Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1908

 

 “ТБТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01307 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ТБТ” ХХК-ийн, Ү.Бд холбогдуулан гэрээний үүргээс учирсан хохиролд 13 369 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, өмгөөлөгч А.Зоригтбаатар

Хариуцагч Ү.Б, өмгөөлөгч Э.Ганхөлөг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч “ТБТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ү.Бтай 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 1 дүгээр 50 мянгат, 17 дугаар байрны 1 давхарт байрлах 36 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 12 сарын хугацаанд түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан.

Ингээд уг обьектод үйл ажиллагаа явуулахад шаардлагатай засан сайжруулалт, засвар үйлчилгээг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэн, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлж, элдэв зөрчил гаргалгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн, манай компани 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариу мэдэгдэл, хүсэлт явуулсан боловч албан ёсоор хариу өгөөгүй, 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд тухайн өрөөг суллахыг шаардаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсноор бидний зүгээс эд хөрөнгийн хохиролд орсон.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Л.Лхагвадулам, Л.Даваахүү, Х.Алтансүх нарын өмч болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.Бас гаргаж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Хариуцагч нь түрээсийн гэрээг байгуулах эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 6 352 000 төгрөг, мөн түрээсийн байранд хийсэн засварын зардалд 6 837 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сайн ломбард нь манай дэлгүүрт 2016 оны 3 сараас эхлэн байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа.

Манай хүү хүнд өвдөж бид удахгүй гадагшаа удаан хугацаагаар явж эмчлүүлэх шаардлага гарсны улмаас дэлгүүрийн үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зогсоож хаахаас өөр аргагүй болсон.

Энэ тухайгаа түрээсийн гэрээнд заасан ёсоор түрээслүүлэгч талд албан ёсоор мэдэгдэж, гэрээг цуцлах тухай саналыг тавьсан.

Би засварын зардлыг баримтаар тогтоогдохгүй байгаа хэдий ч 2 837 500 төгрөгийг зөвшөөрч, төлнө. Харин хаяг хийлгэсэн зардал 2 500 000 төгрөг, ажлын засварын хөлс 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн хаягийг “ТБТ” ХХК нь өөрсдөө авч явсан, түүнийг дахин ашиглах боломжтой юм. Харин засварын ажлын хөлсөнд нэхэмжилсэн 1 500 000 төгрөг нь дээрх 2 897 500 төгрөгийн материалын зардалд багтсан тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 6 532 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ү.Б нь гэр бүлийн гишүүн хамтдаа харилцан тохиролцож түрээсийн гэрээг байгуулсан тул эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Ү.Бас 9 537 500 төгрөгийг гаргуулан “ТБТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Бас нэхэмжлэл хангагдсан 9 537 500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 167 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБТ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ү.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Түрээсийн гэрээг байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Л.Лхагвадулам байсан, харилцан тохиролцон зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулж Ү.Б гарын үсэг зурсан.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байх үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох гэр бүлийн гишүүдээс түрээсийн гэрээтэй холбоотой аливаа маргаан гаргаж байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ү.Баттулгыг нэмж хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх гэсэн боловч гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн А.Даваахүү нас барсан тул өвлөх эрх нээгдэх хугацаа болоогүй байсан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бодитойгоор ашиглаж байсан тухай хэрэгт баримтаар нотлогдсон, энэ тухай үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх 6 сарын түрээсийн төлбөр болох 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Засварын материалын 2 837 500 төгрөгөөс “ТБТ” ХХК-ийн Сайн Ломбардны 21 дүгээр хороололд байрлах салбарт засварын ажил хийгдэж байсан гэх ба тэрхүү засварын ажилд 800 000 орчим төгрөг орсон гэж гэрч мэдүүлсэн байхад төлбөрт 3 537 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Засварын ажлын хөлс болох 1 500 000 төгрөгт дээрхээс өөр салбарын засварын ажлын хөлс орсон байж болзошгүй тул нэхэмжлэгч хэдэн төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, салгаж явах боломжтой эд хогшил юу байсан гэх асуудалд шинжээч томилох зайлшгүй шаардлагатай байхад анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаагүй.

Иймд тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч зохигчдын хоорондын маргаанд хамаааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Тайгын булаг” ХХК нь хариуцагч Ү.Бас түрээсийн гэрээ цуцалснаас учирсан хохиролд 6 837 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, гэрээгээр шилжүүлсэн төлбөр болон засварын зардал нийт 13 369 500 төгрөг гаргуулахыг шаардсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардалд 2 837 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 1 дүгээр 50 мянгатын 17 дугаар байрны 1 давхарт байрлах Бадмаараг дэлгүүрийн 36 м.кв талбайг, 1 жилийн хугацаатай ашиглуулахаар нэхэмжлэгч “ТБТ” ХХК-д шилжүүлэн өгөх, нэхэмжлэгч нь эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашигласны хөлсөнд сар бүр 1 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч тал түрээсийн зүйлийг 6 сарын хугацаанд ашиглаж, төлбөрт нь 6 000 000 төгрөг шилжүүлсэн байна.

            Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний үр дагаврын талаар маргажээ.

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч гэдэг нь түрээсийн зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч, түүнийг төлөөлсөн этгээд байхыг шаардана.

Хэрэгт цугларсан баримтаас харахад маргааны зүйл болох 36 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Л.Лхагвадулам, Л.Даваахүү, Х.Алтансүх нар бүртгэгдсэн, энэ бүртгэлд өөрчлөлт ороогүй байхаас гадна хариуцагч нь өмчлөгч нарын зүгээс түүнд өмчлөлийн зүйлээ бусдад түрээслэх эрх олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь үр дагаврыг шаардах нэхэмжлэлийн үндэслэл болох бөгөөд зохигчдод Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах өөрөөр хэлбэл талууд өгсөн авснаа буцаан шилжүүлэх үүрэг үүснэ.

Нэхэмжлэгч “ТБТ” ХХК нь түрээсийн зүйлийг 6 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдсон учир түүнийг энэ хугацаанд түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх ба түрээсийн төлбөрт төлсөн 6 000 000  төгрөг, ашиглалтын зардал төлсөн гэх 532 000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хариуцагчаас 6 532 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.  

Мөн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байхад гэрээний үүрэг дуусгавар болох үеийн талуудын эрх, үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.4 дэх заалтаар дүгнэлт хийсэн нь оновчгүй болжээ.

Түрээсийн гэрээний зүйл нь хариуцагч Ү.Баттулгын өмчлөлд бус Л.Лхагвадулам, Л.Даваахүү, Х.Алтансүх нарын өмчлөлийн зүйл байх бөгөөд хариуцагч нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн буруутай байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу нэхэмжлэгч “ТБТ” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч компани хариуцагчаас 13 369 500 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүхэд зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 1 500 000 төгрөгөөс гэрч Б.Пүрэвжаргалын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн 800 000 төгрөгийг хасч 700 000 төгрөгийг, хариуцагчийн зөвшөөрсөн 2 837 500 төгрөг нийт 3 537 500 төгрөгийг хохиролд тооцон, хаягны үнэ 2 500 000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч тал уг хаягаа цаашид ашиглах боломжтой гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад, мөн нэхэмжлэгч “ТБТ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 19 000 төгрөг дутуу төлснийг нөхөн гаргуулаагүй байх тул шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад тус тус нэмэлт өөрчлөлт оруулан, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.Бас 3 537 500 /гурван сая таван зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБТ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9 832 000 /есөн сая найман зуун гучин хоёр мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч Ү.Бас 71 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБТ” ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “ТБТ” ХХК-иас 19 000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

                                                  

               ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                   

                                                          Ч.ЦЭНД