Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/166

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Н.Ням-Очир,

Шүүгдэгч Б.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 01459 0239 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, , 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа япон улсаас тээврийн хэрэгслийн сэлбэг зарж засварын газар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 13-64 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч С.Аыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 09 цагаас 06-ны өдрийн 09 цагийн хооронд шөнийн зам тээврийн хяналт шалгалтын үүргийг ахлах дэслэгч Ариунболдын хамт 0103 УАН улсын дугаартай албаны Venuo маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрдээс урагшаа Гэсэр сүмийн уулзвар руу хар өнгийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Э нь шалгах үед Чи намайг шалгадаггүй юм гээд орилж цагдаагийн ахлах ахлагч С.Аын эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж, хүч хэрэглэн, толгойн тус газар нэг цохиж энгэрийн камерыг нь булаан авч, албаны хувцас болох хантааз, мөрдөс зэргийг урж салгах үедээ, мөн цагдаагийн дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнийг өмсөж явсан цамцаа тайлан ороолгох зэргээр ахлах ахлагч С.А, дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнэ нарын тавьсан хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч С.Аыг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 09 цагаас 06-ны өдрийн 09 цагийн хооронд шөнийн зам тээврийн хяналт шалгалтын үүргийг ахлах дэслэгч Ариунболдын хамт 01-03 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Баянбүрдээс урагшаа Гэсэр сүмийн уулзвар руу хар өнгийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг шалгах үед шүүгдэгч Б.Э нь “чи намайг шалгадаггүй юм гээд орилж цагдаагийн ахлах ахлагч С.Аын эсрэг хүч хэрэглэхээр занал хийлж, хүч хэрэглэн, толгойн тус газар нэг цохиж энгэрийн камерыг нь булаан авч, албаны хувцас болох хантааз, мөрдөс зэргийг урж салгах үедээ, мөн цагдаагийн дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнийг өмсөж явсан цамцаа тайлан ороолгох зэргээр ахлах ахлагч С.А, дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнэ нарын тавьсан хууль ёсны шаардлагыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Эгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүний тусгай хэрэгслийг эвдэж, хантааз, мөрдөсийг урсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн мэдүүлэг. /хх-51/

Хохирогч С.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-9/ “.. Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 09 цагаас 2021 оны 11 сарын 06-ны 09 цагийн хооронд шөнийн зам тээврийн хяналт шалгалтын үүргийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хийхээр хуваарь томилогдсон юм. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо гэсрийн уулзвараас хойш Баянбүрд чиглэлд 01-03 УАН улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй ахлах дэслэгч Ариунболдын хамт согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан иргэнийг М-Плаза төвийн үүднээс барьж тээврийн хэрэгслийг нь ачуулчихад тухайн иргэнийг гэр рүү явуулчихад өгсөж явтал Баянбүрдээс урагшаа Гэсэр сумын уулзвар руу хар өнгийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл хөгжмөө тултал нь чангалчихсан жолоочийн эсрэг талын хүн нь цонхоор толгойгоо гаргачихсан хойд талын 2 цонх нь нээлттэй хойно нь 2 эмэгтэй мөн орилчихсон явж байхаар нь согтуу тээврийн хэрэгсэл бариад явж байсан байж магадгүй гэж бодоод уг тээврийн хэрэгслийн араас нь дагаад чанга яригчаар зогсоорой гэж 3,4 удаа сануулж, маяакаа дуугаргатал зогсолгүй явсаар байгаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Аз моллын зүүн талд байрлах байрны мухарт зогсохоор нь би тээврийн хэрэгслээсээ бууж очоод жолоочийн бичиг баримтыг нь шалгахаар цагдаагийн албаны тухай хууль мөн цагдаагийн байгууллагын код журамд заасны дагуу түүнтэй ёсолж харьцтал жолооч нь дуудлагын жолооч байсан бөгөөд жолооны үнэмлэхээ биедээ авч яваагүй байсан. Тэгэхээр нь би жолоочид нь хандаж тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулаадах гэтэл жолоочийн хажуу талд сууж байсан машин. өмчлөгч бололтой иргэн машинаасаа бууж ирээд "Чи намайг шалгадаггүй юм гээд орилохоор" нь би түүн рүү тойроод очтол миний өөдөөс шууд салаавч гаргаад миний баруун шанаа руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би тухайн үед энгэрийн камераа асаачихсан байсан ба уг залуу намайг цохьчихоод миний энгэрийн камерыг шууд гараараа энгэрээс базаад авчихсан Тэгэхээр нь би камераа авах гээд түүний мөрнөөс нь татсан чинь надад өгөхгүй намайг чи муу ардын намын гөлөг байна шүү дээ, чамайг би маргааш ална өөрийгөө ажилгүй болсон гэж бодоорой гэх зэргээр орилоод байсан яг энэ үед эхнэр нь бололтой эмэгтэй гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд миний энгэрийн камерыг өгөхгүй болохоор нь би камераа авах гээд түүний мөрнөөс нь таттал тэр залуу газар өөрөө уначихсан. Ингээд байж байтал надтай нэмэгдлээр гарч байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Мөнх-Эрдэнэ нь зогсож байтал нөгөө залуу дээгүүрээ өмссөн байсан хар өнгийн цамцаа тайлаад уг цамцаараа нөгөө цагдаагийн нүүр рүү нь нэг удаа ороолгосон чинь надтай хамт гарч байсан офицер Ариунболд хүрж ирээд бид 2 нийлж байгаад гарыг нь өчөөд гавласан. Гарыг нь гавласны дараа мөн миний өмд рүү жийгээд тэр хавиар орилоод байхаар нь хэв журмын цагдаагийн алба хаагч дуудаад түүнийг саатуулахаар өгч явуулсан. Тэр залуу хэв журмын машин руу суухгүй хэв журмын 2 алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй машинд нь суухгүй хаалгыг нь өшиглөж байгаад арай гэж суусан юм. Энэ болсон бүх асуудлыг тухайн залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй гар утсан дээрээ бичиж авсан байгаа юм. Тухайн эрэгтэй нь миний хантаазыг урсан мөн миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон, хөл рүү араас нэг удаа жийсэн, миний цээж рүү нэг удаа өшиглөсөн мөн намайг хэл амаар доромжилсонд миний хувьд маш их гомдолтой байна. Уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тухайн залуу миний энгэрийн камерыг мөрнөөс тогтоох тогтоогчийг нь хугалчихсан мөн шүглийн оосрыг нь тасалчихсан шүгэл маань алга болчихсон, миний ногоон өнгийн хантааз урагдсан, хувцасны 2 мөрдөс урагдсан байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Чи мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-13/ “.. өгсөн Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цагаас 2021 оны11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагийн хооронд Тэс- 113 чиглэлд Чингэлтэй дүүргийн 5,6,9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн ахлах ахлагч Э.Төмөрбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдрийн 23 цагийн орчимд Тэс-10с станцаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Хөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн
албан хаагчид согтуу хүн агсам тавиад шаардлагыг нь биелүүлэхгүй танхайраад
байна та
2 нэмэгдлээр очоодох гэсний дагуу очиход 30 орчим насны эрэгтэй
согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн замын цагдаагийн албан хаагчийг хэл амаар
доромжилсон байдалтай уг цагдаагийн албан хаагчийн мөрдөс нь салчихсан,
хамгаалалтын ногоон хантааз нь доогуураа урагдчихсан байдалтай байсан. Мөн
хажууд нь 2 эмэгтэй согтуу орилоод гар утсаараа бичлэг хийж байсан, Тэгэхээр нь
нөгөө согтуу эрэгтэйтэй хуулийн хүрээнд харьцаж битгий орилж хашгараад бай
орон сууцны иргэд амарч байна гэж хэлтэл улам орилоод замын цагдаагийн албан
хаагч руу дайраад байхаар нь түүнийг гавлаад машиндаа суулгах гэсэн чинь
машинд суухгүй хаалга руу хөлөөрөө жийгээд орилоож байгаад арай гэж суухаар
нь Тэс 121-т хүлээлгэж өгч саатуулсан юм ..
” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Цэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-11/ “..Тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр найз Ганзоригийн грашийн засварын нээлтэд нөхрийнхөө хамт очсон. Уг газраас 23 цагийн дуудлагын жолооч дуудаж манай нөхрийн 6363 УБП улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр, мөн миний найз Оюунсувд нартай Оюунсувдыг гэрт нь хүргэхээр Баянбүрдийн тойргоос уруудаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Аз хүүхдийн их дэлгүүрийн ар талаар ороод Оюунсувдын байрны гадна иртэл хойноос замын цагдаагийн машин орж ирсэн юм. Тэгээд замын цагдаа нар хөгжмөө яасан чанга тавьдаг юм бэ гээд жолоочийн бичиг баримтыг шалгах гэтэл дуудлагын жолооч нь бичиг баримтгүй байх шиг байсан. Гэтэл замын цагдаа нар манай нөхрийг таны тээврийн хэрэгсэл юм бол та бичиг баримтаа шалгуулчих гэж хэлсэн чинь манай нөхөр би машин барьж яваагүй учраас яахаараа бичиг баримтаа шалгуулдаг юм бэ наад жолоочийн бичиг баримтыг шалгахгүй гэж хэлээд машинаас буутал нөгөө замын цагдаа нар манай нөхрийг бичиг баримтаа шалгуул гэж хэлээд очсон. Би тухайн үед машин дотор байсан болохоор гадаа юу болж байгааг сайн анзаараагүй манай нөхөр замын цагдаа нартай хэрэлдээд байх шиг байсан..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-18/ “..2021 оны 11 дүгээр сарын 05-06-ны шилжих шөнө Мал мах арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай хамт үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 23 цагийн орчимд Нисдэг машин худалдааны төвийн эсрэг талын замаар хойшоо Баянбүрдийн тойрог руу замын цагдаагийн 2 албан хаагчтай, албаны тээврийн хэрэгсэлтэй өгсөж явахад өөдөөс Тоёота Ланд 200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл уруудахдаа бүх цонхоо буулгачихсан, машины хөгжмөө тултал чангалчихсан цонхоор бид нар руу хараад дуу дуулаад орилсон. Тэгэхээр нь согтуу тээврийн хэрэгсэл барьчихсан явж байна гэж бодоод эргээд ард нь дуут дохиогоо дуугаргаад, чанга яригчаар машиныхан дугаарыг тээврийн хэрэгсэлтэй нь хэлж зогсох шаардлага тавихад зогсолгүй явсаар байгаад Тэнгис кино театрын ар талд байран дунд ороод зогссон. Тэгэхээр нь би цагдаагийн ахлах ахлагч
Адъяабазарын хамт очоод амрыг эрье бичиг баримтаа шалгуулна уу гэж хэлтэл уг
тээврийн хэрэгслийг дуудлагын жолооч барьж явсан ба уг жолооч нь жолооны
үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл барьж явсан тэгээд нөгөө дуудлагын жолоочтой
уулзаад байж байтал хажуу талд нь сууж байсан согтуу иргэн машинаас бууж ирээд замын цагдаагийн албан хаагч бид 2-г хэл амаар доромжлоод ахлах ахлагч Адъяабазарыг түлхээд түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж энгэрийн камерыг нь зулгааж авсан. Тэгэхээр нь би нөгөө согтуу залууг болиулах гэтэл цамцаа тайлаад цамцаараа миний нүүр рүү нэг удаа ороолгосон. Тэр үед нь тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 2 эмэгтэй гар утсаараа бичлэг хийгээд харин нөгөө согтуу залуу нь орилоод байсан. Тэгж байгаад хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчдыг дуудаж саатуулахаар өгч явуулсан. Тэр үед бас нөгөө согтуу жолооч хөдөлгөөнтийн машинд суухгүй гэж орилж байгаад арай гэж суугаад явсан. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би эмнэлгийн байгууллагад хандаагүй. Мөн миний албаны хувцас урагдаагүй. Замын цагдаагийн албан хаагч болох Адъяабазарын энгэрийн камер, шүгэл, хантааз нь эвдэрсэн байсан
..” гэсэн мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийн урагдсан гэх эд зүйлийн фото зураг /хх-21/, шүүгдэгч Б.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэнгэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч С.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР