Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02072

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02072

Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

  Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хорооллол, 19/1 дүгээр байрны 19 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Өвөр булаг овогтой Майдарын Төмөрсүхийн хүсэлттэй үрчлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Төмөрсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1988 онд төрсөн, төрөөд ээж М.Агиймаагаар овоглож төрсний гэрчилгээ авсан. Ээж маань 1995 онд Б.Майдартай суугаад намайг үрчлүүлсэн бөгөөд хойд эцгээрээ овоглосон. Гэтэл хойд эцэг маань 2013 оны 4-р сарын 10-нд нас барсан. Би одоо төрсөн эцэг Д.Энх-Амгалангаар овоглох хүсэлтэй байгаа, өөрөө ч үр хүүхэдтэй болсон тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Төмөрсүх нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

М.Төмөрсүх нь 1988 оны 12-р сарын 18-ны төрж төрүүлсэн эх Агиймаагаар овоглосон байх ба 1995 оны 04-р сарын 19-ний өдөр Базаррагчаагийн Майдарт үрчлэгдэж, үрчилсний бүртгэлийн 8 дугаарт бүртгэгдэж  үрчилсний гэрчилгээ олгогдсон /хх 5, 6/  байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан “Ганц бие, бусдын асрамжинд байгаа, 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэснийг зөрчиж үрчлүүлсэн бол үрчлэлтийг хүчингүйд тооцохоор тогтоожээ.

 

М.Төмөрсүхийн хүсэлтэд үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдоогүй бөгөөд үрчилж авсан эцэг Б.Майдар нас барсан нь, түүнчлэн  өөрөө төрсөн эцэг Д.Энх-Амгалангаар овоглохыг хүссэн нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаар, үрчлэлтийг бүртгэсэн нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн  18 дугаар зүйлд зааснаар иргэн нь овог, эцгийн нэр, нэрээ 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрдөг бөгөөд энэ тохиолдолд М.Төмөрсүх нь эцгийн нэрээ өөрчлөх, энэ тухай өргөдлөө гаргах, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар Базаррагчаагийн Майдарт үрчлэгдсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн Майдарын Төмөрсүхийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

       3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА