| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0278/Э |
| Дугаар | 310 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 310
2022 03 02 2022/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч *******,
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Б.Дэлгэрмаа /цахимаар/ нарыг оролцуулан эрүүгийн 2203 00067 0108 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1997 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид механик жолооч ажилтай, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 2-16 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны 21 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Асайт” худалдааны төвийн баруун талын замд “Toyota Chaser” маркийн 52-50 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн дүрмийн 1.3-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрж, явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Тайванбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны 21 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Асайт” худалдааны төвийн баруун талын замд “Toyota Chaser” маркийн 52-50 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрж, явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Тайванбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч М.Тайванбаатарыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“Toyota Chaser” маркийн 52-50 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал гэнэт миний машины урдуур хар бараан өнгийн зүстэй нохой гүйгээд ороод ирэхээр нь би сандраад жолооны хүрдээ зүүн гар тал руугаа дараад эсрэг талын урсгал руу ороод замын хашлага даваад явган хүний замаар явж байсан М.Тайванбаатар гэх хүнийг машиныхаа жолоочийн эсрэг талын урд талын крыла хэсгээр мөргөчихсөн...осол болсны дараа би хохирогч М.Тайванбаатарыг би өөрийн биеэр эмнэлгийн байгууллагад авч явж үзүүлсэн ба энэ үед нийт 500.000 орчим төгрөгийг үзлэг, оношлогоо, эм тарианд зарцуулсан...мөн хохирогч М.Тайванбаатарын эмчилгээнд зориулж түүний гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 13-167Б тоотод очиж 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирогч М.Тайванбаатарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,
Хохирогч М.Тайванбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан өлгийн зам, Асайт худалдааны төвийн баруун талын замын ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах явган хүний замаар хойшоо чиглэлд ганцаараа алхаад явж байтал гэнэт амаас маркийн 52-50 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний явж байсан явган хүний зам дээр гарч ирээд машиныхаа жолоочийн эсрэг талын урд талын хэсгээр миний зүүн талын хөлийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Гэрч Б.Ариун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...улсын дугаарыг нь мэдэхгүй, бараан өнгөтэй, урд талын буфер нь цагаан өнгөтэй “Тoyota Chaser" маркийн тээврийн хэрэгсэл замын талын явган хүний зам дээр хойшоо чиглэлд алхаад явж байсан ул таних эрэгтэй хүний зүүн хөл хэсгийг нь машиныхаа жолоочийнхоо эсрэг талын урд талын хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 22-23 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1941 дүгээр шинжээчийн дүгнэлт:
1. М.Тайванбаатарын биед зүүн шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,
2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-16 дугаар тал/, *******г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр тал/ зэргээр тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны 21 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Асайт” худалдааны төвийн баруун талын замд “Toyota Chaser” маркийн 52-50 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрж, явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Тайванбаатарыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч М.Тайванбаатар нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ******* 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч М.Тайванбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР