Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга:Б. Мөнхдэлгэр  

Улсын яллагч:С. Солонго

Шүүгдэгч:Р.Ч /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Равдангийн Чинзоригт холбогдох эрүүгийн 2211 00000 0279 дугаартай хэргийг 2022 оны 02 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, , 1980 оны 7 сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40 дүгээр гудамжны 672 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 274 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил хянан харгалзсан

 

Шүүгдэгч Р.Ч нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 40 дүгээр гудамжны 672 тоотод, эхнэр Н.Нямцэрэнгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Ч нь 2022 оны 01 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 15 дугаар, Жаргалантын 40 дүгээр гудамжны 672 тоотод хамтран амьдрагч хохирогч Н.Нямцэрэнтэй маргалдан түүний толгойн тус газарт цохиж, биед нь духны зүүн дээд үстэй хэсэгт шарх бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Р.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Р.Чоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нилээн согтчихсон байхдаа хоолны халбагаар эхнэрийнхээ толгой руу нь цохиж гэмтэл учруулсандаа маш их харамсан гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-18/

Хохирогч Н.Ня мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 сарын 19-ны өдөр би хамтран амьдрагч Р.Чийн хамтаар орой 20 цагийн үед найзуудтайгаа уулзаж караокед орж 0.75-ийн савалгаатай Эвок гэх нэртэй архийг бид нар хувааж уугаад шөнийн 00 өнгөрч байх үед караокенаас гараад Р.Ч бид 2 Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 40-672 тоот гэртээ ирсэн бөгөөд гэрт манай том хүү Ууганбаяр байсан.. Би өчигдөр шөнө /2020оны 1сарын 19-нөөс 20-нд шилжих/ гэрт ирчихээд Р.Чт хандаж “танай охин Нандинболор ойрдоо гэртээ ирэхгүй гадуур хоноод байна, Тэнээд байна” гэж хэлтэл Р. Чинзориг чи миний охиныг гадуур тэнэсэн бараг янхан гэж хэллээ гээд над руу уурлаад би орон дээр хэвтэж байсан чинь Р. Чинзориг хоолны том халбага аваад миний толгойны зүүн талын хэсэгт нэг удаа цохиод миний толгойноос цус их хэмжээгээр гараад түргэн тусламж дуудсан юм.. ” гэсэн мэдүүлэг /хх-11/

Гэрч Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Аав, ээж 2 согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн хоорондоо хэрэлдчихсэн байдалтай орж ирсэн. Би ч нээх юм бодолгүй ороо засаад унтах гээд хэвтэж байтал ээж аавд хандаж “Танай охин Болор чинь гадуур тэнээд гэртээ ирж хонохоо байлаа чи нэг үг хэлнэ байгаа” гэж хэлтэл аав уурлаад хоорондоо хэрэлдээд байхаар нь тэр хоёрыг хэрэлдэж байгаад больчих байлгүйдээ гэж бодоод хэвтэж байгаад унтчихсан юм. Унтаж байтал ээж Ууганбаяраа гээд намайг дуудхаар нь сэрээд хартал ээжийн толгойны зүүн талын хэсгээс их хэмжээний цус гарчихсан орон дээр сууж байсан ба аав гэрт байхгүй байсан юм. Тэгээд ээж цагдаа болон эмч дуудсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-20/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Н 2022 оны 01 сарын 25-ний өдрийн 2041 дугаартай дүгнэлтэд: /хх-22/ “..Н.Н биед  духны зүүн дээд үстэй хэсэгт шарх тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, шүүгдэгч Р.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Н учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Р.Ч нь хохирогч болох өөрийн хамтран амьдрагч Н.Нтолгойн тус газарт нь хоолны халбагаар цохиж үүний улмаас толгойны зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

                                      

Иймд шүүгдэгч Р.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Чоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Р.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Чт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Н.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Чийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Чт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Р.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР