Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 2022         03          07                                     2022/ШЦТ/336

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэн нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Тт холбогдох 2206 00000 0564 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Хишиг арвин индустриал” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 2-71 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Эийн Т /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар байрны 71 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр буюу албан ёсны гэрлэлтийн баталгаатай хохирогч Н.Адъяасүрэнтэй “эрэгтэй хүнээр гэртээ хүргүүлж ирлээ” гэсэн шалтгаанаар хардаж, улмаар нүүр, толгой, цээж хэсэгт нь гараараа цохих, хоёр хөлийн гуяны гадар хэсэгт хөлөөрөө өшиглөх, толгойгоор нь хөргөгч мөргүүлэх зэргээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Н.Адъяасүрэнгийн биед духанд шарх, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Адъяасүрэнгийн өгсөн: “Манай нөхөр намайг эрэгтэй хүнээр гэртээ хүргүүлж ирлээ гээд намайг хардаж улмаар бид 2-ын дунд маргаан үүссэн. Тэгээд бид 2 гэртээ орсны дараа манай нөхөр намайг толгойгоор маань гэрт байх хөргөгч мөргүүлсэн. Мөн миний нүүр болон толгой хэсэг мөн биеийн хоёр цээж, хоёр хөлийн гуяны гадар хэсэг зэрэг газарт нүцгэн гараа зангидаж байгаад олон удаагийн давтамжтай цохисон. Мөн намайг цохиж зодох үедээ толгойтой үснээс маань үсдэж байгаад цохиж зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Хөдөөгөөс ирэх үедээ замд 0.5 литрийн савлагаатай Хараа архи уусан байсан. Тэгээд би буцаж гэртээ орсон чинь манай эхнэр нойлын өрөөнд байсан бөгөөд, би нойл руу ороод эхнэртээ хандаж “сая хамт ирсэн залуугаа дуудаадах, чи ямар аймар юм бэ” гэж хэлээд баруун гараараа эхнэрийнхээ толгой хэсэгт нэг удаа гараараа цохисон, эхнэр нойлд сууж байсан болохоор хоёр хөл, гуя хэсэг рүү нь нийт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд эхнэр нойлоос гараад том өрөөнд ороод ах Ням-Осор луу утсаар залгаж дуудаад, тэгээд ах нь манай гэрт ирэх үедээ цагдаатай хамт ирсэн. Тухайн үед миний уур аймаар хүрсэн, бас уучихсан байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Манай эхнэр бага зэрэг согтолттой байсан. Манай гэрийн үүдний коридорт хөлдөөгч байдаг, нойлын өрөөний хажууд, би өөрөө нэлээн согтолттой байсан санахгүй байна. Хэрвээ манай эхнэрийн биед ямар нэгэн гэмтэл учирсан бол би энэ гэмтлийг учруулсан байх хүлээн зөвшөөрч байна...”,

“... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд /хх.09-10, 36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2112 дугаартай:

“1. Н.Адъяасүрэнгийн биед духанд шарх, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13-14/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.19/,

Шүүгдэгч Э.Тийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.21, 23, 25-29/,

Шүүгдэгч Н.Адъяасүрэнгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.22/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.32-33/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх.35-36/,

Шүүгдэгч Э.Тийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.24/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.42/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар байрны 71 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр буюу албан ёсны гэрлэлтийн баталгаатай хохирогч Н.Адъяасүрэнтэй “эрэгтэй хүнээр гэртээ хүргүүлж ирлээ” гэсэн шалтгаанаар хардаж, улмаар түүний нүүр, толгой, цээж хэсэгт гараараа цохих, хоёр хөлийн гуяны гадар хэсэгт хөлөөрөө өшиглөх, толгойгоор нь хөргөгч мөргүүлэх зэргээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Н.Адъяасүрэнгийн биед духанд шарх, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Адъяасүрэнгийн өгсөн: “... манай нөхөр намайг толгойгоор маань гэрт байх хөргөгч мөргүүлсэн. Мөн миний нүүр болон толгой хэсэг, мөн биеийн хоёр цээж, хоёр хөлийн гуяны гадар хэсэг зэрэг газарт нүцгэн гараа зангидаж байгаад олон удаагийн давтамжтай цохисон. Мөн намайг цохиж зодох үедээ толгойтой үснээс маань үсдэж байгаад цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тийн яллагдагчаар өгсөн: “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2112 дугаартай:

“1. Н.Адъяасүрэнгийн биед духанд шарх, хамрын таславчийн мурийлт, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэстэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13-14/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.19/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Э.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Тийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Н.Адъяасүрэн хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир шүүгдэгч Э.Тийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Э.Тийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч М овогтой Эийн Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Тт сануулсугай.

          5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Адъяасүрэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР