Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02070

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02070

Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, 22-р хороолол, 11-р байрны 40 тоотод оршин суух, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны харуулын ахлах ажилтай, Цагаагчин овогтой Цээпилын Баяраагийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, өөрийн байр, Монгол-Оросын  хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Баяраа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам /үнэмлэх 0776/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, гэрч Д.Гантөмөр, З.Батчулуун, Д.Гансүх, Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                                                                                     

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ц.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би УБТЗ нийгэмлэгийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын тушаалаар 2016 оны 09-р сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн цэрэгжүүлэх хамгаалах салааны даргаар ажилласан. Би уг ажлыг хийж гүйцэтгэж байхдаа ажил үүргийн хувьд ямар нэг зөрчил гаргаагүй. Гэтэл 2017 оны 04-р сарын 04-ний өдөр шинээр томилогдсон Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дарга Б.Давхарбаяр нь 58 тоот тушаал гаргаж намайг салаан даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.6 дахь заалт, Ёс зүйн дүрмийн 4.11 дэх заалт, Албаны удирдлагын зөвлөлийн 2017 оны 4-р сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэл болгож өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, галын байцаагчийн шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн, ёс зүйгүй гэсэн үндэслэлээр Ерөө гүүрийн харуулын ахлахаар томилсон. Энэ нь үндэслэлгүй бөгөөд уг тушаалыг зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй, өгсөн үүрэг даалгаварыг сайн биелүүлдэг, зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм. Иймд Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэгийн салбар нэгж болох Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг  Ерөө гүүрийн харуулын ахлах Ц.Баяраа нь өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Ц.Баяраа нь 2016 онд Ардчилсан намын шахалтаар Дархан цэрэгжүүлэх салааны дарга байсан н.Батчулууны хийж байсан ажлыг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож ажилласан. Ингэснээр н.Батчулуунийг ажлаас нь халуулж, Сэлэнгэ аймгийн ахлахаар томилуулсан. Энэ хүний ажил мэргэжил нь өөрөө цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албан үүрэг гүйцэтгэх боломжгүй. Ц.Баяраатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.6-д “ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, байгууллагын эрх ашиг, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана” гэж заасан бөгөөд цэргийн хүн тушаал өгсөн газар ажилла гэсэн зарчмаар хандсан. Нэхэмжлэгч нь өөр ажилд буруу шилжүүлсэн гэж гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлд ажлаас үндэслэлгүйгээр халсан буюу, өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлоор хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүсгэнэ гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн хуульд өөрт нь хөдөлмөрийн гэрээг ямар байдлаар өөрчилж, цуцалж өөр газар шилжүүлэх тухай зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бол Иргэний эрх зүйн харилцааны гэрээний эрх зүйн харилцааны нэг төрөл. Хөдөлмөрийн гэрээний энэ тохиролцоог удирдлага болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх заалтыг баримтлаад Ц.Баярааг Дархан хот дахь Ерөө гүүрийн харуулын ахлах болгосон. Монгол улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрмийн 3, 8, 9-д зааснаар Хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, албаны даргыг төмөр замын байгууллагын дарга томилж, чөлөөлнө, хамгаалалтын алба нь анги салбаруудтай байна дагуу тушаал гаргасан. Нэхэмжлэгч нь цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны хувьд тушаал шийдвэрийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх тушаалаар түүний ажлын байрыг өөрчилсөн. Ц.Баяраа нь ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрийн удирдлага дор ажиллаж байгаа хүмүүстэй ёс зүйтэй харьцах ёстой. Түүний ажлыг нь шалгахад галын хорны даралт унасан байсан бөгөөд энэ нь галын хор ажиллагаагүй байна гэсэн үг. Онцгой байдлын хуульд заасан галын хорыг хэрэглэх, гал унтраах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүргийг биелүүлж чадахгүй гэж дүгнэсэн. Мөн ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж, ажилтан, өөрийн салааны албан хаагчдыг дарамталдаг, шөнө оройн цагаар утсаар ярьдаг, албан үүрэг гүйцэтгэх боломжгүй болгодог, хамт ажиллах нөхцөлгүй болгож, сэтгэл зүйн дарамтанд оруулж байна гэж гомдол ирсэн. Тийм учраас 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Цэрэгжүүлсэн хамгаалах албаны удирдах зөвлөл хуралдаад ёс зүйгүй үйлдэл гарсан, галын албаны шалгалтаар ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй, удирдах ажлтны ёс зүйгүй, өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэдгээр ажлын байрыг солисон. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөртэй нь байгуусан гэрээний иргэний эрх зүйн заалтыг л удирдлага болгосон. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, энэ гэрээний заалт нь хүний эрх ашгийг зөрчиж байна гэсэн гомдлыг шүүхэд гаргаагүй учраас хөдөлмөрийн гэрээгээ хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Баяраа нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх Ц.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Ц.Баяраа нь Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2016 оны 09-р сарын 21-ний өдрийн 228 тоот тушаалаар Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргаар томилогдон ажиллаж байгаад тус албаны даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 58 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож,  ажилд томилох тухай” тушаалаар салааны даргын албан тушаалаас чөлөөлж, харуулын ахлахаар /хх 5, 40/ томилогджээ.    

 

Нэхэмжлэгч өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо 2017 оны 05-р сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Ажил олгогч нь Ц.Баярааг салааны даргаар ажиллуулж байсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, харуулын ахлахаар томилсон тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1, 5.6 дахь заалт, Ёс зүйн дүрмийн 4.11 дэх заалт, Албаны удирдлагын зөвлөлийн 2017 оны 04-р сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн “удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь удаа дараа биелүүлдэггүй, албаны дарга, галын ахлах байцаагч нарын эргүүл шалгалтаар хангалтгүй шалгагдсан, удирдах ажилтны ёс зүйгүй байдал гаргасан” зөрчлөөр өөр ажилд шилжүүлсэн байна.

 

Ц.Баярааг салааны даргаар ажиллаж байхдаа ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, удирдлагаас тодорхой үүрэг даалгаварыг цаг хугацаа тогтоож гүйцэтгэхийг даалгасан үйл баримт хэрэгт авагдаагүйгээс гадна  инженер Б.Наранбатын 2017 оны 03-р сарын 20-ны өдрийн Илтгэх хуудас /хх 58, 100/ нь хэнд хаяглагдсан нь тодорхойгүй, тайлан мэдээг буруу гаргадаг, хугацаандаа гаргадаггүй, үүрэг даалгаварын биелэлт удаан, асуудлыг шийдэж чаддаггүй, ажилтнуудын дунд хэрүүл маргаан үүсгэдэг, зохион байгуулах ур чадвар муу, ажлаа төлөвлөж чаддаггүй гэсэн нь баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

 

Нөгөө талаас, Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны салааны ажлыг шалгасан 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн акт /хх 97/, өгсөн үүрэг даалгавар /хх 92/, 2017 оны 4-р сарын 3-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 59-60/ зэргээс үзвэл актаар “илэрсэн зөрчил дутгадлыг хэрхэн арилгах, хойшид авах арга хэмжээний талаар үүрэг даалгавар өгөх”-өөр тусгасан байх ба илрүүлсэн зөрчил дутагдалд  акт тогтоосон гэхээсээ илүү үүрэг даалгавар өгөх нөхцөл байдал үүсч, 24 төрлийн үүрэг даалгавар өгсөн гэх боловч ямар хугацаанд гүйцэтгэхийг даалгасан нь тодорхойгүй байна.

Эдгээр нөхцөл байдлууд болон 2017 оны 4-р сарын 3-нд хурлаар хэлэлцэж Ц.Баярааг албан тушаал бууруулж, гүүрийн харуулын ахлахаар томилохоор шийдвэрлэсэнээс дүгнэвэл   энэ шалгалт, даалгавар нь түүнийг эрхэлж байсан албан тушаалыг гүйцэтгүүлэхгүй байхад чиглэгдсэн гэх үндэслэл болжээ. 

 

Гэрч Д.Гантөмөрийн “...гүүрийн харуулын ажил чухал обьектод тооцогддог, салааны даргын оролцоотойгоор ажил хүлээцдэг, гэтэл 5 удаа ажил хүлээлцээгүй байсан, ...салааны даргын хийсэн тодорхой ажил байгаагүй, хяналт тавих ажлаа хийгээгүй..”, З.Батчулууны “...ажил авахад нилээд суларсан, сахилгын зөрчил ихтэй байсан”, гэрч Д.Гансүхийн “...архи үнэртүүлж ирж байсан, шаардлага тавихаар эсэргүүцдэг, ажил цалгардсан, хариуцлагагүй, аюулгүй байдал алдагдсан”, гэрч Б.Ариунболдын “...Баяраатай харьцаа зүгээр байсан, манай аав Батчулууныг Дарханд ирэх сургаар буруу ташаа ойлголцох болсон” гэсэн мэдүүлгүүд нь салааны даргын ажилтай нь холбоотой тодорхой үйл баримтад үндэслэгдээгүй,   харин түүний хувийн байдлын талаар мэдүүлсэн гэж дүгнэлээ.

 

            Дээрх нөхцөл байдлууд болон нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д заасан “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй....”, Хөдөлмөрийн гэрээний 5.1 дэх “ажилтан Ц.Баяраа нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан ажлаа чанартай бүрэн хийж гүйцэтгэнэ”, 5.6 дахь “ажил олгогчоос төмөр замын тээврийн үйл ажиллагааны онцлог, байгууллагын эрх ашиг, ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ажилтны ажлын байрыг өөрчилсөн, шилжүүлэн томилсон шийдвэрийг биелүүлж, ажил албандаа хүндэтгэлтэй хандана”, Ёс зүйн дүрмийн 4.11 дэх “Ажлын байранд ажил хэрэгч уур амьсгалыг бүрдүүлж, хамтран ажиллаж байгаа нөхөддөө хүндэтгэлтэй хандана” гэсэн заалтуудтай /хх 49-51/ нийцээгүй гэж дүгнэлээ.

 

Хэргийн 41-47 дахь талд авагдсан Албаны хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн талаар маргаагүй,  2017 оны 05-р сарын 24-нд гаргасан Д.Гансүхийн хүсэлт /хх 61/, 2017 оны 06-р сарын 14-ний өдрийн З.Батчулууны гаргасан гомдол /хх 62-64/, 2017 оны 3-р сарын 22-ны өдрийн З.Батчулууны “...өөрийгөө Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргаар томилж, шинээр ажилд орсон хүнээ Сэлэнгэд томилж өгөхийг хүссэн” өргөдөл /хх 87/, Б.Ариунболдын утасны ярианы жагсаалт /хх 88-89/, 2017 оны 4-р сарын 5-ны өдрийн Д.Гансүхийн тодорхойлолт /хх 90/, 2017 оны 4-р сарын 5-ны өдрийн Б.Ариунболдын тодорхойлолт /хх 91/, З.Батчулуун тодорхойлолт /хх 93, гарын үсэггүй/, 2016-12-15-ны өдрийн, 2017 оны 3-р сарын 21-ний өдрийн, 2017 оны 3-р сарын 7-ны өдрийн  З.Батчулууны ...Дарханд ажиллуулж өгөхийг хүссэн өргөдөл / хх 95, 99, 101/, Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны 2016 оны 12-р сарын 23-ны өдрийн тодорхойлолт /хх 96/ зэрэг баримтууд нь маргааны зүйлтэй холбоогүй, шүүх хуралдааны шатанд гаргасан цагийн бүртгэлийн талаар талууд маргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 58 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож,  ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Цээпилийн Баярааг Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.  

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА