Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1891

 

      Б.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй,

     иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01571 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Бүрэнбаатарт холбогдох        

Зээлийн гэрээний үүрэгт 36 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Алтангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алтангэрэл нь Б.Бүрэнбаатартай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 17 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан. Талууд өмнө нь бие биедээ мөнгө өгч авч, зээлийн гэрээгээ дуусгавар болгон харилцан тооцоо нийлж байсан байдаг. Б.Бүрэнбаатар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээл авахдаа төсөл хэрэгжүүлнэ гэж авсан боловч энэ төсөл нь хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн зээлийн гэрэээг байгуулахдаа барьцаанд өгсөн гэх гурван газартаа ямар нэгэн барьцаалбар үйлдээгүй, зүгээр гэрчилгээг нь өгсөн. Газрыг нь барьцаанд тавья гэсэн мөртлөө ямар нэгэн барьцааны гэрээ байгуулаагүй. Ингээд гэрээний хугацаа дуусахад хүүгээ өгөөгүй, мөнгөө нэхэхээр өгөлгүй удсан. Иймд шүүхэд хандаж Б.Бүрэнбаатараас үндсэн зээл 17 000 000 төгрөг, 6 сарын хүү 8 330 000 төгрөг, алданги 12 665 000 төгрөг нийт 37 995 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл, зээлийн хүү, алданги 36 210 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгож, шинээр гэрээ байгуулсан тул зээлийн мөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх Б.Алтангэрэлээс 21 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж авахаар зээлсэн. Тэгээд 6 сарын хугацаатай зээлээд 30 000 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. Ингээд 6 сарын сүүлээр уг нь 15 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Гэхдээ би 2 000 000 төгрөгөө баталж чадахгүй байгаа учраас намайг 13 000 000 төгрөг өгсөн гэдэг. Б.Алтангэрэл надад хоёулаа албажуулаад авчихъя гээд 30 000 000 төгрөгөөсөө үлдэгдэл 17 000 000 төгрөг дээр гэрээ хийсэн болохоос мөнгийг бэлнээр хүлээж аваагүй. Энэ бол өмнөх гэрээний үлдэгдэл. Хавар газраа зараад 2-3 сая төгрөгийг өгье гэхэд Б.Алтангэрэл өөрөө зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уулзая гэхээр уулздаггүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  заасныг баримтлан хариуцагч Б.Бүрэнбаатараас 36 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  

1. Гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж, эрх тэгш, шударгааар биелүүлэх гэрээний гол зорилго агуулгыг тохирч байгуулдаг бөгөөд Б.Алтангэрэл, Б.Бүрэнбаатар нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ тус тус байгуулсан. 2015 оны 01 дүгээр сард Б.Бүрэнбаатар зээлдүүлэгчээс 21 000 000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авч, зээлийн гэрээ байгуулж, уг 21 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан болохоо хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ 6 сарын хугацаатай байгуулагдаж гэрээний дагуу зээлийн хүү 9 000 000 төгрөг болж нийт 30 000 000 төгрөгөөс 13 000 000 төгрөгийг зээлдүүлэгчээс буцааж өгсөн. Үүнийг хариуцагч тал шүүх хуралдаанд мэдүүлж, тайлбартаа дурдсан байдаг. Б.Алтангэрэл, Б.Бүрэнбаатараас зээлийн гэрээний дагуу үлдэгдэл 17 000 000 төгрөгийг нэхэмжлэхэд үлдэгдэл мөнгийг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй учраас 2015 оны 5 дугаар сарын 29-нд дахин талууд хүсэл зоригоо илэрхийлж зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн байхад шүүх тус үйл баримтыг үнэлэхгүйгээр мөнгийг бэлнээр хүлээж аваагүй гэж нэг талыг барьж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулахад талууд мөнгөн дүн, хүү, хугацааг тохиролцож, зээлдүүлэгч өмнө бэлнээр хүлээн авсан /тоног төхөөрөмж худалдан авсан/ мөнгөнд хүү тооцон өгөх хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан атал шүүх мөнгийг шилжүүлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн Б.Алтангэрэл нь 21 000 000 төгрөгийг зээлдэгчид хүүтэй тохиролцон шилжүүлж өгсөн, тус мөнгөнөөс 13 000 000 төгрөгийг буцаан авч, үлдэгдэл төгрөгийг хүлээн аваагүй бөгөөд түүнийгээ хуульд нийцүүлэн байгуулсан зээлийн гэрээг үндэслэн нэхэмжилсэн байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө нэхэмжилэх боломжгүй болгосон байна. Нэхэмжлэгч 21 000 000 төгрөгийг зээлдэгчид гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байхад шүүх "Шилжүүлээгүй" гэж хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

2. Шүүх хэрэгт авагдсан талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний доод талд зээлдэгч Б.Бүрэнбаатар 17 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт, мөнгөө эргүүлэн төлөх тухай зээлдэгчийн гарын үсэг зурж илэрхийлсэн 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн баримт, төлбөр барагдуулах тухай 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн баримт, төлбөр төлөх хуваарь, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан "...би хамгийн анх 21 000 000 төгрөгийг тоног төхөөрөмж худалдан авахаар зээлсэн..." гэх тайлбар, дараа нь зээлийн гэрээ дахин байгуулан гарын үсэг зурсан гэсэн тайлбар зэрэг баримтуудаар зээлдэгч мөнгөн дүнг хүлээн авч гэрээгээр үүрэг хүлээсэн болохоо зөвшөөрч гарын үсэг зурсан нь нотлогддог. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тус нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр "гэрээ байгуулахаар хамаарахаар боловч" гэж тодорхойгүй тайлбарласан, "2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ"-г байгуулагдаагүй гэж үзсэн байна. Шийдвэрт "зээлдэгч 17 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй талаар маргахгүй байна.." гэж үндэслэлгүй тайлбарлажээ. Шүүх хуралдаанд би 17 000 000 төгрөгийг "шилжүүлж өгсөн гэдгээр маргасан бөгөөд", тухайн мөнгийг Б.Бүрэнбаатарт бэлэн шилжүүлж өгсөн 21 000 000 төгрөгийн үлдэгдэл, түүнд шилжүүлж өгсөн гэж гэж тайлбарлан маргасан. Гэтэл шүүх "маргахгүй байна" худал тайлбарлан шийдвэртээ дурдсан байна. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

          Нэхэмжлэгч Б.Алтангэрэл хариуцагч Б.Бүрэнбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36 210 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 17 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон гэх зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна.

Уг зээлийн гэрээгээр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 17 000 000 төгрөг зээлсэн гэх боловч зээлдэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлээгүй тул уг үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, байгуулагдаагүй гэрээний үүрэг шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин талууд өмнөх 21 000 000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээг нэгтгэн дүгнэж, тооцоо нийлсэн буюу талуудын хоорондын зээлийн харилцааг дүгнэсэн агуулга бүхий хэлцэл байгуулагдсан байх ба уг хэлцлийн хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

Дээрх 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй боловч талууд энэ талаар маргаагүй тул энэ гэрээг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нөхөн байгуулсан үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдэл болох 17 000 000 төгрөг дээр нөхөж зээлийн гэрээ байгуулсныг хариуцагч зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 17 000 000 төгрөгт холбогдох зээлийн үүрэг буюу зээлийн үлдэгдэлийн талаар маргаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт 17 000 000 төгрөгийг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/01571 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бүрэнбаатараас 17 000 000 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 210 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бүрэнбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 242 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтангэрэлд олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Алтангэрэлээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 925 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА