Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: О.Эрхэмбаяр /томилолтоор/,

шүүгдэгч: Ж.П /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/

хохирогч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.П-ид холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ж-ийн П /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын ****-ны өдөр ****** аймгийн **** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, 0000 аймгийн 0000 сумын 00 дүгээр баг, 0000т хаягт бүртгэлтэй боловч 000 дүүргийн 000 дүгээр хороо. 0000000 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

                                       

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Ж.П нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хороо Уулын 000 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Г-тэй маргалдаж нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ж.П нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хороо Уулын 000 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Г-тэй маргалдаж нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гадуур явж байтал надтай урьд өмнө нэг газар хамт ажиллаж байсан Э гэх найз гэртээ урихаар нь найз охин  М-гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Уул гэх газар гэрт нь орой 20 цагийн орчим очсон юм. Тэгтэл араас удалгүй мөн надтай хамт ажиллаж байсан П гэх залуу эхнэртэйгээ ирж бид нар бөөндөө 2.5 литрийн пивоноос 3 ширхэгийг хувааж уусан юм. Тухайн үед би нилээн согтчихсон юм. Ухаан орж гарч байгаад санатал П-тэй маргалдаж байтал намайг газар унагааж байгаад нүүр лүү өшиглөсөн. аль хөлөөрөө өшиглөсөн талаар нь сайн хараагүй, би манараад сэргэтэл миний хамарнаас цус гарчихсан байхаар нь цусаа угаагаад гэрээс нь гараад эхнэрээ аваад явсан. Миний толгой бадайрч байна. Хамар нүд хөндүүрлэж өвдөж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/,

-гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.Г  согтчихоод манай нөхөр Ж.П-той хэрүүл хийж өдөөд хоёулаа гарах уу гэхээр нь би гараад хэрэггүй гэж хэлтэл за яах вэ гадаа гараад учраа олчихоод ирье гэж хэлээд миний үгэнд орохгүй гараад явсан юм. Удалгүй тэр хоёр гаднаас орж иртэл Г ийн нүүр нь цус болчихсон манай нөхөрийг зодсон гэж хэлээд цусаа угаачихаад эхнэрээ аваад явсан юм. Тухайн үед миний харснаар Ж.П-ийн биед гэмтэл шарх учраагүй.. Ж.П Г  нар биеэ авч явах чадвартай харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

-гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 02 цаг болж байсан. Бид нар унтах гээд манай эхнэр бид хоёр унтлагын өрөөндөө орсон харин нөгөө хэд өөр өрөөнд байсан...О манай өрөөнд орж ирээд Г  П хоёр маргалдаад гараад явчихлаа гэж хэлэхээр нь хувцасаа өмсөөд араас нь гарах гэтэл Г , П хоёр өөдөөс зөрөөд орж ирэхэд Г ийн хамарнаас цус гарчихсан байдалтай П-ийг газар унагааж байгаад өшиглөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

-гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...О манай өрөөнд орж ирээд Г , П хоёр хэрэлдэж, маргалдаад гараад явчихлаа гэж хэлтэл манай нөхөр хувцасаа өмсөөд гарах гэхэд Г , П хоёр өөдөөс нь ороод ирсэн. Г ийн хамарнаас цус гарчихсан, П-ийг газар унагааж байгаад өшиглөсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0000 дугаартай:

1. Г.Г ийн биед хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Унаснаас болж үүсэх боломжгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24-р хуудас/, зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч П-ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 000 дүгээр хороо Овоотын 0 дугаар гудамжны 000 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр О-ийн хамт байж байтал манай найз болох Э гэртээ урьж дуудахаар нь эхнэрийн хамт хоёулаа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 9 дүгээр гудамжны 7 тоотод байрлах Э-ын гэрт орой 21 цагийн үед очтол Э түүний эхнэр Д Г  түүний эхнэр М нар байцгааж байхаар бид нар хоол цай хийж идчихээд Э Д бид гурав “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пивоноос хувааж ууцгаасан. О, Д М гурав хүний 1 ширхэг 0.5 литрийн лаазтай “Сэнгүр” нэртэй пивоноос ууж дуусгаад бид нар унтах гээд хэвтэж байтал Г  согтчихоод над дээр хүрч ирээд хэрүүл өдөж хоёулаа гарах уу үзэх үү зодолдох уу гээд байхаар нь унтаж амар гэж хэлтэл гараад ир гээд намайг зүгээр байлгахгүй байхаар нь би хувцсаа өмсөөд Г ийн хамт хоёулаа 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 02 цагийн үед гадаа гараад хашаан дотор Г ийг барьж аваад түлхэж газар унагааж нүүр хэсэгт нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөөд автал хамарнаас нь цус гарахаар нь Э-ын гэрлүү оруулаад цусыг нь угааж өгтөл найз нь өөрийнхөө амнаасаа боллоо гэж хэлээд надтай эвлэрчхээд Г , М хоёр гэртээ харилаа гээд гараад явсан юм...” гэж /хавтаст хэргийн 56-57-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

-Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн өдөр болсон хэрүүл маргааныг би өөрөө эхлүүлсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.П нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.П нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Г.Г ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.П-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Г  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.П-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ж.П нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ж.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт, ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, үйлдлийн арга барил (хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсөн), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал дахь шийтгэлийн хэмжээг багасгаж, шүүгдэгч Ж.П-ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.

 Шүүгдэгч Ж.П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогтт Ж-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ж-ийн П-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.П-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА