Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01888

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01888

Улаанбаатар хот

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, УБ таун, …байрны ..тоотод оршин суух, эмэгтэй, 25 настай, Хатагин ургийн овогт Б овогтой Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг /цаашид “УБТЗ” ХНН гэх/-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оноос УБТЗ-ын Тээврийн үйлчилгээний төвд Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Ажиллах хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүүхэд төрүүлж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс амаржсаны болон хүүхэд асрах чөлөөгөө авч, улмаар энэхүү чөлөөгөө хөдөлмөрийн хуульд заасны дагуу сунгуулан 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ажилдаа эргэн өргөдлөө гарган орсон. Харин 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан болохыг мэдлээ. Миний бие энэ тушаалыг эс зөвшөөрч, хуулийн болоод бодит үндэслэл байхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлан, бага насны хүүхдээ асрах, тэжээн тэтгэх эх сурвалж болсон ажлаас маань халж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” зэрэг тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцлахаар заасан бөгөөд аж ахуй нэгж байгууллага татан буугдсан, түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн зэрэг 4 нөхцлийг заасан бөгөөд энэхүү 4 нөхцлөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д гагцхүү аж ахуй нэгж байгууллага татан буугдсан тохиолдолд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачлан цуцлах талаар зохицуулсан байна. Харин бодит байдал дээр УБТЗ нийгэмлэгийн салбар нэгж татан буугдсан үйл явдал болсон. Иймд “УБТЗ” ХНН-ийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-114 дугаар тушаал нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болж, эмэгтэй хүний хөдөлмөрлөхтэй холбогдуулан хуулиар тогтоосон эрхийг ноцтойгоор зөрчжээ. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд дундаж цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-114 тоот тушаал нь Б.Бын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэдэг боловч энэ нь мөн хуулийн 100.1-д заасныг зөрчиж гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “УБТЗ” ХНН нь Тээврийн үйлчилгээний төвийг татан буулгаж, ажилчдыг нь Тээвэр зохион байгуулалтын албанд нэгтгэсэн. Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хуулиар хориглосон байхад үүнийг зөрчиж, тухайн албанд шинэчлэн зохион байгуулалтыг хийсэн байна. Иймд Б.Быг хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн ажлыг хийх боломжтой, шинэ албанд цомхтголд оруулахгүйгээр ажиллуулах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдэж, хэлэлцээ хийнэ гэж заадаг бөгөөд хариуцагч байгууллага салбар нэгж татан буугдсан тухай тайлбарлаж байгаа боловч энэ тухай ажилтнуудын төлөөлөгчид 45 хоногийн өмнө мэдэгдээгүй, хуулиар заасан журам зөрчсөн байна. Шинээр байгуулагдсан алба нь УБТЗ-ын нэг салбар бөгөөд энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар “аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. Тээврийн үйлчилгээний төв нь хуулийн этгээд биш бөгөөд энэ төв татан буугдаад, тээвэр зохион байгуулалтын алба болгож өөрчилсөн гэдэг боловч тээврийн үйлчилгээний үндсэн зарчмыг тодорхойлсон, ийм зүйлээр өөр болсон гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг. Иймд Тээврийн үйлчилгээний төвд ажиллаж байсан ажилтнуудыг Тээвэр зохион байгуулалтын албанд ажиллуулахдаа ажил олгогч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, ажилтнуудыг хохироож болохгүй. Хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Б.Бын албан тушаалын тодорхойлолтод тээвэр зохион байгуулалтын албанд хийх ёстой ажлууд буюу судалгаа, шинжилгээ, дүгнэлт хийх ажлыг огт хийлгэх шаардлагагүй гэж үзээд, үүнийг нотлох холбогдох баримтыг гаргахгүй байгааг эсэргүүцэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг Монгол улсын Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 55 тоот тушаалын 6 дугаар хэсэгт “хэрэв ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлох хугацаанд хүндэтгэн үзэн шалтгаанаар бүрэн ажиллаагүй, эсхүл ажилласан хугацаа дундаж цалин авах хугацаанд хүрэхгүй бол ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж 1 өдрийн цалинг гаргана гэж заасан. Хариуцагчийн гаргасан цалин хөлсийг тодорхойлсон баримтууд дээр ажилласан өдрүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Ажил олгогчоос олгосон тэтгэмжийг цалин хөлсөнд оруулаагүй цалингаа нэхэмжилж байгаа.

Анх байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Хөрш орнуудын асуудал хариуцсан ажлын байранд тавигдах шаардлагад “тээврийн зохион байгуулалтын ажилд дээд боловсролтой байхыг шаардлага хангана” гэж үзээд Б.Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр Б.Быг ийм ажил эрхлэн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж үзэж байгаа хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангаад энэ ажлыг тодорхой хугацаанд гүйцэтгэж, ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б нь УБТЗ-ын даргын 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-1-202 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” тушаалаар Тээврийн үйлчилгээний төвийн шинэ бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан тус төвд Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерээр анх томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б.Б нь орос-англи хэлний орчуулагч мэргэжилтэй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч, үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа эргэн орсон байна. Энэ хугацаанд санхүү эдийн засгийн хямралтай холбоотойгоор байгууллагын алдагдлыг бууруулахын тулд ажилтнуудын өдөр тутмын ажлын ачаалал, чиг үүрэг, орон тооны давхардлыг арилгах замаар эдийн засгийн хэмнэлт хийх зорилгоор бие даасан байгууллага, салбар нэгж, алба хэлтсийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, үр ашиггүй, чиг үүрэг нь давхардсан зарим ажлын байрыг хасах зэргээр байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажлуудыг хийж байна.

Үүнтэй уялдан Замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот “Зохион байгуулалтын бүтцийг өөрчлөх тухай” тушаалын 2 дахь заалтаар Тээврийн үйлчилгээний төвийг татан буулгаж, шинээр бие даасан балансгүйгээр Тээвэр зохион байгуулалтын албыг байгуулсан. А-71 тоот тушаалын дагуу Замын даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А-94 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болох тухай” тушаалаар Тээвэр зохион байгуулалтын албаны бүтцийг баталсан. Замын даргын Б-1-114 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Түүнчлэн, УБТЗ-ын Хүний нөөцийн албаны 2017 оны 5 дугаар сарын 24-ний 90/198 тоот албан бичгээр Б.Б нь төмөр замын үндсэн мэргэжлийн бус ажилтан тул ажлаар хангах боломжгүй байгаа талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага болох Тээврийн үйлчилгээний төв татан буугдсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн мэргэжлийн дагуу буюу орос-англи хэлний орчуулагчийн орон тоо байхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Тээврийн үйлчилгээний төв нь анх Б.Быг ажилд авахад 19 ажилтныг авсан тухай тушаалд заасан байдаг. Үүнээс Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалд 2 орон тоо байсан байна. Сүүлд томилсон тушаалаар 55 албан тушаалын орон тоо байгаа бөгөөд бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөн болох нь тушаалаар нотлогдож байна. Сүүлийн 3 сард Б.Б гүйцэт ажиллаагүй тул дундаж цалин хөлст тооцох ёсгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Быг ажил үүрэг, ур чадвартаа тэнцэхгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Орос-англи хэлний орчуулагч мэргэжилтэй хүний албан тушаал шинээр байгуулагдсан албанд байхгүй тул ажлын байраар хангах боломжгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь заалтыг зөрчиж, 45 хоногийн өмнө ажилчдын төлөөлөлд мэдэгдэх ёстой гэх тайлбар бусад тайлбартайгаа зөрчилдөж байна гэж үзэж байна. Мөн ажилтнуудыг томилсон тушаалаас харахад 59 хүнээс 55-57 хүнийг ажилд авсан гэдэг нь ажилтнуудыг бөөнөөр халсан гэдэгт хамаарахгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “УБТЗ” ХНН-т холбогдуулан, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн нийгэмлэгийн даргын Б-1-114 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин, олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “УБТЗ” ХНН нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрон, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Тээврийн үйлчилгээний төв нь татан буугдаж, шинээр Тээвэр зохион байгуулалтын албыг балансгүйгээр байгуулсан бөгөөд шинээр байгуулагдсан албанд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Хөрш орнуудын асуудал хариуцсан инженер” гэх орон тоо нь Замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот тушаалаар хасагдсан, мөн тус нийгэмлэгт нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжлийн буюу орос-англи хэлний орчуулагчийн ажил албан тушаал байхгүй тул Б.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс “УБТЗ” ХНН-ийн Тээврийн үйлчилгээний төвд Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерээр томилогдон ажиллаж, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа эргэн орж, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж  байсан байна.

Харин 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-114 дугаар “УБТЗ” ХНН-ийн даргын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1,  “УБТЗ” ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, “з” заалтууд, “УБТЗ” ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.14 дэх заалт, УБТЗ-ын даргын 2017 оны А-71 тоот тушаалыг тус тус үндэслэн Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг Тээврийн үйлчилгээний төвийн хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалаас чөлөөлжээ. /хх 4/

Хариуцагч “УБТЗ” ХНН нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт “... санхүү эдийн засгийн хямралтай холбоотойгоор байгууллагын алдагдлыг бууруулахын тулд ажилтнуудын өдөр тутмын ажлын ачаалал, чиг үүрэг, орон тооны давхардлыг арилгах замаар эдийн засгийн хэмнэлт хийх зорилгоор бие даасан байгууллага, салбар нэгж, алба хэлтсийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, үр ашиггүй, чиг үүрэг нь давхардсан зарим ажлын байрыг хасах зэргээр байгууллагын бүтэц зохион байгуулалт хийх...” гэж тайлбарласнаар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А-71 тоот “УБТЗ” ХНН-ийн даргын тушаалаар нэхэмжлэгч Б.Бын харъяалан ажиллаж байсан “Тээврийн үйлчилгээний төв” болон “Тээвэрлэлт удирдлагын төв”, мөн Зорчигч үйлчилгээний төвийг тус тус татан буулгаж, шинээр “Тээвэр зохион байгуулалтын алба”, “Зорчигч тээврийн албыг балансгүйгээр байгуулсан байна. /хх 28/

Ажил олгогч нь дээрх тушаалаар зарим салбар нэгж, алба хэлтсийг татан буулгахдаа “УБТЗ” ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а” заалт, тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2009 оны 4 дүгээр протоколын 10.6 дахь заалтыг тус тус үндэслэн, мөн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот протоколын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргаж, улмаар уг тушаалын дагуу 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “УБТЗ” ХНН-ийн даргын А-94 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар шинээр байгуулагдсан “Тээвэр зохион байгуулалтын алба”-ны бүтцийг баталж, батлагдсан албан тушаалуудаас нэхэмжлэгч Б.Бын хашиж байсан Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн орон тоо хасагджээ. /хх 30/

Дээрх тушаалын дагуу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Бд “Мэдэгдэх хуудас” хүлээлгэн өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болгох болсныг мэдэгдэж, хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 2,609,302 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон байна. /хх 3 /

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч Б.Б гомдлоо 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч “УБТЗ” ХНН-ийг “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэж, нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, тодруулбал, Б.Б нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эх бөгөөд түүний ажиллаж байсан “Тээврийн үйлчилгээний төв” нь бие даасан аж ахуйн нэгж, хуулийн этгээд биш бөгөөд “УБТЗ” ХНН-ийн нэг салбар учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Б.Быг ажлаас чөлөөлөхийг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн, хууль бус тушаал гарсан гэж тайлбарлана.

Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага болох “Тээврийн үйлчилгээний төв” татан буугдсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн мэргэжлийн дагуу буюу орос-англи хэлний орчуулагчийн орон тоо “УБТЗ” ХНН-д байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү А.Амартүвшинг төрүүлж, Тээврийн үйлчилгээний төвийн Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн ажилд 2017 оны 2 дугаар сард эргэн орсон болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч байгууллагыг хуулийн дээрх заалтыг зөрчиж Б.Быг ажлаас нь халсан гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар “... салбар нэгж татан буугдсан” учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халах эрхгүй.

“Аж ахуйн нэгж байгууллага татан буугдах” гэдэг нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр татан буугдахыг ойлгох бөгөөд “хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хэлнэ.

Хэдийгээр ажил олгогчийн гаргасан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг нарийвчлан дурдаагүй боловч 2017 оны А-71 тоот тушаалыг үндэслэл болгосон учир аж ахуйн нэгж байгууллагын салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогч нь Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй гэж дүгнээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу “аж ахуйн нэгж байгууллага” татан буугдаагүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч Б.Быг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж, түүнийг Тээврийн үйлчилгээний төвийн Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зөв гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Тээврийн үйлчилгээний төвийн Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалын орон тоо А-71 тоот тушаалаар цомхтгогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд томилон ажиллуулахыг ажил олгогч “УБТЗ” ХНН-т даалгах нь зүйтэй.

Хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэгчийг орос-англи хэлний орчуулагч мэргэжилтэй учир түүний мэргэжилд тохирох ажил байхгүй гэж тайлбарлах боловч, түүний алба хашиж байсан Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн орон тооны ажлын байрны тодорхойлолтод зааснаар Б.Б нь Тээврийн удирдлага, тээвэр зохион байгуулалтын дээд боловсролтой, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх зэрэг ажлын байранд тавигдах шаардлага бүхий ажлыг хийж байсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг “УБТЗ” ХНН-д ажиллахад тохирох ажил байхгүй гэж тайлбарлах боловч түүнийгээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд нийт 6,828,543 төгрөгийг, үүнээс нэхэмжлэгчид 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчоос ажилгүйдлийн тэтгэмжид олгосон 2,609,302 төгрөгийг хасч, үлдэх 4,219,241 төгрөгийг хариуцагч “УБТЗ” ХНН-ээс гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Цалин олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаар: “... хэрэв ажилтан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүндэтгэх шалтгаанаар бүрэн ажиллаагүй ... тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтан жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж 1 өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заасны дагуу тооцон, Б.Бын хүүхэд асрах амралтаа дуусган ажилд орсон 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажлаас чөлөөлөгдсөн 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд авсан нийт цалин болох 3,287,838 төгрөгийг түүний нийт ажилласан 39 хоногт хувааж, нэг өдрийн дундаж цалин 84,303 төгрөг байхаар тооцож гаргасан болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир Б.Бын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, энэ тухай ажилтны дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Быг “УБТЗ” ХНН-ийн Тээврийн үйлчилгээний Хөрш орнуудын асуудал хариуцсан инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,219,241 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.  

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч “УБТЗ” ХНН-ээс улсын тэмдэгтийн хураамжид 82,458 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.САРАНТУЯА