Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/326

 

 

 

 

 

 

2022         03          03                                      2022/ШЦТ/326

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгч Ч.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Баярбатад холбогдох 2203 00071 0133 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 02 дугаар сарын 28-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дахь эхийн 1 дүгээр гудамжны 703 тоотод оршин, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Чийн Б/РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ч.Бнь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талын автобусны буудлын замд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 18 цаг 40 минутын орчимд “Эрдэм транс” ХХК-н эзэмшлийн Хьюндай Аэро сити /Hyundai Aero city/-540 маркийн 05-76 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэг “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж,хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” 14.5 дэх хэсэг “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах,суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно” гэсэн заалтуудыг зөрчин зорчигч Т.Сүхбаатарыг замын хашлага дээр буулгасан даруй тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөнийг эхлүүлснээс баруун гарыг нь дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баярбатын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-07, 10-12/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.08-09/,

Сиди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Сүхбаатарын өгсөн: “... Хөдөө аж ахуйн буудлаас автобус хөдөлж байхаар нь автобусны буудал жоохон өнгөрөөд автобуснаас буухаар болоод хойд талын хаалгаар буугаад замын боржур дээр 2 хөлөө гишгээд алхаж байтал халтираад хойшоо унаад баруун гарын сарвуун дээгүүр автобусны баруун хойд дугуйд дайруулсан... Жолоочоос эмчилгээний зардалд 700.000 төгрөг авсан, нэмж 1.000.000 төгрөг авахаар тохирсон байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.гэх мэдүүлэг /хх.21-23/,

Хохирол барагдуулсан тухай баримт /хх.25, 106/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Баярбатын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 01-р сарын 18-ны өдөр би “Эрдэм транс” ХХК-ны нэр дээр байдаг Hyundai Aero city 540 маркийн 05-76 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодоод Шарга морьтоос, Дүнжингарав худалдааны төв орох гээд Хөдөө аж ахуйн урд талын автобусны буудал дээр 2 хүн буугаад дөнгөж хөдлөөд ертөнцийн зүгээр баруунаас, зүүн тийш 1-р эгнээнд явж байтал автобусны хойд хаалганы харалдаа суудал дээр сууж явсан согтуу эрэгтэй хүн бууя гэхээр нь буудал дээр зогсож байсан нэг автобусыг гүйцэт түрүүлээд 1-р эгнээнд зогсоод тухайн хүнийг хойд хаалгаар буулгахдаа баруун талын толиндоо харахад тухайн зорчигч бууж байгаа харагдсан.Тэгэхээр нөгөө талын эгнээний автомашины хөдөлгөөнийг зүүн талын толиндоо хараад хөдлөөд баруун талын толиндоо буцаад хартал автобусны бууж байсан согтуу эрэгтэй хүн баруун хойд талын автобусны дугуйны харалдаа уначихсан байхаар нь автобусаа зогсоогоод буугаад очтол автобуснаас буусан согтуу зорчигчийн баруун гараас нь цус гоожсон байдалтай байхаар нь кабин руугаа гүйж ороод алчуураар баруун гарыг ороогоод тухайн хүнийг зүүн гараас нь бариад автобусандаа оруулаад урд хаалганы харалдаа сандал дээр суулгасан. Автобусанд тухайн үед зорчиж явсан 10 орчим хүнийг автобуснаас буулгаад өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн.Дараа нь 102-т дуудлага өгсөн.Автобусанд явж байсан 10 орчим хүмүүс автобуснаас буугаад яваад өгсөн.Бөхийн өргөөнд уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан уулзварын нэг замын цагдаа ирсэн. 103-ийн эмч ирж үзээд гэмтсэн зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.Бүрэлдэхүүний цагдаа нар ирээд хэргийн газарт хэмжилт хийсний дараа автобусыг журмын хашаанд аваачиж хийсэн...”,

“... би сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.27-28, 82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Сүх-Эрдэнийн өгсөн: “... Манай жолооч хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг даатгалаар шийдвэрлэх боломжтой. Мөн жолооч өөрөө хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байна. зайлшгүй шаардлагатай байдал үүсвэл байгууллага хохиролд оролцоно” гэх мэдүүлэг /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2069 дүгээр:

“1. Т.Сүхбаатарын биед баруун сарвууны 3, 4, 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

З.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4.Дээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.49-51/,

Өвчний түүх /хх.53-69/,

Мөрдөгчийн магадалгаа /хх.72-73/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.78-80/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.81/,

Шүүгдэгч Ч.Баярбатын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.30-31, 86-104/,

Хохирогчид хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх.108/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн гаргасан хүсэлт /хх.111/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.112-113/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ч.Бнь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талын автобусны буудлын замд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд “Эрдэм транс” ХХК-н эзэмшлийн Хьюндай Аэро сити /Hyundai Aero city/-540/ загварын 05-76 УНЯ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг биеэр шалгаж,хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж, мөн дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.5 дэх хэсэгт “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах,суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно” гэж тус тус заасныг зөрчин, зорчигч Т.Сүхбаатарыг замын хашлага дээр буулгасан даруй тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөнийг эхлүүлснээс түүний баруун гарыг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-07, 10-12/,

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх.08-09/,

Сиди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Сүхбаатарын өгсөн: “... автобуснаас буухаар болоод хойд талын хаалгаар буугаад замын боржур дээр 2 хөлөө гишгээд алхаж байтал халтираад хойшоо унаад баруун гарын сарвуун дээгүүр автобусны баруун хойд дугуйд дайруулсан...гэх мэдүүлэг /хх.21-23/,

Хохирол барагдуулсан тухай баримт /хх.25, 106/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Баяртогтохын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2069 дүгээр:

“1. Т.Сүхбаатарын биед баруун сарвууны 3, 4, 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Дээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.49-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Баярбатын яллагдагчаар өгсөн: “... би сонсож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.82/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бгэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Ч.Баярбатын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Баярбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Ч.Баярбатын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Ч.Баярбатыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ч.Бнь хохиролд 1.700.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч Т.Сүхбаатар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэвч хохирогч Т.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Баярбатаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ч.Баярбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ч.Баярбатын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Ч.Баярбатад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Баярбатад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэг үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Чийн Баярбатыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баярбатад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Баярбатад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Баярбатад сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          7. Хохирогч Т.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ч.Баярбатаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Баярбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР