Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч В.Батдэлгэр,

хохирогч Х.А түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д-ийн Д.О-т холбогдох эрүүгийн 2105025590086 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо “***************” худалдааны төвийн 3 давхарт байрлах цайны газарт “Хүргэн ахтай муудалцаж, зодолдсон” гэх шалтгаанаар тогооч Х.А-ыг нүдэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн төлбөр болон ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардал зэргийг шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Х.А-ын:

“...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, “***********” худалдааны төвийн 3 давхарт байрлах Х-ын цайны газарт ажиллаж байсан чинь манай захирал Х хажуу талын цайны газрын залуутай муудалцаад, коридорт зодолдож дуусчхаад Х цайны газрын зааланд ороод ирчихсэн байсан. Тэр үед би зааланд гарч ирээд ширээн дээр хоол өгөөд зогсож байсан чинь гаднаас хажуу цайны газрын зөөгч О гэх эмэгтэй орж ирээд Х-ыг өшиглөөд дараа нь миний зүүн талын нүд рүү өшиглөсөн. Тэгээд би зохион байгуулагчийн хамт намайг өшиглөсөн хүүхэн дээр очсон чинь тоохгүй, би өшиглөөгүй гээд байсан. Тэгээд би такси бариад эмнэлэг рүү оёдол тавиулахаар явсан. ...миний зүүн нүдний доод зовхи сэтэрч оёдол тавиулсан ба тархи доргиж хаван үүссэн, бас хамар бага зэрэг муруйсан. Уг гэмтлийг манай цайны газрын хажуу талын цайны газрын О гэх эмэгтэй учруулсан. Тэр үйлдлийг манай гал тогооны тогооч нар бүгд харсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-9 дэх тал/

2. Гэрч Д.У-ийн:

“...О гэх эмэгтэй “та нарыг ална шүү" гэж орилж байгаад хоёр эгчийнхээ мөрөн дээр гараараа дараад дээшээ өшиглөсөн чинь манай нөхөр Х-ын толгой дээгүүр хөл нь гарсан. Тэгээд буугаад ахиад өшиглөсөн чинь манай тогооч эгч Амаржаргалын зүүн нүд хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд О нь хоёр эгч болон Ц-ын хамт гараад явчихсан. Тэгээд манай тогооч эгч А-ын нүднээс цус гараад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Манай тогооч А эгч солонгос хоолны тогооч байгаа юм. Солонгос хоол нь их гоё амттай гардаг учраас зориуд О гэх эмэгтэй өшиглөсөн гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 17-19 дэх тал/

3. Гэрч Б. Н-н:

“...Тэгээд байж байтал захирал Х хоолны заал руу ороод ирчихсэн байсан чинь араас нь нөгөө цайны газрын охин орж ирээд А эгчийг өшиглөчихсөн ба А эгч доошоо суугаад босож ирэхэд нүднээс нь цус гарч байсан. Тэгээд А эгч гал тогоо руу орж ирсэн. Бид нар цусыг нь тогтоох гээд оролдсон ба дахиж заал руу гараагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21 дэх тал/,

4. Гэрч Т.Х-ын:

“...О гэх эмэгтэй хоёр эгчийнхээ мөрөн дээр дараад голоор нь өшиглөөд ороод ирсэн ба хөл нь миний толгой дээгүүр гараад явсан. Тэгээд дахиад өшиглөхдөө манай тогооч эгч А-ын зүүн нүд рүү өшиглөсөн. Тэгсэн чинь манай тогооч эгчийн нүднээс цус гоожиж байсан ба нөгөө хэд гараад явсан. Тэгээд тогоочийг эмнэлэг рүү явж үзүүлсэн. Тэгээд би ажлаа дуусаад гэмтлийн эмнэлэг дээр очиход тогооч А нүдэндээ оёдол тавиулаад байж байсан. ...Манай цайны газарт хүмүүс их үйлчлүүлдэг болохоор ажил цалгардуулах гэж нүд рүү нь өшиглөсөн гэж бодож байна. Тухайн үеийн хэрүүл маргаан хүртэл манай цайны газарт хүмүүс их үйлчлүүлж байна гэж хэлж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

5. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн №11929 дугаартай:

“...Х.А-ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

6. Хохирогч Х.А-ын хэрэг болохоос өмнөх үеийн болон оёдол тавиулсан байдлын, мөн мэс ажилбарын дараах харьцуулсан зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

7. Хохирогч Х.А болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд,

8. Шүүгдэгч Д.О болон түүний өмгөөлөгч нараас гаргасан өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.О нь хохирогч Х.А-ын нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Оын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.О нь:

2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо “**********” худалдааны төвийн 3 давхарт байрлах цайны газарт “Хүргэн ахтай муудалцаж, зодолдсон” гэх шалтгаанаар тогооч Х.А-ыг нүдэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед “тархи доргилт, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, фото зураг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.О нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.О нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт:

- эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 767.000 төгрөг,

- цалин хөлстэй холбоотой 2.900.000 төгрөг,

- өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг,

- бинзен, шатахуун 461.000 төгрөг, нийт 4.628.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 468.200. төгрөг, бинзен, шатахууны 461.000 төгрөг, нийт 929.200 төгрөгийг шүүгдэгч Д.О-аас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хохирогч нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 500.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаас цалин хөлстэй холбоотой 2.900.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримт дутуу байх тул хэлэлцэхгүй орхиж, Х.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Д-ийн Д.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 929.200 /есөн зуун хорин есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.А-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.А-ын нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2.900.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ