн дүгнэлт нь С.Сүын биед зүүн 5-9 дүгээр хэсгийн хавирга хугаралт, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж гарсан. Зүрхний эмгэгшилийн улмаас зүрх зогсож нас барсан гэх асуудал нь тусдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн. Шүүгдэгч Т.Е 3.19 хувийн буюу хүнд зэргийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон нөхцөл байдал харагддаг. Иймд анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Ед холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” дараахь үндэслэлүүд байна.

Т.Е нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/, мөн 9.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас осол гаргасан байх ба түүний автомашинд сууж явсан зорчигч С.Сүын бие махбодид гэмтэл учруулсан /хх-8/ байх бөгөөд улмаар осол болсноос хойш 2 хоногийн дараа нас барсан байна.

Гэтэл Т.Ед холбогдох эрүүгийн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, С.Сү  нь “гэртээ нас барсан” гэх хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргаж, өөр хэрэг дээр гаргуулсан дүгнэлтээ хуулбарлаж хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцогдох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Е-ийн холбогдсон зам тээврийн ослын хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Тухайлбал, энэ хэрэгт гаргавал зохих дүгнэлтийг гаргуулж, зам тээврийн осол болон хохирогч С.Сүын үхлийн хооронд шалтгаант холбоотой эсэх, болон талийгаачийн үхлийн шалтгааныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоовол зохино.

 Дээрх нөхцөл байдал шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох нөхцөл байдал ба шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа заавал хийх шаардлагатай гэж үзлээ.

Иймд  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ед холбогдох хэрэгт дээрх үндэслэлийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Т.Е-ийн холбогдсон хэргийн талаар дурдалгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарах талаар шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгана” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.    

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч Н.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Ед холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Т.Ед авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                     Н.БАТСАЙХАН

                                                                                                      Д.ОЮУНЧУЛУУН