Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0185/Э |
Дугаар | 2022/ШЦТ/206 |
Огноо | 2022-03-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч Д.Уянга,
Шүүгдэгч Д.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боролзгоно овогт Дагвадоржийн Маралмаад холбогдох эрүүгийн 2111015670142 дугаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, а ,2002 оны 09 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 40-Зв тоотод оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр байрны 44 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /;
Шүүгдэгч Д.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр байрны 3 дугаар орц 44 тоотод Ч.Халиуныг “орхиж явлаа” гэж маргалдан улмаар зодож биед нь дух, зүүн хацар, хамрын зүүн самалдаг, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, дунд хуруу, зүүн бугалга, тохойн хонхор, шуу, сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр байрны 3 дугаар орц 44 тоотод хохирогч Ч.Халиуныг “орхиж явлаа” гэж маргалдан улмаар зодож биед нь “дух, зүүн хацар, хамрын зүүн самалдаг, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, дунд хуруу, зүүн бугалга, тохойн хонхор, шуу, сарвуунд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Д.Мгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Д.Мгаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЧД-ийн 3-р хороо 1-р байрны 3-44 тоотод байх гэртээ байхад манай найз хамт амьдардаг Халиунаа найзуудтайгаа уулзана гээд 00 цагийн үед гэрээс гараад явсан юм. Тэгээд би гэртээ унтаж байхад Халиунаа гараад гадуур жоохон ууж сууя гэсэн. Тэгээд би гэрээс гараад бид хоёр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх пабд ууцгаасан юм. Тухайн үед Халиунаа намайг тооцоо төлчихөөрэй би буудлын мөнгө төлчихнө гэж хэлсэн юм. Тэгж байгаад өглөө 06 цагийн үед гарцгаасан ба тухайн үед би тооцооны мөнгийг төлөөд пабаас гараад “Намуун” нэртэй зочид буудал руу явсан юм. Тэгээд тэнд очиход Халиунаа байхгүй байсан юм. Тэгэхээр нь гэнэт миний уур хүрээд Халиунаа руу залгаад чи яахаараа буудлын мөнгө төлөхгүй явчихдаг юм вэ? гэсэн чинь Халиунаа надтай ямар нэг зүйл ярихгүй, намайг элдвээр хэлээд байсан юм. Тэгэхээр нь би уур хүрээд буудлаас гараад шууд гэртээ очсон юм. Тэгээд гэрлүү ороход Халиунаа хэвтэж байхаар нь би уур хүрээд Халиунааруу уурлаад юм ярисан чинь миний өөдөөс бас элдвээр хэлээд бид 2 хоорондоо маргалдсан ба би уур хүрээд Халиунаагийн үснээс зулгаагаад үсдээд дарсан чинь Халиунаа бас миний үснээс миний цээжрүү өшиглөсөн юм. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байж байтал манай найз нар болох Мөнххүслэн, Хонгорзул нар бид хоёрыг салгасан ба Халиунаа цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-44-45/,
Хохирогч Б.Хмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр байрны 3 дугаар орц 44 тоотод байх гэртээ байхад орой 23 цагийн үед найз Очко над руу залгаад найзуудаараа жоохон сууж ууя гэхээр нь “тэгий” гэсэн. Тэгээд би гэрээс явахдаа найз Маралаа руу утсаар ярьсан ба Маралаа уулзахаар болоод Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд уулзахаар болсон юм. Тэгээд тэндээ нарийг мэдэхгүй бааранд ...ууцгааж байгаад өглөө 06 цагийн үед гарцгаасан. Би гэр лүүгээ яваад бусад хүмүүс буудал явж амрахаар болцгоосон. Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр байрны 3 дугаар орц 44 тоотод байх гэртээ амрах гээд байтал Маралаа над руу залгаад чи намайг хаяад явчихсан байна гээд уурлаад ярихаар нь би утсаа салгаад унтсан юм..Тэгээд унтаж байсан чинь 07 цагийн үед Маралмаа гаднаас орж ирээд намайг үсдээд дараад нүүрнээс маажихаар нь би зөрүүлээд үсэдсэн. Миний толгойн хэсэгт гараараа 7-8 удаа цохиод, хоёр гараараа үсэдсэн, Надад эмчилгээтэй холбоотой зардал байхгүй, нүүрний сорви арилгуулах гээд лазер эмчилгээнд орох гэж байгаа уг баримтыг гаргуулж өгнө..” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Б.Мө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай найз Халиунаа 02 цагийн үед найзуудтайгаа уулзана гээд гараад явсан. ...Халиунаа ганцаараа ирсэн ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд унтах гэж байхдаа Маралаатай утсаар яриад хоорондоо маргалдаад байсан, Маралаа орж ирээд Халиунаатай хэрүүл хийгээд байсан. Халиунаа хэвтэж байгаад боссон чинь Маралаа үснээс нь зулгаагаад хоорондоо ноцолдоод эхэлсэн ба Халиунаа бас Маралаагийн үснээс зулгаагаад хоорондоо ноцолдоод байхаар нь Хонгорзул бид хоёр салгасан..” гэсэн мэдүүлэг /хх-17-18/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Ч.Халиуны биед дух, зүүн хацар, хамрын зүүн самалдаг, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, дунд хуруу, зүүн бугалга, тохойн хонхор, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнхэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гзмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Д.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-29/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Ха учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Ч.Халиуныг “орхиж явлаа” гэж маргалдан улмаар зодож үүний улмаас дух, зүүн хацар, хамрын зүүн самалдаг, хүзүү, баруун бугалга, шуу, сарвуу, дунд хуруу, зүүн бугалга, тохойн хонхор, шуу, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Мгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Мд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Ха нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР