Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0678

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0678

Улаанбаатар хот

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2016/0014 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2016/0014 дугаар шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн буюу “Г” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь хэсэгчлэн татгалзсан “Г” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... “Г” ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байсан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу дээрх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох болгон өөрчилсөн болно.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхад татгалзсан болгож шүүхийн шийдвэртээ тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг зөрчиж, хууль буруу хэрэглэсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь заалтыг үндэслэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Манай компанийн өргөдлийг Дорноговь аймгийн Засаг дарга хянаж 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоотоор хариу өгөхдөө дээрх хуулийн ямар зүйл заалттай гаргасан өргөдөл зөрчилдөж байгаа талаар дурьдаагүй сонгон шалгаруулалт явуулахаар Дорноговь аймгийн Засаг даргаас санал авахаар хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай гэсэн дүгнэлтийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн тул боломжгүй гэсэн байдаг.

Хуульд зааснаар өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ. гэж заасан боловч хуулийн үндэслэлгүй захиргааны акт гаргасан гэж бид маргаж байгааг шүүх эсрэгээр нь шийдвэртээ үндэслэсэн болно.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс уг нь дээрх талбайтай давхцсан эсэхийг хянаж дүгнэлт гаргах ёстой байхад хуульд байхгүй үндэслэлтэй дүгнэлтийг ирүүлсэнийг үндэслэн Засаг дарга манай өргөдлийг татгалзсаныг өөгшүүлж байгаа хэрэг юм.

Уг нь шүүхийн байгууллага нь хэдийгээр тухайн маргаантай хэрэгт хамруулж шийдвэр гаргах боловч, хууль бус шийдвэр, үйл ажиллагааг таслан зогсоож төрийн албан тушаалтнуудын хууль дээдэлдэггүй, хууль үндэслэдэггүй үйлдлийг залруулж зөв үйл ажиллагаатай болгоход чиглэсэн давхар агуулгатайгаар маргааныг шийдвэрлэж байдаг билээ.

Манай компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу өргөдлөө гаргасан бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгтэй зөрчилдөж байгаа эсэхийг бид биш Дорноговь аймгийн Засаг дарга, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс л хянах эрх, үүрэгтэй бөгөөд өргөдлийг татгалзсан шалтгаанд энэ талаар ямар ч үг үсэг байхгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудасны 2 дахь догол мөр “Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "... сонгон шалгалуулалт явуулахаар хүлээгдэж байгаа талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй, өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явуулах талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хориглосон зүйлгүй ..." хэмээн тайлбарлаж байгаа нь ч үлдэслэлгүй байна. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д "Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй” гэж заасан нь сонгон шалгаруулалт явуулах талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шууд авч болно гэсэн ойлголт бус харин түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад сонгон шалгаруулалт явуулахгүй, өөрөөр хэлбэл тухайн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын бус журмаар буюу өргөдлөөр олгох зохицуулалт болно.” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан болно.

Мөн уг маргаан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журамтай холбоотой байхад хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй болно.

Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн шүүх 115/ШШ2016/0014 тоот шийдвэрээрээ хуульд байхгүй, хууль бус үндэслэлээр эсвэл худлаа мэдээлэл агуулсан дүгнэлтэд үндэслэсэн төрийн байгууллага, албан тушаалтны үйлдлийг өөгшүүлэн зөвтгөж иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийг дахин гаргах боломжийг бүрдүүлж өгч байна гэж үзэж байна.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хэргийг хянаж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 115/ШШ2016/0014 тоот шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй, өөрчилсөн байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээсээ татгалзсан байдлаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг татгалзсан болгож шүүхийн шийдвэртээ тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг зөрчиж, хууль буруу хэрэглэсэн...” гэх гомдлын тухайд:  

1. Нэхэмжлэгчээс анх “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 тоот захиргааны актыг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр “маргаан бүхий актыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг шүүх хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны явцад тодруулахад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагаа дахин илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаагүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан мэтээр шийдвэрлэсэн нь буруу. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэстэй байна.

2. “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хуульд байхгүй үндэслэлтэй дүгнэлтийг үндэслэн Засаг дарга манай өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус...” хэмээх гомдлын үндэслэлийн тухайд:

 Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/295 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбай, сонгон шалгаруулалт явуулахаар санал авахаар хүлээгдэж байгаа талбайтай давхцалтай тул зөвшөөрөхгүй гэсэн дүгнэлтийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгджээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14.3-т “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, ... Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ” гэж тус тус заасны дагуу Дорноговь аймгийн Засаг дарга эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн хүсэлт гаргасан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг, Шохойт нэртэй газарт байрлах 400 га талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлсэн сонгон шалгаруулалтаар олгох ашигт малтмалын хайгуулын талбайтай давхцалтай болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан талбайд Ашигт малтмалын газраас шүүлт хийж, тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, ... Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа байх ба нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй, харин уг дүгнэлтийг үндэслэн өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн Засаг даргын албан албан бичгийг хууль бус гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй, энэхүү өргөдөл шийдвэрлэх ажиллагаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д “Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй.” гэсэн заалт нь Ашигт малтмалын тухай хуульд заасан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, болон тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон мөн цуцлагдаж чөлөөлөгдсөн талбайд хамаарах заалт бөгөөд энэ тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход хамаарахгүй гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмыг хэрэглэх ёстой байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 115/ШШ2016/0014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хасаж 4 дахь заалтыг 2, 5 дахь заалтыг 3 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг буцаан олгож, 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.         

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ         

                           ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                           ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ