Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/335

 

 

 

 

 

2022         03           07                                     2021/ШЦТ/335

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Б.Эрхтамир,

Гэрч Б.Золзаяа, Н.Намуун,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох 2006 00000 2278 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Үйлдвэрчний Эвлэлийн гудамжны 102 дугаар байрны 41 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Статистикийн 12 айлын 4 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Дампил овогт БМ /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын хажууд иргэн Л.Сүхбаатарын шилэн хүзүүн дээрээс нь барих зэргээр хүч хэрэглэж түүний өмсөж явсан хар өнгийн пүүз, Самсунг жи-7 маркийн гар утас зэргийг авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жулия төвийн хажууд иргэн Л.Билгүүний нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Эрхтамирын эзэмшлийн 97-91 УАМ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу Б.Эрхтамирыг унтаж байхад тээврийн хэрэгслийг нь завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргүүдэд холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрхтамирын өгсөн: “... Би өгсөн мэдүүлэгтээ огт худал яриагүй. Тухайн үед миний халаасанд түлхүүр байсан. Түлхүүрийн оосор халаасанд тасраад үлдсэн байсан гэхээр халааснаас авсан байгаа юм. Би холбогдох гэхэд миний симийг салгаад аваад явсан байсан. Би такси бариад таксины жолоочийн дугаараас залгахад холбогдоход офицер дээр байна гэхээр ирээд авчих гээд 20 минутаас 30 минут хүлээгээд дахиж залгахад утас нь холбогдоод халдвартын эцэс дээр байна гэж хэлсэн. Тэнд очоод хүлээж байгаад утас нь холбогдохоо больсон. Тэгээд гэртээ ороод болсон зүйлээ ярихад манай эхнэр шөнийн 2 цагт цагдаад дуудлага өгсөн. Тэр оройдоо дуудлага өгсөн. Мтай холбогдоход одоо очлоо гэж хэлдэг байсан. Би тухайн үед Баялаг-Ундраа дээр зогсдог байсан. Ирчихлээ гэхээр нь эхнэрийгээ түлхүүр хүлээгээд авчих гээд гаргатал түлхүү өгчхөөд намайг гарахаас өмнө яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Золзаяагийн өгсөн: “... Тухайн өдөр манай түцний урд М нэг үл мэдэгдэх залуутай зодолдсон. Тэгээд Цэндсүрэн, Хүслэн хоёр салгасан. Тэрийг нь би харсан. Салгаад байж байтал Мтай зодолдсон өндөр залуу босож ирээд хэрүүл болгоод байсан. Тэр залуу нь гоймон идээд байж байгаад хоорондоо юм яриад муудалцсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Намууны өгсөн: “... Таксины барьж гэртээ ирээд машин ингэчихлээ гэхэд нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгөөд холбоо сураг байхгүй байж байгаад маргааш нь байх М өөрөө надтай холбогдсон. Өөртэй нь яриад машин тэрэг гэхэд аваачаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа руу залгаад утас нь холбогдож байна гээд утасны дугаарыг нь дуудлага өгсөн цагдаад өгсөн. Тэгээд өөрөө цагдаатайгаа ярьсан байх. М та дуудлагаа буцаагаад авчих гэж хэлэхээр нь цагдаад авч ирэх гэж байгаа юм шиг байна гэж хэлсэн. Машин авч ирэхэд нэлээ их зүйл болсон байсан. Манай нөхөр машины түлхүүр, машин байхгүй болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Л.Сүхбаатарын өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр найз Мандахсүлд, Түвшинжаргал ах нарын хамтаар явж байтал Түвшинжаргал ах “Шарковтой уулзах уу” гэхээр нь би “үгүй, Шарков ахтай уулзахгүй, би явлаа” гээд Мандахсүлдийн хамт явж байтал миний 99653041 гэсэн дугаар руу залгаад “Шарков байна, чи хаана байна” гэхээр нь ... “чи яагаад надаас зугтаагаад байгаа юм, би хэзээ чамайг зодоод байдаг байсан юм, чи буцаад хүрээд ир” гэхээр нь би “за за” гэж хэлээд Мандахсүлдийн хамт яваад очтол Шарков ах “чи ямар пүүз өмссөн юм, ахын дүү пүүзээ тайлчих” гэж хэлэхээр нь “ээ ахаа битгий л дээ” гэж хэлтэл “битгий маяглаад бай” гээд намайг шилдэн авч яваад Шарков ах “чамд мөнгө байна yy” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэтэл “чи ахын дүү утсаа гаргаад ирээч” гэж хэлэхээр нь би утсаа гаргаталахын дүү чиний утсыг чинь зараад архи ууя” гэхээр нь “ээ яах юм бэ” гэж хэлтэл “за маяглаад бай, ах нь эхнэрээсээ салаад хэцүүхэн байна, өнөөдөр ахтайгаа цуг архи уучих” гээд Мандахсүлд, Түвшинжаргал нарын хамтаар яваад ... Шарков ах миний гар утсыг шагийн архи зардаг хүмүүст 50.000 төгрөгөөр зараад ... Анар зочид буудалд өрөө авч ороод тэндээ авсан пиво ууцгаасан... намайг дээрэлхээд миний пүүзийг авч өөрөө өмсөөд, өөрийнхөө пүүзийг надад өгөөд миний гар утсыг зарчих гэж дээрэлхсээр байгаад заруулаад архи авч уусан... Би М ахаас айсандаа гар утас пүүзээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

“... намайг цохиж зодоогүй, гэхдээ утсаа өгчих, барьцаанд тавь, мөнгө өгчих, пүүзээ өгчих, битгий маяглаад бай гэх зэргээр намайг айлгаж дарамтлаад байсан учир би түүнд эд зүйлээ өгсөн... би өөрийн Шигтгээ 2 нэртэй пүүзээ Мгаас авсан, мөн гар утасныхаа оронд муу утас Мгаас авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.14/,

“Дамно” ХХК-н 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БЗД2-20-960 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Билгүүний өгсөн: “... би 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02 цагийн үед гараад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жулъя гэх нэртэй газраас архи авахаар ганцаараа үлдсэн. Баянзүрх зах руу эргэдэг зам дээр үл таних 18-19 настай эрэгтэй хүн гарч ирээд чи зайл л даа гээд байсан... тэгээд надтай анх маргалдсан залуу нь миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа нар “аль нь чамайг зодсон юм” гэхээр нь намайг өшиглөсөн гэх залууг барьж авсан... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан доод уруулын шарх гэмтлийг анх надтай маргалдсан залуу миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд үүссэн гэмтэл байна. Миний нүүр рүү өшиглөсөн залуу нь тухайн үед дээгүүрээ нүцгэн, 2 гарын шуу хэсэгтэй шивээстэй, цагаан өнгийн өмдтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх.1.50-56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Цэндсүрэнгийн өгсөн: “ ... би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед Бөхийн өргөөний хажууд 2 найзын хамтаар пиво уусан. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01 цагийн үед Жулъя гэх нэртэй газраас пиво авсан. 03 цагийн үед ахиж пиво авах гээд явтал миний таних Баясаа нь үл таних залуугийн доор орчихсон зодуулж байсан. Тэгэхээр нь би очиход тэр залууг түлхчхээд эргээд явсан. Тэр үед Баясаа нь босож ирээд тухайн үл таних залууг өшиглөж байх шиг байсан... би тэр үл таних залууг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.57-60/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11517 дугаартай:

“1.2. Л.Билгүүний биед доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээр гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.1.64-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Мандахсүлдийн өгсөн: “... Бек гээд ах өөр нэг хүнтэй фейсбүүкээр видео хийгээд Сүхбаатарыг дуудаад бид 3 Жуковын урд талын автобусны буудал дээр очиж М гэх ахтай уулзсан. Тэгээд очиход утсыг ломбардад тавиад буудалд хононо гээд байсан. Тэгээд Сүхбаатарын утсыг М нь аваад ... Анх Жуковын буудал дээр уулзахад М нь Сүхбаатарын пүүзийг хараад пүүзээ ахдаа өг гээд пүүзээ солиод өмссөн...” гэх мэдүүлэг /хх.1.80-82/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Б.Энхтамирын гаргасан өргөдөл /хх.1.147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрхтамирын өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хангамжийн автобусны буудал дээр 68 дугаар сургуулийн доод ангийн дүү Б.Мтай уулзсан. Тэгээд 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны тийшээ Б.Мгийн эмээгийн хашаа байшинд нь очсон. Тэр байшинд Мгийн хамаатны ах, нэг найзтай нь хамт байсан. Тэгээд бид нар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж ууцгаасан ба би ууж байх явцдаа жоохон унтаж архиа гаргая гэж бодоод 18 цагийн үед унтсан. Ингээд 08 цагийн үед унтаад сэрсэн чинь миний машин байхгүй байсан. Би унтахдаа түлхүүрээ өмднийхөө халаасанд хийгээд унтсан. Би байшин дотор хүн байгаа эсэхийг харахад Мгийн найз, ахтай нь хамт унтаж байсан. Тэгэхээр нь би уг байшингаас гараад такси бариад явж байхдаа М руу залгаад таксины жолоочийн утаснаас “машин яачих ваа” гэж асуусан чинь “би машиныг чинь унаад офицер дээр явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би офицер дээр яваад очтол байхгүй байсан. Иймд би таксины жолоочийн утаснаас М  90575701 дугаарын утас руу залгасан чинь “Халдвартад явж байна” гэж хэлээд салгаад утас нь холбогдохгүй болсон. Ингээд би гэртээ хариад найз охины утаснаас 90575701 дугаарын утас руу залгасан чинь “би товчоон дээр байна” гээд салгасан. Тэгээд дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн үед миний 97-91 УАМ улсын дугаартай Приүс 30 маркийн автомашиныг М манай гэрийн гадаа авчирч өгсөн. Тэр үед машины урд, хойд купер, зүүн хойд хаалга, зүүн хойд гэрэл, банкны таг хэсэг эвдэрч хонхойх нь хонхойж зурагдсан байсан. Мөн доод талын банк чихэгдсэн байсан... Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М руу залгасан чинь битгий цагдаад өгөөрэй, би удахгүй засуулж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.150-153/,

“... намайг архи уугаад сэргэе гэж бодоод унтсаны дараа М миний өмдний халаасанд байсан машины түлхүүрийг аваад машин унаад явчихсан байсан. Би тухайн үед Мд машины түлхүүрийг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Намууны өгсөн: “... манай нөхөр Эрхтамир такси бариад нэлээн эрүүл болчихсон гэртээ хүрч ирсэн, би тухайн үед таксины мөнгийг нь өгөөд нөхрөөс “машинаа яасан юм” гэж асуухад “унтаж байхад М гэх залуу түлхүүрийг нь аваад машиныг унаад явчихсан, хаана байгаа мэдэгдэхгүй байна” гээд сандарсан байдалтай хэлсэн. Тэгээд би цагдаад 102 дугаарын утсанд манай нөхрийн машиныг согтуу хүн унаад явчихсан байна гэж дуудлага өгсөн. Мөн би Мгийн гар утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд маргааш өдөр нь 11 цагийн орчим М гэх залуугийн 90575701 дугаарын утас нь холбогдохоор нь би машин аваад ир гээд хэлэхэд, одоо аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд би надтай холбогдоод машиныг тэр шөнө хайж байна гэж ярьсан цагдаа руу яриад Мгийн утсыг холбогдож байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.160-161/,

“Кости-Эстимэйт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.164-166/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүслэнгийн өгсөн: “... найз М, Цэндсүрэн 2-той таарсан. Тэгээд Цэндсүрэнтэй хамт юм яриад Жулъя дэлгүүрийн доошоо алхаад явж байхад М ТҮЦ-н дээр үлдсэн. Тэгээд Цэндсүрэн бид 2 юм яриад байж байхад автобусны буудал дээр зодоон болсон, Цэндсүрэн бид 2 очиход М нь нэг залуутай хамт газар унасан, тэврэлдсэн байдалтай байсан. Тэгээд Цэндсүрэн бид 2 болиулаад зодооныг нь салгасан. Тэгэхэд М болон нөгөө залуу 2 нэг, нэг рүүгээ орилоод агсраад байсан. Би тухайн Мтай маргалдсан залууг би бариад Мг болохоор Цэндсүрэн бариад үлдсэн. Би тухайн залууг тэврээд автобусны буудлаас зүүн тийшээ авч явсан, гэхдээ нэг их холдоогүй. Тэгээд болиулчхаад би яваад өгсөн... би очиж тухайн залууг өшиглөөгүй. Би ер нь бол зодооноос хол байдаг хүн, намайг өшиглөөгүй гэдгийг Цэндсүрэн мэдэж байгаа... Би эрүүл байсан, мөн Цэндсүрэн эрүүл байсан, М согтуу байсан зодоон хийсэн гэх залуу бас согтуу байсан... Тухайн Жулъя дэлгүүр лүү иргэж ордог уулзвар дээр байдаг ТҮЦ-ний худалдагч охин байсан. Тэр охин бол эхнээс нь авхуулаад дуустал нь зодооны хажууд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золзаяагийн өгсөн: “... тэр 2 хоорондоо зодолдоод газар унасан, хэн нь дээр нь хэн нь доор нь байсныг анзаараагүй, тэгээд байж байхад зүс таних Хүслэн гэх залуу бас нэг өндөр залуугийн хамт ирээд “зодоон хийгээд хэрэггүй” гээд зодолдсон байсан 2 залууг салгасан. Хүслэн ах тэр залууд ерөөсөө хүрээгүй, яв гээд явуулсан. Тэгсэн гоймон идэж байсан залуу буцаж ирээд орилоод хэрүүл хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.218/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх.1.222-228/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудлын хажууд иргэн Л.Сүхбаатарын шилэн хүзүүн дээрээс нь барих зэргээр хүч хэрэглэж түүний өмсөж явсан хар өнгийн пүүз, Самсунг жи-7 маркийн гар утас зэргийг авч, бусдад 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Л.Сүхбаатарын өгсөн: “... Шарков ах “чи ямар пүүз өмссөн юм, ахын дүү пүүзээ тайлчих” гэж хэлэхээр нь “ээ ахаа битгий л дээ” гэж хэлтэл “битгий маяглаад бай” гээд намайг шилдэн авч яваад Шарков ах “чамд мөнгө байна yy” гэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэтэл “чи ахын дүү утсаа гаргаад ирээч” гэж хэлэхээр нь би утсаа гаргаталахын дүү чиний утсыг чинь зараад архи ууя” гэхээр нь “ээ яах юм бэ” гэж хэлтэл ... Шарков ах миний гар утсыг шагийн архи зардаг хүмүүст 50.000 төгрөгөөр зараад ... намайг дээрэлхээд миний пүүзийг авч өөрөө өмсөөд, өөрийнхөө пүүзийг надад өгөөд миний гар утсыг зарчих гэж дээрэлхсээр байж заруулаад архи авч уусан... Би М ахаас айсандаа гар утас пүүзээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

“... утсаа өгчих, барьцаанд тавь, мөнгө өгчих, пүүзээ өгчих, битгий маяглаад бай гэх зэргээр намайг айлгаж дарамтлаад байсан учир би түүнд эд зүйлээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.14/,

“Дамно” ХХК-н 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БЗД2-20-960 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.23-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Х.Мандахсүлдийн өгсөн: “... М гэх ахтай уулзсан. Тэгээд очиход утсыг ломбардад тавиад буудалд хононо гээд байсан. Тэгээд Сүхбаатарын утсыг М нь аваад ... Анх Жуковын буудал дээр уулзахад М нь Сүхбаатарын пүүзийг хараад “пүүзээ ахдаа өг” гээд пүүзээ сольж өмссөн...” гэх мэдүүлэг /хх.1.80-82/ зэрэг,

Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жулия төвийн хажууд иргэн Л.Билгүүний нүүрэн тус газар гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Билгүүний өгсөн: “... надтай анх маргалдсан залуу нь миний нүүр хэсэг рүү өшиглөсөн... шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан доод уруулын шарх гэмтлийг анх надтай маргалдсан залуу миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд үүссэн гэмтэл байна. Миний нүүр лүү өшиглөсөн залуу нь тухайн үед дээгүүрээ нүцгэн, 2 гарын шуу хэсэгтэй шивээстэй, цагаан өнгийн өмдтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хх.1.50-56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Цэндсүрэнгийн өгсөн: “ ... 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ... 03 цагийн үед ... миний таних Баясаа нь үл таних залуугийн доор орчихсон зодуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.57-60/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11517 дугаартай:

“1.2. Л.Билгүүний биед доод уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн шагай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээр гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.1.64-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүслэнгийн өгсөн: “... Цэндсүрэн бид 2 очиход М нь нэг залуутай хамт газар унасан, тэврэлдсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.1.207/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Золзаяагийн өгсөн: “... тэр 2 хоорондоо зодолдоод газар унасан, хэн нь дээр нь хэн нь доор нь байсныг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх.1.218/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Золзаяагийн өгсөн: “...Тухайн өдөр манай түцний урд М нэг үл мэдэгдэх залуутай зодолдсон. Тэгээд Цэндсүрэн, Хүслэн хоёр салгасан. Тэрийг нь би харсан. Салгаад байж байтал Мтай зодолдсон өндөр залуу босож ирээд хэрүүл болгоод байсан. Тэр залуу нь гоймон идээд байж байгаад хоорондоо юм яриад муудалцсан. Тэр залуу ч хэрэглэсэн байсан, М ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Зодсон талаар сайн мэдэхгүй байна, анзаараагүй.” гэх мэдүүлэг зэрэг,

Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Эрхтамирын эзэмшлийн 97-91 УАМ улсын дугаартай Тоёота Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу Б.Эрхтамирыг унтаж байхад тээврийн хэрэгслийг нь завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад хохирогч Б.Эрхтамирын гаргасан өргөдөл /хх.1.147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрхтамирын өгсөн: “... 08 цагийн үед унтаад сэрсэн чинь миний машин байхгүй байсан. Би унтахдаа түлхүүрээ өмднийхөө халаасанд хийгээд унтсан... М руу залгаад таксины жолоочийн утаснаас “машин яачих ваа” гэж асуусан чинь “би машиныг чинь унаад Офицер дээр явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Офицер дээр яваад очтол байхгүй байсан. Иймд би таксины жолоочийн утаснаас М  90575701 дугаарын утас руу залгасан чинь халдвартад явж байна гэж хэлээд салгаад утас нь холбогдохгүй болсон. Ингээд би гэртээ хариад найз охины утаснаас 90575701 дугаарын утас руу залгасан чинь “би товчоон дээр байна” гээд салгасан. Тэгээд дахиад залгасан чинь утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 цагийн үед миний 97-91 УАМ улсын дугаартай Приүс 30 маркийн автомашиныг М манай гэрийн гадаа авчирч өгсөн. Тэр үед машины урд, хойд купер, зүүн хойд хаалга, зүүн хойд гэрэл, банкны таг хэсэг эвдэрч хонхойх нь хонхойж зурагдсан байсан. Мөн доод талын банк чихэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.153/,

“... намайг архи уугаад сэргэе гэж бодоод унтсаны дараа М миний өмдний халаасанд байсан машины түлхүүрийг аваад машин унаад явчихсан байсан. Би тухайн үед Мд машины түлхүүрийг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх.1.154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Намууны өгсөн: “... манай нөхөр Энхтамир “унтаж байхад М гэх залуу түлхүүрийг нь аваад машиныг унаад явчихсан, хаана байгаа мэдэгдэхгүй байна” гээд сандарсан байдалтай хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.160-161/,

“Кости-Эстимэйт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.164-166/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Эрхтамирын өгсөн: “...Би өгсөн мэдүүлэгтээ огт худал яриагүй. Тухайн үед миний халаасанд түлхүүр байсан. Түлхүүрийн оосор халаасанд тасраад үлдсэн байсан гэхээр халааснаас авсан байгаа юм. Би холбогдох гэхэд миний симийг салгаад аваад явсан байсан. Би такси бариад таксины жолоочийн дугаараас залгахад холбогдоход офицер дээр байна гэхээр ирээд авчих гээд 20 минутаас 30 минут хүлээгээд дахиж залгахад утас нь холбогдоод халдвартын эцэс дээр байна гэж хэлсэн. Тэнд очоод хүлээж байгаад утас нь холбогдохоо больсон. Тэгээд гэртээ ороод болсон зүйлээ ярихад манай эхнэр шөнийн 2 цагт цагдаад дуудлага өгсөн. Тэр оройдоо дуудлага өгсөн. Мтай холбогдоход одоо очлоо гэж хэлдэг байсан. Би тухайн үед Баялаг-Ундраа дээр зогсдог байсан. Ирчихлээ гэхээр нь эхнэрийгээ түлхүүр хүлээгээд авчих гээд гаргатал түлхүү өгчхөөд намайг гарахаас өмнө яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Намууны өгсөн: “...Таксины барьж гэртээ ирээд машин ингэчихлээ гэхэд нь би цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгөөд холбоо сураг байхгүй байж байгаад маргааш нь байх М өөрөө надтай холбогдсон. Өөртэй нь яриад машин тэрэг гэхэд аваачаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа руу залгаад утас нь холбогдож байна гээд утасны дугаарыг нь дуудлага өгсөн цагдаад өгсөн. Тэгээд өөрөө цагдаатайгаа ярьсан байх. М та дуудлагаа буцаагаад авчих гэж хэлэхээр нь цагдаад авч ирэх гэж байгаа юм шиг байна гэж хэлсэн. Машин авч ирэхэд нэлээ их зүйл болсон байсан. Манай нөхөр машины түлхүүр, машин байхгүй болсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Л.Сүхбаатарын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, мөн түүний мэдүүлэг нь гэрч Б.Түвшинжаргал, Х.Мандахсүлд нарын тус тус өгсөн мэдүүлэгтэй яллагдагч Б.Мгийн гэм буруугийн талаар харилцан эрс зөрүүтэй, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Билгүүний өгсөн мэдүүлэг нь гэрч Б.Золзаяа, Б.Хүслэн, О.Цэндсүрэнгийн нарын тус тус өгсөн мэдүүлэгтэй уг хэргийн зарим нөхцөл байдлын талаар харилцан илт зөрүүтэй, яллагдагч Б.М нь хохирогч Б.Эрхтамирын автомашиныг түүний зөвшөөрөлтэй авч явсан эсэх талаар харилцан зөрүүтэй тухайн хохирогч, яллагдагч нарын тус тус өгсөн мэдүүлгийн дагуу Барсболд, Баярмуна гэгч нараас гэрчийн мэдүүлэг авах зэрэг мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг нэмж хийлгэхээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан боловч эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай хохирогч, гэрчийг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.

Гэтэл ер нь шүүгдэгчээс бусад хэргийн оролцогчийг анхан шатны шүүх хуралдаанд шүүхийн санаачилгаар дуудан оролцуулах нь тун зохисгүй атал өмнөх удаа дараагийн шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулах тухай санал, хүсэлтийг мэтгэлцэгч талууд огт гаргахгүй байсан бөгөөд энэ удаагийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс зөвхөн хохирогч Б.Эрхтамир, гэрч Б.Золзаяа, Н.Намуун нарыг оролцуулах тухай хүсэлтийг гаргасан юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх”, “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Л.Сүхбаатар, Л.Билгүүн нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Мгаас 3.475.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхтамирт олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.М нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан боловч шүүгдэгч тухайн ялыг биелүүлээгүй байх тул уг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солих нь зүйд нийцнэ.

          Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн байна.

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 7.2 дахь хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Дээрэмдэх /17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино”  гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж, 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” тус тус заажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргүүд нь дээрх өршөөлийн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсэгт тус тус тусгагдаагүй байна.

          Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус тус үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Б.М урьд нь хорих ял эдэлж байгаагүй, өмнөх гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн хохирогч Л.Сүхбаатар, Л.Билгүүн нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, тухайн гэмт хэргийн хувьд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй боловч хохирогч Б.Эрхтамирын хохирлыг төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгчийг өршөөлд хамааруулах үндэслэлгүй гэж үзлээ.

          Харин Б.Мд өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 90 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоов.

Б.Мг 2 жил 3 сар 90 хоногийн хугацаанд өөрийн оршин суух хорооноос гарахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэхээр тогтоож, уг ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

Улмаар Б.Мд дээрх хугацаанд зарим төрлийн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, түүнчлэн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.8, 12.10, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дампил овогт БМг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх”, “Авто тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Мд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1484 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн, шүүгдэгч Б.Мд өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольсон 90 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Мд өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг сольсон 90 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жил 3 сар 90 хоногийн хугацаагаар тогтоосугай.

7. Шүүгдэгч Б.Мд 2 жил 3 сар 90 хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооноос гарахыг хориглох, өөрийн оршин суух газраа өөрчлөх, гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд сануулсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Б.Мд 2 жил 3 сар 90 хоногийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

          10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мд сануулсугай.

          11. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Сүхбаатар, Л.Билгүүн нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 3.475.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрхтамирт олгосугай. 

          13. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          14. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР