Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02088

 

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02088

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянчандмань сум, 1-р баг, Чандмань 3-р хороо,  11-р гудамж 2 тоотод оршин суух, Шинэ үе продакшн ХХК-д инженер ажилтай, Боржигон овогтой Очирсүхийн Гантогтохын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Годлен парк хотхон, 302-р байр 136 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Чонос овогтой Лхагвацэндийн Уранчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 232 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлцэцэг, хариуцагч Л.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О.Гантогтох нь 2016 оны 11-р сарын 29-нд Л.Уранчимэгийн дансанд 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Уранчимэг нь Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө, гэрээт ажилтнаар явуулна гэж итгэл төрүүлсэн. Ингээд 2016 оны 11-р сарын 30-ны өдөр зээлийн гэрээ хийж 3 500 000 төгрөгийг  3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр тохирсон. Гэтэл виз гаргаж өгөхгүй 7 сар өнгөрсөн. Иймд Л.Уранчимэгээс үндсэн зээл 3 500 000 төгрөг, хүү 315 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн 0,5 хувиар тооцож алданги 1 750 000 төгрөг нийт 5 565 000 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6 232 000 төгрөг нэхэмжилсэн боловч буруу тооцсон байсан тул багасгаж байна гэв. 

 

Хариуцагч Л.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Гантогтохтой фэйсбүүкээр ярьсан. Солонгос явуулах боломж байна гэхэд “би явъя” гэсэн. Тэгээд 2016 оны 11-р сарын 29-ний өдөр миний ХААН банкны дансруу 3 500 000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь ээж Хүрэлцэцэгтэйгээ ирээд бичиг баримт болон 4 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспортоо өгсөн. Мөнгө шилжүүлсний маргааш нь мөнгө өгсөн авсан баримт хэрэгтэй байна гээд зээлийн гэрээ хийсэн. Гантогтох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ визний асуудлаа бичсэн байсан. Би мөнгө зээлж аваагүй тул үндсэн мөнгө болох 3 500 000 төгрөгийг л төлнө. Би энэ мөнгийг цааш нь н.Тунгалаг гэдэг хүнд шилжүүлсэн гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Гантогтох нь Л.Уранчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6 232 500 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5 565 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийн шаардлагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

О.Гантогтох нь 2016 оны 11-р сарын 29-ний өдөр Л.Уранчимэгийн ХААН банкны 5735138405 тоот дансанд 3 500 000 төгрөгийг БНСУ-ын виз гаргуулах зорилгоор харилцан тохирч шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, банкны дансны хуулгаар тогтоогдсон байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 11-р сарын 30-ны өдөр Л.Уранчимэгтэй байгуулсан Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй үндэслэлээр үндсэн зээл 3 500 000 төгрөг, 3 сарын хүү 315 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 1 750 000 төгрөг нийт 5 565 000 төгрөг гаргуулахаар шаардсан /хх 7/ боловч Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн “Зээлийн гэрээ” байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 3 500 000 төгрөгийг виз гаргуулах зорилгоор шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүүтэй нь буцааж төлөхөөр тохироогүй, харин мөнгө өгсөн баримт болгох зорилгоор “зээлийн гэрээ” хийсэн гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Л.Уранчимэг нь 3 500 000 төгрөгийг Т.Тунгалагт шилжүүлсэн гэх ба Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст Т.Тунгалагт холбогдох эрүүгийн 201725012041 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй, О.Гантогтох нь Л.Уранчимэгт холбогдох гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаагүй, хохирогчоор тогтоогдоогүй байна.

 

Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 500 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лхагвацэндийн Уранчимэгээс 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж Очирсүхийн Гантогтохт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2 065 000 /хоёр сая жаран таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 135 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Уранчимэгээс 70 950 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА