| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02081/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02105 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02105
| 2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02105 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Ж.Самбуугийн гудамж Засгийн газрын 11-р байр 114 тоотод байрлах, регистр 5785464, Эксим финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж 21-р байр 12 тоотод оршин суух, регистр ЧН76071000, Хар ямаат овогт Батбуянгийн Батжаргал,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 3-р гудамж 3 тоотод оршин суух, регистр АЯ79090679, Угалз овогт Цэдэндамбын Ариунжаргал нарт холбогдох 67 360 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяндэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяндэлгэр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нар нь 2017 оны 3-р сарын 17-ны өдөр тус ББСБ-гаас ЗГ-150317/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийн зээлийг сарын 5.0 хувийн хүүтэй, 3 сарын хугацааны зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2015 оны 6-р сарын 17-ны өдрийн байдлаар зөвхөн хүүний төлбөр болох 6 133 334 төгрөгийг төлж, үндсэн төлбөр болох 40 000 000 төгрөгийг огт төлөөгүй тул зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 6-р сарын 17-нд 1 жилээр, 2016 оны 6-р сарын 17-нд 1 жилээр тус тус сунгасан. Дээрх хугацаанд зээлдэгчид нь зээлийн үндсэн төлбөрөөс огт барагдуулаагүй, мөн 2016 оны 9-р сараас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй учир манай байгууллагыг зүгээс зээлийн гэрээг дахин сунгахгүй, зээлийн үндсэн төлбөр, тухай үед бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхийг шаардсан мэдэгдлийг зээлдэгчид тухай бүр хүргүүлж байсан хэдий ч арга хэмжээ авалгүй өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 63 040 000 төгрөг байна. Иймд хариуцагч нараас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл анх гаргасан өдөр буюу 2017 оны 6-р сарын 05-наас хойш 50 хоногийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэхүү хугацаанд 4 320 000 төгрөгийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тооцогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 4 320 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 67 360 000 төгрөг болгож байна. Үүнээс хариуцагч нар нь 6 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнийг хасч 60 860 000 төгрөгийг хариуцагч Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтамир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 67 360 000 төгрөгийг болсныг зөвшөөрч байна. Үүнээс бид 2017 оны 7-р сарын 01-ний өдөр төлсөн 6 500 000 төгрөгийг хасч үлдэх 60 860 000 төгрөгийг дараах байдлаар хугацаа тохирч төлөхийг зөвшөөрч байна. 2017 оны 8-р сарын 20-ны өдөр 13 500 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 15-ны өдөр 47 360 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Мөн зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд барьцаалсан Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 36-Б байрны 41 тоот улсын бүртгэлийн Ү-2204067058 дугаарын гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эксим финанс ББСБ ХХК нь Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нарт холбогдох 67 360 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөг төлсөн байна.
Шүүх хуралдааны шатанд талууд 2017 оны 5-р сарын 19-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, хариуцагч нар 60 860 000 төгрөгийг 2017 оны 8-р сарын 20-ны өдөр 13 500 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 15-ны өдөр 47 360 000 төгрөгөөр бүрэн төлөхөөр тохирчээ.
Хэдийгээр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Эксим финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 60 860 000 төгрөгийг 2017 оны 8-р сарын 20-ны өдөр 13 500 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 15-ны өдөр 47 360 000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нар нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, 36-Б байрны 41 тоот улсын бүртгэлийн Ү-2204067058 дугаарын гэрчилгээтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 220 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргал, Ц.Ариунжаргал нараас 278 610 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА