| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2018/0061/Э |
| Дугаар | 942 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 24.5.1., 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 942
Д.Э, С.Бнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Б.Хурц,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1479 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Э, С.Бнарт холбогдох 1703003750180 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Д.Э, 1968 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух,
2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 57 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: .................../;
Х овгийн С.Б, 1975 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................../;
Д.Э нь 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 гр, сүүл 440 гр, чив 395 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,
Ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 9 дүгээр сард худалдан авч, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хадгалсан,
С.Бнь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 гр, сүүл 440 гр, чив 395 грамм, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” 117 кг 145 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,
Д.Э, С.Бнар нь бүлэглэн дээрх түүхий эдийн зүйл болон ургамлыг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж, тээвэрлэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газар: Д.Э, С.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх шинжлэн судлаад, уг баримтын хэмжээнд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаажээ.
1. Д.Э, С.Бнарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээс дүгнэхэд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2." гэмт хэргийг хэн үйлдсэн", 1.3. "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр", 1.5." гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ", 1.6. "гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтооно" гэсэн заалтыг бүрэн шалгаагүй байна.
2. С.Б-ын вагонд нуусан эд зүйлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бусад этгээдийн талаар шалгаагүй байна.
Нийслэлийн прокурорын газрын прокурор 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Бату гэгч нь аль улсын, хэн гэдэг хүн болохыг эрэн сурвалжлах тухай 703 тоот даалгавар бичсэн атлаа уг даалгавар биелэгдээгүй байхад мөн өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу.
Мөрдөгчийн 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Д.Эын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд Бату гэх иргэн нь “Wechat”-аар 2017 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдөр Д.Э руу, Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 16, 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд Бату гэх иргэн рүү хандсан байх тул энэ талаар шалгах шаардлагатай.
3. Хохирогч Г.О нь гэмт хэргийн хохиролд 55.650.000 төгрөг нэхэмжилсэн. Яллах дүгнэлтийн хавсралтад Д.Эыг 26.400.000 төгрөгийн төлбөртэй, С.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэжээ. Яллагдагч нар ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 грамм, сүүл 440 грамм, чив 395 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, ховор ургамал болох "Дэрэвгэр жиргэрүү" ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалснаас учирсан хохирол, тэдний төлөх төлбөрийн талаарх тооцоог нарийн, ялгамжтай тогтоовол зохино.
4. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 тоот дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн бугын цусан эвэр, бугын сүүл, чив гэх зүйлүүд нь нэг төрөл зүйлийн 2 бодгаль амьтных болно гэжээ.
Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 кг 955 грамм халиун бугын цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив нь 2 бодгаль амьтных мөн болох нь ямар шинжээр тогтоогдож байгаа нь тодорхойгүй бөгөөд хэрэгт авагдсан зургаас дүгнэлт хийхэд дээрх эвэр, сүүл, чив зэрэг нь 2-оос дээш олон бодгаль амьтных байж болзошгүйд дүгнэлт хийж, шаардлагатай бол энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах.
Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Д.Э, С.Бнарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Э, С.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 117 кг 145 грамм “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамал, 2 кг 955 грамм бугын цусан эвэр, 440 грамм бугын сүүл, 395 грамм бугын чив зэрэг эд зүйлийг Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгааг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Э, С.Бнарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтын хүрээнд тэдгээрийн хувьд тогтоогдсон гэмт үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд дээрх зүйл хэсэгт заасан бусад гэмт үйлдлүүдийг үйлдсэн гэх бусад этгээдийг шалгаж яллагдагчаар татан оруулж ирээгүй нь яллагдагч нарын гэмт үйлдэл, гэм бурууд нөлөөлөхгүй ба зүйлчлэл өөрчлөгдөхгүй юм. Өөрөөр хэлбэл, Д.Э, С.Бнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа ба тэдгээрийн гэм бурууг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой.
2. Д.Эыг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар 26.400.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж яллах дүгнэлтэд тодорхой, ялгамжтай бичсэн байх ба өөрөөр хэрхэн яаж, хэн нь хэдэн төгрөг хариуцахыг тодорхойлох нь ойлгомжгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байх ба шүүх хуралдаанаар яллагдагч нарын экологи эдийн засагт учирсан хохирлыг хэн нь, хэрхэн хариуцах талаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
3. Хэрэгт Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нэг төрөл зүйлийн, 2 бодгаль амьтны эд эрхтэн болохыг тодорхойлсон нь хавтаст хэрэгт авагдсан тул шүүгчийн захирамжийн 3 дахь заалт үндэслэлгүй байна.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 1479 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Э, С.Бнарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Д.Э нь 2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 гр, сүүл 440 гр, чив 395 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,
Ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамал 117 кг 145 граммыг зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 9 дүгээр сард худалдан авч, 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хадгалсан,
С.Бнь 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 7-ны өдөр хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын цусан эвэр 2 кг 955 гр, сүүл 440 гр, чив 395 грамм, ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” 117 кг 145 граммыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан,
Д.Э, С.Бнар нь бүлэглэн дээрх түүхий эдийн зүйл болон ургамлыг 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 1 дүгээр зам дээрээс Улаанбаатар Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэнд нууж, тээвэрлэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэргийн хэмжээний дотор хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Мөрдөгчийн тогтоолоор Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байна .
Уг дүгнэлтүүдээр “ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү”, мөн бугын цусан эвэр, бугын сүүл, чив зэрэг амьтны түүхий эдийн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон, хохирлыг тооцсон аргачлал, эрх зүйн үндэслэлийн талаар тодорхой дүгнэсэн, мөн ямар төрөл зүйлийн хэдэн амьтны эд эрхтэн байгаа талаар дүгнэлт өгсөн байх ба гэрч Н.Ж /1хх-134-135/, шинжээч эмч Г.Ц /1хх-156/ нараас дүгнэлттэй холбогдуулан мэдүүлэг авсан нь хохирлын талаар дүгнэлт хийх, хэнээс хэдэн төгрөг гаргуулах тухай асуудалд шүүх дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байна.
Иймд прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1479 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Э, С.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Д.Э, С.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Д.ОЮУНЧУЛУУН