| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0351/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/374 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/374
2022 03 14 2022/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Ш.С, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Сэд холбогдох 2106 04550 0262 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1980 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, 084 дүгээр цэргийн ангид сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 1-14 насны 3 хүүхэдтэй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20 дугаар гудамжны 330 тоотод оршин суух, Засгийн газрын жуухаар шагнагдаж байсан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ихмонгол овогт Шийн С /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ш.С нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 19 дүгээр гудамжны 324а тоотын үүдэнд иргэн Г.Пүрэвдоржийн хоолойг боож унаган, нүүрэн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, уруулын гадна салстад язарсан шарх, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Сийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Пүрэвдоржийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед том хаалгаараа машинаа оруулчхаад жижиг хаалгаараа хашаа руугаа орох гээд явтал миний араас зүс таних залуу миний хоолойноос боогоод намайг газарт унагаасан. Тухайн залуу намайг газарт унагаагаад миний дээрээс миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.07/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Сийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Шар хаданд танил хүмүүстэйгээ 2 шил архи уугаад 15 цаг 30 минутын орчимд гэр лүүгээ алхаж явж байгаад гэрийнхээ ойролцоох гудамжинд зүс таних Пүрэвдорж хашааныхаа гадаа зогсож байхаар нь би Пүрэвдоржид хандаж “та одоо битгий хашааныхаа гадаа үнс, угаадсаа асгаад, хашааныхаа гадаа шээгээд бай” гээд хэлтэл Пүрэвдорж миний өөдөөс маргалдаад байхаар нь би Пүрэвдоржтой барьцалдаж аваад нүүрэн хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд би салаад яваад өгсөн. Пүрэвдоржид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай:
“1. Г.Пүрэвдоржийн биед уруулын гадна салстад язарсан шарх, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх.17-18/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.26-27/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.31/,
Шүүгдэгч Ш.Сийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.22-24, шинээ гаргасан 7 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ш.С нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 19 дүгээр гудамжны 324а тоотын үүдэнд иргэн Г.Пүрэвдоржийн хоолойг боож унаган, нүүрэн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, уруулын гадна салстад язарсан шарх, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Пүрэвдоржийн өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед том хаалгаараа машинаа оруулчхаад жижиг хаалгаараа хашаа руугаа орох гээд явтал миний араас зүс таних залуу миний хоолойноос боогоод намайг газарт унагаасан. Тухайн залуу намайг газарт унагаагаад миний дээрээс миний нүүр хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.07/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Сийн яллагдагчаар өгсөн: “... би Пүрэвдоржид хандаж “та одоо битгий хашааныхаа гадаа үнс, угаадсаа асгаад, хашааныхаа гадаа шээгээд бай” гээд хэлтэл Пүрэвдорж миний өөдөөс маргалдаад байхаар нь би Пүрэвдоржтой барьцалдаж аваад нүүрэн хэсэгт нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх.12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай:
“1. Г.Пүрэвдоржийн биед уруулын гадна салстад язарсан шарх, 1 шүдний сулрал, эрүүнд цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх.17-18/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Ш.Сийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Сийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хохирогч Г.Пүрэвдорж баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ш.Сээс жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Ш.Сэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Ш.Сийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Сэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ш.Сэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүний эхнэр нь ажилгүй, бага насны 3 хүүхэдтэй зэрэг ар гэрийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ихмонгол овогт Шийн Сийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Сэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Сэд сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Г.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ш.Сээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР