Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1815

 

Б.Содонбаярын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01248 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Содонбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-д холбогдох        

27 827 799 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн “Мюзик холл продакшн” ХХК-тай тамхи мансуурлын эсрэг нэгдэцгээе төсөл дээр хамтран ажиллахаар тохирч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлсэн “Цахлай нисэх гэж төрдөг” телевизийн 40 ангит киноны ерөнхий продюссерээр ажилласан.

Кино зураг авалтын явцад болон хөдөө орон нутагт натурт явах хугацаандаа хөрөнгө оруулалт хийгдэж амжихгүй байсан учраас хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж, үйл ажиллагаагаа явуулж байхдаа Б.Байгалиас 6 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Киноны санхүүжилт хугацаандаа орж ирээгүй учир мөнгөө өгч чадаагүй. Б.Байгаль уг мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсанаар би шүүхийн шийдвэрийн дагуу түүнд 12 600 000 төгрөг төлөх болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа ажлын хөлс 10 000 000 төгрөг, хувцас хэрэглэлийн төлбөр 334 000 төгрөг, Соёл спорт аялал жуулчлалын яамнаас авсан хөрөнгө оруулалтын 15 хувь буюу 3 000 000 төгрөгийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, Б.Байгалиас авсан зээлтэй холбоотой шүүхийн шийдвэрээр төлөх 12 600 000 төгрөг, өмгөөллийн хөлс 520 000 төгрөг, тэтгэврийн зээл 3 373 799 төгрөг нийт 27 827 799 төгрөг гаргуулахаас миний бие цалин 10 000 000 төгрөг, Б.Байгальд төлөх 12 600 000 төгрөг нийт 22 600 000 төгрөгийг нэхэмжилж, үлдэх 5 227 799 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Содонбаярын тэмдэглэлийг нягталж үзвэл Замын-Үүд рүү киноны зураг авалтад зориулж 3 950 000 төгрөг явуулсан гэдэг. Гэвч н.Оюунцэцэг, н.Хонгорзул, н.Долгорсүрэн нараас хүүтэй зээлж авсан мөнгөө Замын-Үүд рүү явуулсан ба уг мөнгийг н.Байгалиас зээлсэн мөнгөөр төлсөн гэдэг. Н.Байгалиас зээлсэн мөнгөнөөс 1 340 000 төгрөгийг манайх хэрэглэсэн нь Б.Содонбаярын өгсөн баримтаар тогтоогдож байна. Б.Байгалиас авсан мөнгийг өөр бусад байдлаар кино зураг авалтын хөрөнгө оруулалтад зарцуулсан нь нотлогдохгүй. 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр н.Хонгорзулаас 10 хувийн хүүтэй 1 000 000 зээлсэн байдаг. Мөн н.Оюунцэцэгээс 2 000 000 төгрөг, н.Долгорсүрэнгээс 1 000 000 төгрөг зээлсэн. Дээрх 3 хүнээс зээлсэн 4 000 000 төгрөгийг Б.Байгалиас зээлсэн мөнгөөр төлсөн нь давхардсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин н.Оюунцэцэг, н.Хонгорзул, н.Долгорсүрэн нараас зээлсэн 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тэтгэврийн зээл авч дээрх мөнгийг төлсөн гэдэг. Иймээс 4 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Үүний дээр н.Байгалиас зээлсэн мөнгийг нэмж 5 840 000 төгрөг, цалингийн хувьд 6 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-иас 14 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Содонбаярт олгож, үлдэх 8 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Содонбаяр нь энэхүү нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227 950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-иас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт Б.Содонбаярт цалин хөлс 8 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Содонбаяр нь уг кинонд "Мюзик холл продакшн" ХХК-ийн ШШГЕГ, ТЕГ, ГЕГ-тай хамтран хийж байсан "Цахлай нисэх гэж төрдөг" телевизийн олон ангит кинонд ажиллахаар "Мюзик холл продакшн" ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр "Хөдөлмөрийн түр гэрээ" гэх гэрээг байгуулан "Кино продюссер"-ийн ажлыг "Киноны санхүүжилтийг бүрдүүлэх" үндсэн үүрэгтэйгээр, сарын 1 000 000 төгрөгийн цалинтай, 2 сарын хугацаатай байгуулсан болох нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан "Хөдөлмөрийн түр гэрээ" гэх баримтаар тогтоогдож байна гэж дурджээ. Б.Содонбаяртай байгуулсан "Хөдөлмөрийн түр гэрээ"-нд киноны санхүүжилтийг бүрдүүлэх үүрэгтэй, сарын 1 000 000 төгрөгийн цалин авах, кинонд оруулсан хандивын орлогоос 15 хувийн шагнал урамшуулал авах эрхтэй гэж заасан. Б.Содонбаяр нь кноны санхүүжилтийг бүрдүүлэх үүргийн дагуу киног эхлэхээс дуусах хүртэл хугацаанд продюссерийн албан тушаал хашиж, кино бүтээхэд шаардлагатай санхүүжилтээр хангах үүрэгтэй байсан боловч 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 4 дүгээр cap хүртэл ажиллаад, киноны зураг авалт 60 хувьтай, эвлүүлэг монтаж, хөгжим, дуу оруулалтын ажил огт эхлээгүй байхад үүргээ биелүүлэлгүй, хөдөлмөрийн гэрээгээ цуцлалгүй, огт хэл сураггүй киног хаяж явсан. Уг кино 2014 онд хийгдэж дуусаад мөн оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл "Эх орон" ТВ-ээр цацагдсан. Гэтэл Б.Содонбаяр 2013 оны 5 дугаар cap хүртэл хугацааны цалин нэхэмжилсэн нь киноны тал хүртэл ажилласныг гэрчилж байна. Мөн уг кино бүтээхэд 360 удаагийн зураг авсан байхад эдгээр зураг авалтын нэгэнд ч ирж оролцоогүйг хамт олон гэрчилнэ. Б.Содонбаяр киноны санхүүжилтийг бүрдүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй киног хаяж явснаас ид ажлын үед продюссергүй, санхүүжилтгүйгээс кино бүтээх явц зогссон, алдагдалд орсон. Б.Содонбаяр кинонд орж ирсэн санхүүжилт болгоноос продюссерийн албан тушаалаа ашиглан 18 000 000 төгрөг авсан байсан.

Б.Содонбаяр гэрээний үүргээ зөрчин ажил хаяж явчихаад 10 гаруй сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр ажлын хөлс, шагнал урамшууллын талаар ялгаж тайлбарласан ч хэт нэг талаас шийдэж, цалин хөлсөнд 8 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь гэрээний үндсэн үүргээ зөрчсөн, ажлаа хаяж явсан  хүнд гэрээгээр далимдуулан завших боломж өгсөнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Содонбаяр хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-иас хохиролд 12 600 000 төгрөг, цалин 10 000 000 төгрөг, зураг авалтад зарцуулсан 6 000 000 төгрөг,  тэтгэврийн зээл 3 373 799 төгрөг, өмгөөлөгчийн зардал 520 000 төгрөг, хувцас хэрэглэлийн үнэ 334 000 төгрөг, санхүүжилтийн урамшуулалд авсан 1 000 000 төгрөг нийт 27 827 799 төгрөгийг хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл, зээлийн хүү, алданги 12 600 000 төгрөг, цалин 10 000 000 төгрөг нийт 22 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

          Зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Кино продюсер”-ийн ажлыг киноны санхүүжилтийг бүрдүүлэх үндсэн үүрэгтэйгээр сарын 1 000 000 төгрөгөөр цалинжуулахаар 2 сарын хугацаатай “Хөдөлмөрийн түр гэрээ” нэртэй гэрээ байгуулагджээ.

         Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэг талаас ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө талаас ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн, гэрээний зүйл нь “Кино продюссер”-ийн ажил гэж тохиролцсоноос дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

          Зохигч талууд гэрээнд заасан болон тохиролцож авсан цалингийн талаар маргаагүй, харин 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш ажилласан хугацааны талаар маргаж, нэхэмжлэгч 2013 оны 7 дугаар сар хүртэл, хариуцагч мөн оны 5 дугаар сар хүртэл ажилласан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

        Иймд анхан шатны шүүх ажлын хөлсийг хариуцагчийн зөвшөөрч буй хугацаагаар тооцон, 2012 оны 5-12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны ажлын хөлсийг гэрээнд зааснаар сарын 1 000 000 төгрөгөөр, 2013 оны 1-5 дугаар сар хүртэлх хугацааны  хөлсийг талуудын тохироцсоноор сарын 500 000 төгрөгөөр тооцон нийт 9 000 000 төгрөгөөр тогтоож, хугацаандаа авсан 1 000 000 төгрөгийн хөлсийг хасч тооцон нийт 8 000 000 төгрөгийг ажлын хөлсөнд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

          Нэхэмжлэгч Б.Содонбаяр гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Байгалиас 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай  зээлийн гэрээ байгуулан авсан 6 000 000 төгрөгийг хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Цахлай нисэх гэж төрдөг” киноны зураг авалтанд зарцуулсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. Харин хүү, алданги төлөх үүрэггүй гэж маргасан байна.

         Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2828 дугаартай шийдвэрээр хариуцагч Б.Содонбаяраас үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү, алдангид 6 600 000 төгрөг нийт 12 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Байгальд олгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг нь санхүүжилт бүрдүүлэх бөгөөд уг санхүүжилтийг бусдаас зээл авах, зээл нь хүүтэй байх талаар ажиллуулагчаас зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр хүү, алдангийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/01248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мюзик холл продакшн” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА  

                                                          ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА