Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

 

 

 

 

 

2022         03          10                                      2022/ШЦТ/354

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Я.Амарзаяа,

Шүүгдэгч П.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******эд холбогдох 2106 04206 0021 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Глобал номадик продакт” ХХК-д үйлдвэрийн ахлах ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дүгээр хороо, Амгалан хотхоны 14 дүгээр байрны 04 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хуурч боржгон овогт Пгийн П/РД: /

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

П.Пнь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын урд иргэн Ц.Байгалмаатай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, Ц.Байгалмаагийн эрүүл мэндэд зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ийн өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Байгалмаагийн ТҮЦ-ний цонхыг хагалж, түүний биед халдсандаа гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлсөн. Хагалсан шилийг засаж өгсөн. Өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Байгалмаагийн өгсөн: “... ТҮЦ-ний вакум хаалганы шилийг тэр залуу гараараа цохиж хагалсан. Тэгэхээр нь би гараад автобусны буудал руу гүйж байхаар нь би таксины жолооч руу хандаж “наад хүнээ бариад аваарай” гэхэд таксины жолооч тэр хүнийг бариад авсан. Тэр хүн гэнэт миний баруун талын чих рүү гараараа 1 удаа цохиод, миний зүүн талын мөрнөөс бариад хүчтэй дугтрахад би газар унасан. Тэгэхэд нөгөө таксины жолооч тэр хүнийг ТҮЦ-д оруулаад цагдааг ирэхээр нь явсан. ... шилийг 250.000 төгрөгөөр үнэлж байна, тэр залуу өөрөө хаалганы шилийг шиллэж янзалж өгсөн. Өөрөөр хэлбэл хаалганы хохирлыг барагдуулсан. ... Би мөр болон нурууны 2 имра зураг авах авхуулахад 490.000 төгрөг, Чихний зураг авхуулахад 40.500 төгрөг, физик эмчилгээнд 150.000 төгрөг зарцуулсан. Цаашид эмчилгээний зардал нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг /хх.38-39/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Түвшинбаярын өгсөн: “... Пуг эмэгтэйтэй ноцолдож байх үед зүүн гарын шуу хэсгээс барьж аваад татсан, би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор уг болсон зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11639 дугаартай:

“1. Ц.Байгалмаагийн биед зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.*******ийн яллагдагчаар өгсөн: “... тухайн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.42/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.19-20/,

Шүүгдэгч П.*******ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.26-33, 61-62, 69-72/,

Хохирогчийн эмчилгээний  зардал нэхэмжилсэн баримтууд /хх.45-49, 74-75/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.51-52/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.54/,

“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.65-66/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.Пнь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кино үйлдвэрийн автобусны буудлын урд иргэн Ц.Байгалмаатай маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар цохих, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Байгалмаагийн өгсөн: “... Тэр хүн гэнэт миний баруун талын чих рүү гараараа 1 удаа цохиод, миний зүүн талын мөрнөөс бариад хүчтэй дугтрахад би газар унасан...”  гэх мэдүүлэг /хх.38-39/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Түвшинбаярын өгсөн: “... Пуг эмэгтэйтэй ноцолдож байх үед зүүн гарын шуу хэсгээс барьж аваад татсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11639 дугаартай:

“1. Ц.Байгалмаагийн биед зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3 Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.*******ийн яллагдагчаар өгсөн: “... тухайн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.42/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

П.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.*******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хохирогч Ц.Байгалмаагийн баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 1.050.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч П.*******ийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

П.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.*******эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

П.*******эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт П.Пнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Хуурч боржгон овогт Пгийн *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.*******эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******эд сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч П.Пнь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.050.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Байгалмаа нь өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР