Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга:Б.Мөнхдэлгэр  

Улсын яллагч:Ж.Баянжаргал

Шүүгдэгч:Т.М, түүний өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч Б.Ө /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2211 00000 0029 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар 22 -ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэрэгжилтэй, хувиараа тээвэр хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун урт сум 4 дүгээр баг Өлзийт 211 тоотод оршин суух, урьд ял шилжүүлж байгаагүй, регистрийн дугаар

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 49-55 тоотод оршин суух, урьд ял шилжүүлж байгаагүй, регистрийн дугаар

 

Шүүгдэгч Т.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 5 дугаар сургуулийн баруун талын авто машины зам дээр иргэн Б.Өтай машины хаалга руу цохиж, хөдөөний зам дээрээ ингэж яв гэж хэлсний улмаас маргалдаж зодолдон, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж газар унагааж зохих өшиглөх зэргээр зодсоны улмаас биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, дээд үүдэн баруун 1-р шүд эмтэрсэн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

Яллагдагч Б.Ө нь  /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 5 дугаар сургуулийн баруун талын авто машины зам дээр иргэн Т.Мтэй замын хөдөлгөөний улмаас маргалдаж зодолдон, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь доод уруулын салстад цус хуралт, салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 5 дугаар сургуулийн баруун талын авто машины зам дээр шүүгдэгч Т.М Б.Ө нар замын хөдөлгөөний улмаас хөдөөний зам дээрээ ингэж яв гэх зэргээр маргалдаж, харилцан зодолдон Б.Өын зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, дээд үүдэн баруун 1-р шүд эмтэрсэн бүхий гэмтэл, Т.Мгийн доод уруулын салстад цус хуралт, салстад язарсан шарх бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Т.Мгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэсэн мэдүүлэг.

шүүгдэгч Б.Өаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Т.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би 5 дугаар сургуулийн баруун хойно байх эхнэрийн эгч Цэцэгмаагийнд очиж эхнэрийн хувцас болон хүүхдүүдэд өгөх бэлэг зэрэг зүйл авсан. Би тэднийхээс юмаа аваад 19 цаг 40 минутын үед гараад өөрийн машин болох Мицубиши Кантер загварын 9964 СҮА дугаартай машинаараа 5 дугаар сургуулийн баруун талаар урагшаа эргэхэд урд 4-5 жижиг машин явж байсан бөгөөд би нэг чигийн урсгалтай зам байна гэж бодоод тэр машинуудын хажуугаар яваад 4-5 машины араас зогссон. Тэгэхэд миний хажууд байсан машины жолооч хаалгаа нээгээд хөдөөний мал минь яаж яваад байгаа юм хөдөөнөө энгэж явбал таарна гээд хаалга нүдээд байхаар нь би өөрийн машины хаалгаа хаагаад урагшаа яв гэж толгойгоороо дохьсон чинь машинаа цонхоор гарч ирээд миний машины хаалгыг онгойлгоод намайг заамдаад татаад байсан. Тэр үед эхнэр хүүхэд нь уйлж бархираад эхнэр хүүхэд нь татаад Өнөрбаярыг больгэхэд эхнэрээ гараараа цааш түлэхээд байсан. Тэр Өнөрбаяр гэх залуу Чи буугаад ир алнаа гээд байсан. Тэгээд нөгөө залуу миний машины урд гарж зогсоод машинаасаа буугаад гадуур хар куртикээ тайлж машин руугаа шидээд над руу ирсэн.Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө залуу руу очиход нөгөө залуу намайг баруун гараараа миний уруул руу нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тэнцвэр алдаад би Чи эхлээд намайг цохилоо шүүгэж хэлээд харилцан бие биенээ нэг нэг удаа цохисон. Би тэр залууг баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-47-48/

 

Шүүгдэгч Б.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 сарын 10-ны өдөр эхнэр хүүхдийн хамт гэрээсээ хадам аавын руугаа явахаар 5 дугаар сургуулийн баруун талын туслах зам дээр хойноос ургаш чиглэлтэй түгжрээд зогсож байтал урсгал сөрөөд ачааны машин зүүн талаар орж ирээд миний урдуур шахаад орох гээд байсан. Тухайн үед зам түгжрэл ихтэй миний ард 20 орчим машин цувсан байдалтай би өөрөө 30 орчим минут түгжрээд зогсож байсан болохоор тухайн машиныг урдуураа оруулаагүй. Бага тойруугийн зам түгжрээд таг зогссон байсан болохоор тэр машины сөрж орж ирсэн урсгал чөлөөтэй байсан. Би өөрийн машины цонхоо онгойлгоод Хүн бүр л яаралтай ажилтай түгжрээд зогсож байна ш дээ. Хөдөөний зам дээрээ энгэж яваарай гэж хэлсэн чинь тэр залуу машины хаалгаа хагас дутуу онгойлгоод багтахгүй зайгаар тонгойгоод цээж мөр рүү 2 удаа цохиод авсан. Тэгээд чи ямар овоо юм бэ? Буугаад ир үзчье гэхээр нь би Тэгье гээд машины толио шүргүүлэн байж урагшилаад машинаасаа буухад нөгөө залуу машинаасаа буугаад машины цаагуур тойрч ирээд шууд нүд рүү цохисон. Тухайн үед би нүд рүүгээ цохиулаад уначихаад босож ирээд цохиулсан нүд хавдаад таг болсон. Тэгээд миний нүдийг хавдтал цохисон байсан болохоор уур хүрээд барьцалдаад авсан. Тухайн үед би уурандаа нөгөө хүнийхээ нүүрэнд цохьсон, тэр цохилтоос болоод Мөнхтэмүүлэнгийн уруул нь язарсан байна. Би өөрийн цохьсон үйлдэлдээ буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Тэгээд баруун нүдээрээ хараад нөгөө нүд маань бүрэлзээд байж байтал миний хамар руу дахин гараараа цохиод миний толгой эргээд доошоо унаад их хэмжээгээр цус гарсан. Намайг газар унасаны дараа энэ хүн хэд хэдэн удаа намайг өшиглөж цохисон бөгөөд тухайн үед замаар явж байсан 2-3 залуу намайг тэр залууд зодуулж байхад тэр залууг надаас салгаад цааш аваад явсан бөгөөд би наашлаад машин дээрээ ирэхэд манай эхнэр цагдаад дуудлага өгч байсан..” гэсэн мэдүүлэг. /хх-56-57/.

Хохирогч Б.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-6, 18-19/ “..Би 2021 оны 12 сарын 10-ны өдөр.. Тэгээд би машинаа нөгөө залуугийн машины урд гарж зогсооход тэр залуу машинаасаа бууж ирсэн. Би ч урдаас нь машинаасаа буухад тэр залуу шууд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би газар унаад дээрээс цохих гэхээр нь би гэдэс рүү нь хөлөөрөө жийж байгаад дээшээ босоод ирэхэд гараараа шууд хамар руу цохиход би газар унаад шүдээрээ газар мөргөөд миний үүдэн шүд хугарсан. Би газар хэвтэж байхад зүүн шанаа руу баруун гараараа дахин нэг цохисон. Бас толгой руу өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Дө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-12/ “.. 2021 оны 12 сарын 10-ны өдөр нөхөр хүү бид гурав 19 цагийн үөд гэрээсээ гараад манай аав ээж хоёр дээр хүүхдээ аваачиж үлдээхээр 11 дүгээр хороолол руу гарсан. 5 дугаар сургуулийн баруун талд хойноосоо урагшаа чиглэлд түгжрээд зогсож байхад хажуугаар урсгал сөрөөд ачааны портер шиг машин манай машины зүүн талаас шахаад зогссон... Манай хүн машины хаалга руу нь цохисон. Нөгөө машины жолооч манай нөхрийг "буугаад ир үзэх үү" гэхэд манай хүн машинаа урагшлуулаад буух боломжтой болгоод машинаасаа буухад нөгөө залуу бас машинаасаа буугаад ирсэн. Тэгээд манай машины зүүн талд нөгөө урсгал сөрсөн машины урд зодолдсон. Нөгөө залуу манай нөхрийн нүүр рүү цохисон.. манай нөхөр газар хэвтчихсэн хамраас нь цус гарсан байдалтай байсан. Нөгөө залуу манай нөхрийн дээр зогсоод нүүр рүү нь цохиод байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ц 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 324 дугаартай дүгнэлтэд: /хх-25-26/ “..Б.Өын биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, дээд үүдэн баруун 1-р шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславч мурийлт, шүдний эмтэрсэн нь гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

Хохирогч Т. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-9-10, 21-22/ “..Тэр Өнөрбаяр гэх залуу Чи буугаад ир алнаа гээд байсан. Тэгээд нөгөө залуу миний машины урд гарж зогсоод машинаасаа буугаад гадуур хар куртикээ тайлж машин руугаа шидээд над руу ирсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө залуу руу очиход нөгөө залуу намайг баруун гараараа миний уруул руу нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тэнцвэр алдаад би "Чи эхлээд намайг цохилоо шүү" гэж хэлээд харилцан бие биенээ нэг нэг удаа цохисон, Би тэр залууг баруун гараараа нүд рүү нь нэг удаа цохисон..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч К.Цэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-16/ “.. Мөнхтэмүүлэн гэрт 2021 оны 12 сарын 10-ны өдөр орж ирэхдээ ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Зүв зүгээр явж байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-14/ “..Тухайн үед Мөнх-Тэмүүлэнгийн зүүн нүдний дор бага зэрэг овойсон байдалтай мөн уруулын нь дээд хэсэгт улайгаад шалбарсан байдалтай мөн энгэр заам хэсэг нь заамдсан бололтой сунаж үрчийгээд бас шавар шороо болсон байдалтай байсан. Тэгэхээр нь Юу болоо вэ? гэж асуухад "зам дээр хүнтэй муудалцаад нөгөө хүн цагдаа энэ тэрд ажилдаг гээд намайг хөдөөний малаа зайл энэ тэр гээд машин тэрэг цохиод буугаад ир гээд байхаар нь би буугаад очиход намайг эхлээд цохиод заамдаад томроод байхаар нь би эргүүлээд өөрийг нь цохиод тэр хүнтэй зодолдчихлоо гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэд: /хх-33-34/ “..Т.Мгийн биед доод уруулын салстад цус хуралт, салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. дээрх шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/, шүүгдэгч Т.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.М, Б.Ө нар харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан бөгөөд гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас бие биедээ харилцан учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нараас бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

    

Иймд шүүгдэгч Т.М, Б.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.М, Б.Ө нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Т.М, Б.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгч нарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.М, Б.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.М, Б.Ө  нар нь бие биедээ хохирогч болохын хувьд харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Б.Ө нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М, Б.Ө нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М, Б.Ө нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.М, Б.Ө  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.М, Б.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР