Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/317

 

 

 

 

 

 

2022         03          03                                      2022/ШЦТ/317

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Хохирогч Г.Эрдэнэдалай,

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:0257/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пад холбогдох 2106 04187 0013 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Бизнесийн эдийн засгийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 13 дугаар байрны 300 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Алаг адууныхан овогт БП /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.П нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Си Эс Кока Кола” ХХК-н ажлын байран дээрээ байхдаа хохирогч Ш.Батдэлгэрийн Голомт банкны 2010005751 тоот данснаас 2705147875 тоот данс руу андуурч шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулж алдаатай гүйлгээ завших гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эрдэнэдалайн өгсөн: “...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнэдалайн өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим ... өөрийн Голомт банкны 2010005751 тоот данснаасаа 2.000.000 төгрөгийг Голомт банкны 2705147825 тоот данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч Голомт банкны 2705147875 гэх данс руу шилжүүлчихсэн юм. Тэгээд би тухайн өдрөө Голомт банкны 188-1646 гэх лавлах утас руу залгаж операторт нь мөнгөө өөр данс руу андуурч шилжүүлж хийсэн тухай мэдэгдэж хэлэхэд...’’болсон асуудлыг мэдээлж өгье” гэж хэлсэн... андуурч хийсэн талаар хэлж, мэдэгдээд, тантай утсаар холбогдоорой гээд таны гар утасны дугаарыг өгсөн байсан. Бид нар банкны харилцагчдынхаа мэдээллийг бусдад мэдээлж болохгүй болохоор та цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.08-09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчимд СХД-ийн содон хороололд найзынхаа гэрт байж байтал Голомт банкнаас миний 95772387 дугаарын утас руу залгаад таны 2705147875 дугаарын данс руу мөнгө андуурч орсон байна шалгах боломжтой бол шалгаад өгөөрэй, таны дансанд мөнгө орсон бол та буцаагаад шилжүүлээд өгөөрэй гэж ярьсан. Тэгэхээр нь би дансаа шалгатал миний дансанд 2,000,000 төгрөг орсон байсан. Би мөнгө орсныг мэдээд Голомт банкнаас ахиад залгахыг хүлээсэн. Тэгтэл над руу залгахгүй болохоор нь би маргааш нь буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө орсон хуримтлалын дансаа хаагаад харилцах 3155103783 дугаарын данс руу 2.000.000 төгрөгөө шилжүүлж авсан. Над руу 11 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкнаас залгахаар нь би утсыг нь авалгүй тухайн мөнгийг үрж эхэлсэн. Тухайн мөнгийг хоол, тоглоом зэрэг хувийн хэрэгцээнд бүгдийг үрсэн. Би хийсэн хэрэг ээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.17-18,30/,

Голомт банкны дансны хуулга /хх.23-24/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.33-40/,

Хохирол нөхөн төлөхийг илэрхийлсэн баримт /шинээр гаргасан 1хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.П нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эм Си Эс Кока Кола” ХХК-н ажлын байран дээрээ байхдаа хохирогч Ш.Батдэлгэрийн Голомт банкны 2010005751 тоот данснаас 2705147875 тоот данс руу андуурч шилжүүлсэн 2.000.000 төгрөгийн алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулж алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнэдалайн өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим ... өөрийн Голомт банкны 2010005751 тоот данснаасаа 2.000.000 төгрөгийг Голомт банкны 2705147825 тоот данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч Голомт банкны 2705147875 гэх данс руу шилжүүлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх.08-09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Пын яллагдагчаар өгсөн: “... Голомт банкнаас миний 95772387 дугаарын утас руу залгаад таны 2705147875 дугаарын данс руу мөнгө андуурч орсон байна шалгах боломжтой бол шалгаад өгөөрэй, таны дансанд мөнгө орсон бол та буцаагаад шилжүүлээд өгөөрэй гэж ярьсан. Тэгэхээр нь би дансаа шалгатал миний дансанд 2.000.000 төгрөг орсон байсан. Би мөнгө орсныг мэдээд Голомт банкнаас ахиад залгахыг хүлээсэн. Тэгтэл над руу залгахгүй болохоор нь би маргааш нь буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө орсон хуримтлалын дансаа хаагаад харилцах 3155103783 дугаарын данс руу 2.000.000 төгрөгөө шилжүүлж авсан. Над руу 11 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкнаас залгахаар нь би утсыг нь авалгүй тухайн мөнгийг үрж эхэлсэн. Тухайн мөнгийг хоол, тоглоом зэрэг хувийн хэрэгцээнд бүгдийг үрсэн...” гэх мэдүүлэг /хх.30/,

Голомт банкны дансны хуулга /хх.23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Эрдэнэдалайн өгсөн: “...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Пын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Пыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Паас гаргуулж, хохирогч Г.Эрдэнэдалайд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Б.Пын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Пад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.П нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир түүнд торгох ялын доод хэмжээг оногдуулахыг өмгөөлөгч нь хүсэж байх боловч шүүгдэгч хохирлоос огт нөхөн төлөөгүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Пад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Алаг адууныхан овогт БПыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Пад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Пад сануулсугай.           

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Паас 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Эрдэнэдалайд олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Пад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР