Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02106

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02106

Улаанбаатар хот

                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  4-р хороо, 1-р 40 мянгат 47-р байрны 01 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Боржигон овогтой Сандбазарын Эрдэнэ-Очирын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн  11-р хороо, 3-р хороолол, 77/1-р байр 58 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Цагаан гэртэн овогтой Шагдарсүрэнгийн Уранчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир, хариуцагч Ш.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид найз нөхөд юм.  Ш.Уранчимэг нь 2011 оны 11-р сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөгийг  5 хувийн хүүтэйгээр надаас  зээлсэн. Үүнээс хойш 10 хоногийн дараа 5 000 000 төгрөгийг 5 хувийн хүү 250 000 төгрөгтэй төлсөн. Ингээд 10 000 000 төгрөг үлдсэн бөгөөд 2012 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүүгээ төлөөд явсан. Харин 2013 онд мөнгө өгөөгүй. 2014 оны 04-р сарын 04 өдөр 5 000 000 төгрөг төлсөн. Ингээд 10 000 000 төгрөгнийхөө хүүг 3 хувь болгож өгнө үү гэж гуйсан тул 2014 оны 05-р сарын 01-ний өдөр бид нотариатоор орж Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг бол 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр тохирсон. Гэтэл Уранчимэг нь хугацаандаа мөнгөө өгөөгүй. Дараа нь 2015 оны 09-р сарын 04-нд  1 000 000 төгрөг өгсөн. Дараа нь 600 000 төгрөгийн бараа материал өгч, үүнээс хойш өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй. Одоо Ш.Уранчимэгээс үндсэн зээлийн үлдэгдэл  9 300 000 төгрөгийг  нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эрдэнэ-Очироос 2011 оны 12-р сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг авсан нь үнэн. 2011 оны 12-р сарын 30-нд  5 225 000 төгрөг, 2012 оны 01-р сарын 03-нд 500 000 төгрөг, 2011 оны 02-р сард 500 000 төгрөг, 2012 оны 04-р сарын 01-нд 500 000 төгрөг, 2012 оны 04-р сарын 30-нд  500 000 төгрөг, 2012 оны 05-р сарын 06-нд 500 000 төгрөг, 2012 оны 09-р сарын 23-нд 900 000 төгрөг, 2016 оны 04-р сарын 04-нд 5 000 000 төгрөг, 2015 оны 09-р сарын 04-нд 1 000 000 төгрөг,  2015 оны 09-р сарын 10-нд падаанаар 600 000 төгрөгний бараа өгсөн.  Нийт 15 825 000 төгрөг төлсөн байгаа. Зээлийн гэрээний хувьд С.Эрдэнэ-Очир нь 2014 оны  05-р сарын 12-ны өдөр ажил дээр ирж  “би чамд дансруу чинь мөнгө хийсэн, чи үүнийгээ төлж дуусгахгүй байна, нотариатоор орж гэрээ байгуулна” гээд 2014 оны 5-р сарын 01-ний өдөр миний дансруу мөнгө орсон гэж зээлийн гэрээн дээр бичсэн юм.  Өмнөх мөнгөний үлдэгдэл дээр л гэрээ хийж баталгаажуулж байна гэж бодсон. Би гэрээ байгуулсан нь үнэн. Энэ зээлийн гэрээгээр бол надад 10 000 000 төгрөг өгөөгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир нь Ш.Уранчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

С.Эрдэнэ-Очир нь 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Ш.Уранчимэгтэй “Зээлийн гэрээ” байгуулж 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 4/ тохирчээ.

 

Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба мөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Зээлдүүлэгч С.Эрдэнэ-Очир нь энэ гэрээгээр 10 000 000 төгрөгийг шилжүүлээгүй нь зохигчийн тайлбар, банкны дансны хуулгаар тогтоогдсон байна.

 

Харин нэхэмжлэгч нь 2011 оны 12-р сарын 20-ны өдөр Ш.Уранчимэгийн ХААН банкны 5009145566 дугаар дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба талууд энэ мөнгийг зээлүүлэхээр тохирсон, харин “хүү” төлөхөөр тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Талуудын тайлбараар энэхүү 15 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөрийг хүү төлсөнд тоцож, төлөөгүй гэх 10 000 000 төгрөгийг хүүтэй төлүүлэхээр “Зээлийн гэрээ”-г бичгээр хийжээ.

 

Ш.Уранчимэг нь 2011 оны 12-р сарын 30-нд 5 225 000 төгрөг, 2012 оны 1-р сарын 30-нд 500 000 төгрөг, 2012 оны 3-р сарын 1-нд 500 000 төгрөг, 2012 оны 4-р сарын 1-нд 500 000 төгрөг, 2012 оны 4-р сарын 30-нд 500 000 төгрөг, 2012 оны 5-р сарын 21-нд 900 000 төгрөг, 2012 оны 5-р сарын 21-нд 600 000 төгрөг, 2012 оны 6-р сарын 5-нд 500 000 төгрөг, 2012 оны 9-р сарын 23-нд 900 000 төгрөг, 2014 оны 4-р сарын 4-нд 5000 000 төгрөг, 2015 оны 9-р сарын 4-нд 1000 000 төгрөг, 2015 оны 9-р сарын 10-нд 600 000 төгрөгний бараа нийт 16 725 000 төгрөгийг төлсөн нь баримтаар /хх 11-24/ тогтоогдсон байна.

 

Үүнээс дүгнэвэл, зээлдэгч нь 15 000 000 төгрөгний үүргийг бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.  

 

Хариуцагч нарын “зээлийг төлсөн” гэсэн татгалзал үндэслэлтэй, талууд 215 оны 2-р сарын 5-нд 500 000 төгрөг зээлсэн талаар маргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шагдарсүрэнгийн Уранчимэгээс 9 300 000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Сандбазарын Эрдэнэ-Очирын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 750 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.  

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА