Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч М.Э*******

Шүүгдэгч П.Б*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П***********н Б***********т эрүүгийн 2238000000082  дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч П.Б*********** нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт хамтран амьдрагч М.Э*******г үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нуруу руу нь өшиглөж, гал үлээдэг төмрөөр цохин ууц, нурууны зөөлөн эдийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б*********** нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт хамтран амьдрагч М.Э*******г үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нуруу руу нь өшиглөж, гал үлээдэг төмрөөр цохин ууц, нурууны зөөлөн эдийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000083 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн өгсөн: “... Би Энхтуяатай 2001 оноос хойш хамтран амьдарч байгаа. 2006 онд хамтран амьдрагч болох Энхтуяа архи уулаа согтуу хэрүүл маргаан хийлээ гээд цагдаагийн байгууллагад хандсан тэгээд 30 хоног баривчлагдаж байсан. ... 2021 оны 12 сарын 31-ний орой ойр хавирах хамаатнуудын хүүхдэд бэлэг тарааж өгөхөөр хамтран амьдрагч Энхтуяа болон зээ хүү А*********ын хамт ээжийндээ болон хамгийн бага дүүгийндээ очсон тэгээд дүү Батхүүгийнд байхад намайг Энхтуяа он гарлаа ерөнхийлөгч үг хэлэх гээд байна гэртээ очоод бялуу шампанскаа аваад ир гэж хэлсэн тэгээд би очоод бялуу шампанскаа очиж авчирсан бялуугаа задлаад шампанскаа уучхаад гэр лүүгээ би зээ хүүгээ дагуулаад явсан харин манай эхнэр Энхтуяа манай дүүгийнд үлдсэн. Хариад байж байтал удаагүй Энхтуяа машинаар хүргүүлж ирсэн тэгээд би унтаж амаръя гэж хэлэхэд Энхтуяа ингэж явахаар үхье гээд олс аваад гэрээсээ гараад орж өгөхгүй байхаар нь би баруун хөл шагайны дээр, баруун гуя дотор тал руу нь гал үлээж асаадаг нарийн төмрөөр цохсон. Мөн гэр лүү оруулах гэж нуруугаар нь чирсэн тэгж байтал манай дүү ирсэн тэгээд Энхтуяа дээл өмсөөд жижиг цүнхээ аваад гараад явсан манай дүү эхнэртэйгээ маргалдаад байгаа юм гэж хэлсэн тэгээд дүү маань 5, 10 минут болоод гэрүүгээ явсан. Би Энхтуяаг хажуу талын айлд очиж хоносон байх гэж бодсон тэгээд би зээ хүүгээ өвөртлөөд унтсан. Маргааш өглөө би манайхаас дээшээ гол өгсөөд байдаг Баярхүү гэдэг айлд очоод ирсэн тэгэх хойгуур манай зээ хүү Энхтуяаг цүнхтэй хувцсаа гэрээсээ аваад сумын төв рүү Батдаваа ахтай явсан гэж хэлсэн. Би орой 17 цагийн орчим Энхтуяагийн дүү Батдаваатай утсаар ярихад сумын төвд байна хөл нь хавдаад гишгэж чадахгүй байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Энхтуяагийн дүү Батдаваа манай гэрт ирээд маргааш аймаг авч явна хөл нь гишгэж болохгүй байна шинжилгээ өгөх шаардлагатай малаа сайн хараараа гэж хэлсэн. Тэгээд Батдаваа Энхтуяаг аймаг оруулж өгчхөөд буцахдаа манай гэрээр ирсэн тэгээд тав дахь өдөр эмнэлэгт хэвтэх байх гэж хэлсэн. ... Би Энхтуяаг амиа хорлоно гээд олс аваад гарахаар нь би очоод гуйгаад оруулж хүчрээгүй болохоор нь би гал үлээж асаадаг төмрөөр цохисон мөн нуруугаар нь чирсэн. ...” гэх мэдүүлэг (хх-20-22х),

Хохирогч М.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Б***********тай 2001 оноос хойш хамтран амьдарч байгаа. Хамтран амьдарснаас хойш байнга хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилж байдаг. Урьд өмнө нь 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. 2 удаа баривчлагдаж байсан. Баривчлагдаж гарч ирээд яасан их цагдаад өгдөг юм дахиад цагдаад өгөөч шорондоо явуулаач гэж хэлдэг байсан учир би дахин цагдаагийн байгууллагад хандахаа байсан. 2021 оны 12  дугаар сарын 31-ний орой манай хамтран амьдрагч Б***********ын дүү нарын хүүхдүүдэд жил болгон бэлэг өгдөг тэгээд тэр хавиарах ах дүү нарт нь бэлэг тарааж өгчхөөд гэртээ Б***********тай хамт ирсэн Б*********** нь айл болгонд ороход айл болгон архи дарстай сайхан уур амьсгалтай наргиж цэнгэж байна. Манайд нэг ч шил архи байхгүй байна гээд ганц удаа баяр ёслол болж байхад баярлах ч эрх байхгүй малын барлаг болж байна ганц шил архи аваад ирэхэд ядаг юм гээд сумын төвд сар шахуу болчхоод гэх зэргээр дайрч эхэлсэн манай хамтран амьдрагч Б*********** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тавтиргүй аашилж намайг зоддог учир би архи авчраагүй юм. Тэгээд би Б***********т чи ямар архи ууж чаддаг биш би чамд архи авчирч өгч өөрийгөө дарамтлуулах ямар шаардлагатай юм гэж хэлсэн. Би Б***********т би ингэж амьд явахаар үхчихье гээд угаалгын машин дээр байсан нарын дээсэн уяаг аваад гэрээс гарах гэсэн чинь Б*********** миний ууц руу өшиглөж унгаагаад чирээд зуухны хажуу талд байдаг гал асаадаг нарийн төмрөөр миний мөр, ууц, ууцны дээхэн талд, цавь, баруун гарын шуу, баруун хөлийн шагайн дээд хэсэг рүү цохисон миний толгойгоос бусад бүх газар гал үлээдэг төмрөөр цохисон. Би тухайн үед Б***********т би үхлээ шдээ намайг битгий зодооч гэж зөндөө гуйж орилсон. Тэгээд манай гадаа машин ирэх чимээгээр Б*********** цохихоо болсон. Тэр машинаар өөрийнх төрсөн дүү, нагац ахынх хүү хоёр ирсэн согтуу би байх шиг байсан хаалгаар орж ирэхээр нь би шууд жижиг барьдаг цүнхээ аваад шууд зөрөөд гараад гүйсэн. Тэгээд би гэрийнхээ хойд зүгт байрладаг модон дотор нааш цааш явж шөнийг өнгөрөөгөөд өглөө 06 цаг өнгөрч байхад манайхаас 500 метрийн зайд байрладаг саахалт айлдаа очоод тэгээд би тэр айлын утсаар дүү Батдаваа руу яриад намайг ирээд аваач би ингээд зодуулаад, бие хаа хөдөлж болохгүй болчхоод байна гэж хэлээд намайг ирж аваач гэж хэлсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад манай дүү машинаар очиж авсан. Ирээд амралын өдөр байсан тул эмнэлэгт хэлэлгүй ээжийндээ хоноод нөгөөдөр нь сумын эмч Баасанжаргалыг манай дүү авчирч намайг үзүүлсэн. Баасанжаргал өвчин намдаах эм өгөөд эмнэлэгт хэвтэх юм уу гэсэн гэхэд нь би эмнэлэгт хэвтэхгүй гэж хэлсэн гайгүй болохоороо өөрөө эмнэлэгт очиж үзүүлэнэ гэж хэлсэн тэгээд би 10 хоног ээжийндээ эм ууж тариа хийлгэсэн. Тэгээд 2022 оны 01  дүгээр сарын 11-ний өдөр дүү Батдаваагаар аймгийн төв рүү хүргүүлж нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлсэн. Мөн ууц нуруу, аарцаг ясны зураг авхуулсан. Тэгээд нэгдсэн эмнэлгийн уламжлалтын тасагт 14 хоног эмчилгээ хийлгээд миний бие гайгүй болоод гэр лүүгээ 2022 оны 01 дүгээр сарын 28-нд явсан. ... Юу гэж өдөр болон байнга зодоод байхав дээ. Хүний амьдрал л болсон хойно бид хоёрт маргалдах зүйл зөндөө байдаг. Манай хүн хүч муутай, би багийн эмч учраас дуудлагаар ийш тийшээ явчихдаг, тэр болгонд ажил төрлөө зохицуулаад, хүүхдээ хараад гэртээ байж байдаг болохоор бухимдах үе байдаг л байх. Их уурласан үедээ хаяа нэг цохиж зодох асуудал байдаг. Тэр болгон цохиж зодоод байдаггүй. Нутгийн хүмүүс ч мэдэж байгаа. ... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хх-11-13, 16-17х),

Хохирогч М.Э*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие сумын хэсгийн төлөөлөгч болон мөрдөн байцаагчийг дуудсан үед нэг ч удаа таслахгүй ирж бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Энэ хүн уурлаад байдаг юм уу, эсвэл сэтгэцийн өвчний улмаас ингээд байдаг юм болов уу гэж би боддог. Үл ялиг шалтаг гараад жаахан уурлахаараа хүнд гар хүрдэг догшин авиртай юм уу. Тэрийгээ засах байх гэж би олон жил хүлээж явсаар эцэстээ эрүүл мэнд хохирох болоход би хуулийн байгууллагад хандсан. Цаашид энэ хүн ийм байдлаа засаж төрийн хууль гэдэг ямар байдаг, яаж хүний эрхийг хамгаалдаг гэдгийг ойлгосон байх гэж би бодож байна. Би нэг гэрт ийм олон жил амьдарсан юм чинь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй. Энэ хүн тэр алдаагаа ухамсарласан байх гэж бодсон. Дахиж ийм асуудал гаргахгүй, үнэхээр аймшигтай юм байна хууль гэдгийг ойлгосон гэсэн учраас бид хоёр эвлэрсэн. Энэ хүн бүх зүйлийг ойлгож, ийм байх хэцүү юм байна, хүн өөрийн дураар байж болдоггүй юм байна, хууль байдаг юм байна гэдгийг ойлгосон байх гэж бодоод би одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Дахин ийм байдалд хүрэхгүй гэдэгт нь би итгэж байгаа учраас би уучлалтыг нь хүлээн авч эвлэрсэн байгаа гэв.

            Насанд хүрээгүй гэрч Г.А*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой айлын хүүхдэд бэлэг тарааж өгөхөөр ээж, аавтай хамт би цуг явсан. Тэгээд аавын дүү Батхүүгийн очиж он гаргаж байхад ээж гэртээ буудуулах шампанск Батхүүгийнд буудуулахад аав /Б***********/ би хүн биш үү гээд ээж болон дүү Батхүүтэй маргалдсан тэгээд уурандаа ээжийг аав наанаа үлдээрээ гэж хэлээд хаяад явсан аав бид хоёр гэртээ хариад нэлээн удаж байхад ээж араас машинаар хүргүүлж ирсэн. Тэгээд аав ээжийг чи яах гэж ирээв гэж загнасан тэгсэн ээж би гэртээ ирлээ гэж хэлсэн тэгсэн ээжийг угаалгын машин мөргүүлсэн, гал үлээж асаадаг нарийн төмөр шүүрч аваад нуруу, цээж, хөл гар луу нь цохисон мөн цавь руу нь өшиглөсөн ээж толгойгоо хамгаалж байсан. Тэгээд үүдний довжоо мөргүүлсэн тэгээд буцаагаад гэр лүү чирж оруулсан. Ээжийг зодож байхдаа аав чи муу гичий намайг хэдэн жил малынхаа барлаг хийлгэчхээд ганц шил архи ч авч өгөхгүй зарж байна. Тэгээд би айгаад Баярхүү ахынд очиж хэлэхэд Баярхүү ахыг дагуулж гэртээ буцаж ирэхэд ээж гэртээ байхгүй Баярхүү ах манай гэрт хоносон. ... аав ээжийг байнга шаах уу зодож байдаг. ...” гэх мэдүүлэг (хх-25-26х),

            Гэрч Ц.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 18 цагийн орчим М.Э******* миний утас луу залгаад эгч нь хоёр хоногийн өмнө хүнд зодуулсан нуруу хөдлөхгүй байна зүүн хороонд ээж /мөнхжий/-гийнд байна гэсэн тэгээд би тухайн айлд очиход биеийн байдал нь дунд зэрэг байрлал нь хагас суугаа хөдөлгөөн хязгаарлагдсан царай шаналсан, баруун хонго нь хөхөрсөн, баруун мөр далны орчимд хөхөрсөн, босож гишгэж чадахгүй байсан. Артерийн даралт нь ихсэн зүрхний цохилтын тоо олширсон байсан би тэгээд өвчин намдаах тариа хийж өгөөд аймаг орж үзүүлэх талаар хэлсэн. Энхтуяа нь 12 дугаар сарын 31-ний шөнө гэртээ манай нөхөр Б*********** гал үлээж асаадаг төмрөөр цохсон гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-29-30х),

            Гэрч М.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн орчим манай эгч Энхтуяа нь нөхөр Б***********т зодуулаад Рэнчинлхүмбэ сумын 4-р багийн иргэн малчин Л.Дулмаагийнд байна. Бие тааруу байна ирж аваач гэж тухайн айлын утсаар дуудсан. Би өөрийн тээврийн хэрэгслээр тухайн өдрийн 17 цагийн үед Рэнчинлхүмбэ сумын 4-р баг хорхойт гэдэг газар очсон эгч орон дээр хэвтэж байсан нүүр аманд нь хөхөрч няцарсан зүйл байхгүй хөдөлж чадахгүй зовуурь их байсан. Сумын төвд гэртээ авчраад тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн их эмч Баасанжаргал үзээд яаралттай аймаг яв гэж хэлсэн тэгээд тэхээр нь би нөхөр Б***********тай утсаар холбоо барин эгчийн бие сул байна арай ч ингэж хүний ёсноос гадуур хүн зодно гэж юу байдгийн адилхан ээжтэй байж хүнийг ингэж зодлоо гэж хэлсэн мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргах нь эгчийн биеийн байдлаас шалтгаалан тэгэхдээ чиний эгчид ядарсан үед тусалж дэмжиж байсныг чинь бодоод бие нь гайгүй байвал ухамсраараа чи эгчээс өөрөө сал гэж хэлсэн. Эгчийн биеийн байдлыг 5,6 хоног нь ажиглан өвчин намдаах эмчилгээ хийлгээд биеийн байдал нь арай дээрдэхээр нь 2022 оны 01 дүгээр сарын 08-нд Мөрөн авч ороод томографик, эхо, рентгений зураг авхуулсан тэгээд Нэгдсэн эмнэлгийн сэргээн засах тасагт хэвтсэн. ... 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөр маань зодлоо гээд сумын төвд манай гэрт ирж байсан тухайн үед зүүн гарын шуу, зүүн хөлийн хянгар нь нэлэнхийдээ хөхөрсөн байсан би цагдаагийн байгууллагад хандъя гэж хэлэхэд манай эгч хандуулдаггүй. Б*********** хандаад ойлгохгүй гэж хэлдэг. Миний бодлоор баяр ёслол болон цайлга дайлга болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эгчийг маань зоддог. ...” гэх мэдүүлэг (хх-33-34х),

            Гэрч Ж.Д**************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пүрэвсүрэн овогтой Б*********** нь 1978 онд төрсөн үг дуу цөөтэй хамаагүй хүн болгонтой ярилцаад байдаггүй. Архийг бол байнга хэрэглэдэггүй хэрэглэсэн үедээ тавтиргүй хүн, хамтран амьдрагч Энхтуяа нь Б***********ыг архи уусан үед нь их үглэдэг тэрнээс болж гэр бүлийн маргаан, зодоон цохион гардаг байх гэж бодож байна. Б*********** Энхтуяа хоёр дундаасаа нэг хүүхэдтэй тэр нь одоо оюутан. Б***********ын хувьд архи согтууруулах ундаа нээх хэргэлдээгүй. Зан араншны хувьд төлөв даруу, томоотой тусархаг хүн. Ганц нэг шил архи би хааяа хувааж уухад
ямар нэг муухай зан авир гаргадаггүй. Эхнэр нь манай багийн эмчээр олон жил
ажиллаж байгаа эхнэрээ ажил төрлөөр хөдөө айл амьтнаар олон хоногоор явахад
Б*********** нь ар гэрийнхээ бүх ажлыг амжуулж байдаг. Ер малч ажилсаг хүн гэж
би бодог. Тэр айлын ар амьдралыг Б*********** нь бүгдийг зохицуулж байдаг. Би
Б***********ыг хүн амьтантай зодолдож байна гэж сонсоогүй. Харин Хамтран
амьдагч Энхтуяатай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэлдэж маргалдсан гэж би сонсон. ...” гэх мэдүүлэг (хх-37-38х),

            Гэрч Т.М************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б*********** нь бага боловсролтой сургуулиас гараад ээж Пүрэвсүрэнтэй хамт амьдарч байгаад 1990 ээд оны сүүлээр Энхтуяа эмчийн нөхөр нь Ням гэдэг хүн нас барснаас хойш тэр цагаас Энхтуяатай өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа. Энхтуяа нь дагавар нэг хүү нэг охинтой Б*********** Энхтуяа хоёр дундаасаа нэг хүүхэдтэй одоо тэр хүүхэд нь хотод оюутан. ...” гэх мэдүүлэг (хх-41-42х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай:

            1. М.Э*******гийн биед тухайн үед ууц, нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

            3. М.Э*******гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-45х),

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-60-62),

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-63-71х),

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт (хх-73х), Морж овогт П***********н Б***********ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-74х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-75х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-76х), 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-77-78х), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-79х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.Эрүүгийн 2238000000083 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч П.Б*********** нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багт хамтран амьдрагч М.Э*******г үл ялих зүйлээр шалтаглан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, нуруу руу нь өшиглөж, гал үлээдэг төмрөөр цохин ууц, нурууны зөөлөн эдийн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч П.Б***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

            Хохирогч М.Э*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-11-13, 16-17х),

            Насанд хүрээгүй гэрч Г.А*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-25-26х),

            Гэрч Ц.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-29-30х),

            Гэрч М.Б***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-33-34х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт  (хх-45х),

            Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-60-62),

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-63-71х),

            2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-77-78х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Б***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч П.Б*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч П.Б*********** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч П.Б*********** нь хохирогч М.Э*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Б***********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-77-78х),

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Б***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

            Шүүгдэгч П.Б*********** нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч П.Б*********** нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Морж овогт П***********н Б***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П***********н Б***********ыг 500 (таван зуун мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Б*********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Б*********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч П.Б***********ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б***********т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЭЭЖИН