Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх 
Шүүгдэгч: Ш.Д 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Шгийн Дд холбогдох эрүүгийн 2212000000013 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн .................. суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар нийт 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Шгийн Д/РД:А0............./

                               Холбогдсон хэргийн талаар: 

 Шүүгдэгч Шгийн Д нь Архангай аймгийн Чулуут сумын Зүүн мод сүм багийн нутаг дэвсгэр соёлын төвийн барилга дотор 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Н.Бийг толгой хэсэгт нь цохиж, баруун нүдний ухархайн дээд хананы урд ирмэгээс дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын доод ирмэг баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 *Эрүүгийн 2212000000013 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 *Хохирогч Н.Бийн өгсөн: 
“...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуун мод багт хуурай ах Ө.З, С, Э.Н нарын хамт 0,75 граммтай Улаанбаатар нэртэй архи 3 шил архи хувааж уугаад нутгийн хуурай ах Ч.Б соёлын төвийн барилга дээр ажиллаж байгаа болохоор барилга дээр очсон чинь тэд нар архи уугаад байж байсан. Би Ч.Б ахыг дагуулж гараад машинтай архи ууж байтал инженер Э.Н ирээд гадаа архи уугаад яах вэ дотор оръё гээд бид бүгд ороод архи уугаад сууж байтал Ш.Д орж ирээд Ч.Б ахтай ажлаас болоод муудалцаад байсан. Тэгсэн Э.Н Ч.Б ахыг аваад гарсан. Би Ч.Б ахыг өмөөрөөд муудалцсан чинь намайг цохиод унагасан. Тэгээд дээрээс дэвсээд байсан. Миний хажууд хоёр залуу Ө.З ах байсан тэгээд би согтуу байсан болохоор гараад явснаа ч сайн санахгүй байна. Намайг гараараа нүүр хэсэг рүү цохиод унагасан, тэгээд дээрээс дэвсээд байсан би бас согтуу байсан. Ө.З ах Э.Н хоёр байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/ 

*Гэрч Ө.Згийн өгсөн: 
“...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Н.Б нь хамт гэрээс нь гараад С, Э.Н хоёр дээр очоод машинд 0,75 граммтай Улаанбаатар нэртэй архи хувааж уугаад сууж байтал Э.Н яваад өгсөн. Тэгээд бид хэд Н.Б манай нутгийн ах соёлын төвийн барилга дээр ажиллаж байгаа гээд барилга дээр очсон. Ч.Бтай архи уугаад сууж байтал Э.Н араас орж ирсэн. Тэгээд бүгд барилга руу ороод архи уугаад сууж байтал Ш.Д орж ирээд Ч.Бийг амар гэсэн чинь Н.Б өмөөрөөд байсан. Ш.Д нь Н.Бийг татаж унагаад өшиглөсөн тэгэхээр нь би үүд рүү холдоод явсан би өөрөө хөл гар муу болохоор салгаж чадаагүй. Тухайн үед харахад Н.Бийн хөмсөгнөөс цус гарсан баруун талын нүд хөхөрсөн байсан. Ш.Д орж ирээд Ч.Бийг унт гэсэн чинь Н.Б Ч.Бийг өмөөрөөд муудалцаад зодоон болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/

*Гэрч У.Оийн өгсөн:
“...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед гэртээ ирэхэд Н.Б нь гэрээс гараад явсан байхгүй байсан, гар утас нь гэртээ үлдээсэн байсан. Ө.З ахтай гарсан байсан Э.Нын хамт явж байгааг нь мэдээд залгаад асуухад 20 цагийн үед байх Н.Б согтуу дугарч байсан. Э.Н согтуу чи хаана байгаа Н.Б ах чинь авъя гэсэн чинь би аймагт байна гэж хэлээд утсаа тасдаж байсан. Манай найз шөнийн 01 цагийн үед танай нөхөр хүнд зодуулаад аймар болсон байна гэж хэлсэн нүд нь сэтэрсэн юм шиг байна харахын аргагүй болжээ чамд битгий хэл гээд байна гэсэн чат ирсэн. Тухайн үед харахад Н.Бийн хөмсөг сэтэрсэн цус гарсан баруун талын нүд хөхөрч хавдаад харахгүй болсон байсан. Нөхрөө эмнэлэгт хүргэн өгч хоёр оёо тавиулсан. Маргааш өглөө босоход нүд нь бүр хөхөрч ясандаа тулж өвдөж байна гэж хэлсэн, толгой даахгүй удаан юм ярихаар толгой эргээд цээжээ даахгүй байна гэж байсан. Баруун талын хавирганы доор хөхөрсөн байсан зүүн талын хойд хавирганы доор бас хөхөрсөн байсан дарахаар өвчтэй байна гэж байсан. Толгойны баруун зүүн хоёр талд халцраад цус гарсан байсан толгой зүүн талаараа хавдсан, шүд суларсан хоол унд идэж чадахгүй шингэн зүйлээр хооллож байгаа. Өглөө зодоон болсон газар очсон зодсон хүн байхгүй аймаг явсан байсан. Дугаарыг нь аваад ярьсан, би Н.Бийн эхнэр нь байна чи манай нөхрийг зодчихоод яагаад явав манай нөхөр хоёр оёо тавиулсан цээжээ даахгүй хавирга гэмтсэн байх магадлалтай би гомдолтой байна, хандах газар нь хандана гэж хэлэхэд, далдганаж байгаад 2 цохиулчихаад юу гээд байгаа шүүхээрээ яваа, танай нөхөр ч бас согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан гэж хэлсэн. Тэгэхэд би чи машин барьж явсныг нь харсан юм уу гэрч байгаа юм уу, хүний гоо сайханд халдчихаад юу гээд байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш уучлалт гуйж ярихыг нь 3 хоног хүлээсэн. Ганц удаа яриагүй манай нөхрийн биеийн байдал сайжраагүй хөлдүү төмс тавьж нүдний хавдараа багасгасан. Тиймээс би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 дүгээр тал/ 

*Гэрч Э.Нын өгсөн: 
“...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Н.Б, Ө.З хоёр надад дээр ирээд бид гурав машинд 2 шил 0.75 граммтай архи хувааж уугаад би машин барья гэж хэлсэн чинь Н.Б уурлаад чамд машинаа өгөхгүй гээд маргалдахаар нь би буугаад алхаад яваад өгсөн. Тэгээд барилга дээрээ очиход Н.Б ирчихсэн Ч.Б Мөөгий Ө.З нарын хамт архи уугаад сууж байсан тэгээд барилга руу ороод ууж байтал Ш.Д орж ирсэн. Н.Б нь Ш.Дтай эр хүн шиг үзье гээд байсан,  тэгээд Ш.Д Ч.Бтай муудалцах гэхээр нь би аваад гарсан чинь тэр хойгуур зодоон болсон байсан. Тухайн үед хараагүй Н.Б яваад өгсөн байсан тэгээд дараа нь эхнэртэй хамт очиход Н.Бийн баруун талын нүд хавдсан хөмсөг нь язарсан байсан тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн. Ш.Д орж ирээд Ч.Бийг унт гэсэн чинь Н.Б Ч.Бийг өмөөрөөд муудалцаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/ 

*Гэрч Ч.Бийн өгсөн: 
“...2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Н.Б хоёр найз нь хамт барилга дээр согтуу нутгийн ах гээд над дээр ирсэн, тэгээд машинд архи уугаад талдаа орж байхад Э.Н ирээд барилга руу ор гээд ууж байгаа архи аа дуусгаад бүтэн 0,75 граммтай Улаанбаатар нэртэй архи Н.Б аваад Э.Нын өрөө рүү орсон архи аа задлаад уугаад сууж байтал Ш.Д орж ирээд бид хоёр ажлаас болж маргалдсан чинь Э.Н намайг та одоо амар гээд өрөө рүү аваад явсан. Тэр хойгуур намайг Н.Б өмөөрөөд тэр хоёр маргалдаад зодоон болсон гэсэн. Өглөө Н.Б нь эхнэр манай нөхрийг Ш.Д зодсон байна гэж хэлээд гарсан би их согтсон байсан болохоор намайг Э.Н амраасан байсан. Би ажил дээрээс болж Ш.Дтай маргалдсан байсан намайг өмөөрч зодоон болсон гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/ 

 *Яллагдагч Ш.Дгийн өгсөн: 
  “...Би 2021 оны 12 дугаар сард Архангай аймгийн Чулуун суманд Соёлын төвийн барилгын ажлыг засварлаж байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр барилга дээр ажиллаж байсан хүмүүстэйгээ барилгын ажлын гэрт архи ууцгаасан. Архи үед Н.Б гэх нэртэй залуу гаднаас архи уучихсан согтуу орж ирээд гэрийн хаалга алдаж зогсоод байхаар нь ойр зуурын юм ярьж байгаад Н.Бийг Ч.Б аваад гараад явсан. Тэгээд би хүмүүсээ амраах гээд соёлын төвийн байшин руу ороход Ч.Бийг унт гэхэд Н.Б гэх залуу өөдөөс хэрүүл маргаан үүсгэж, үг сөрөөд байхаар нь баруун нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, газар унагаад дээрээс нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Ийм л асуудал болсон. Ажлынхаа хүмүүсийг амраах гэхэд Н.Б гэх залуу хажуу талаас хэрүүл маргаан үүсгэж, үг сөрөөд байхаар нь баруун нүд хэсэг рүү гараараа нэг удаа цохиод, газар унагаад дээрээс нь цээж хэсэгт нь нэг удаа өшиглөсөн.  Би Н.Б гэх залууг танихгүй, Архангай аймгийн Чулуут сумын нутгийн хүн гэж сонссон. Сайн танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Н.Бтэй би барилцалдаж, зууралдаж авсан. Н.Б нь намайг цохиж зодоогүй. Би Н.Бийн эмчилгээний зардалд нэг сая төгрөгийг эхнэр болох Ц.О гэх хүний данс руу хийсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 69-71 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 38 дугаартай“...Н.Бийн биед баруун нүдний ухархайн дээд хананы урд ирмэгээс дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын доод ирмэг баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, цээжний баруун, зүүн хажуу талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун нүдний ухархайн дээд хананы урд ирмэгээс дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын доод ирмэг баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 54-57 дугаар тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
 Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ш.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
  
              Гэм буруугийн талаар: 
              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зүүн мод сүм багийн нутаг дэвсгэр соёлын төвийн барилга дотор иргэн Н.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ш.Д үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Бийн”...Би Ч.Б ахыг өмөөрөөд муудалцсан чинь намайг цохиод унагасан. Тэгээд дээрээс дэвсээд байсан. Миний хажууд хоёр залуу Ө.З ах байсан тэгээд би согтуу байсан болохоор гараад явснаа ч сайн санахгүй байна. Намайг гараараа нүүр хэсэг рүү цохиод унагасан, тэгээд дээрээс дэвсээд байсан би бас согтуу байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Згийн”...Ш.Д нь Н.Бийг татаж унагаад өшиглөсөн тэгэхээр нь би үүд рүү холдоод явсан би өөрөө хөл гар муу болохоор салгаж чадаагүй. Тухайн үед харахад Н.Бийн хөмсөгнөөс цус гарсан баруун талын нүд хөхөрсөн байсан. Ш.Д орж ирээд Ч.Бийг унт гэсэн чинь Н.Б Ч.Бийг өмөөрөөд муудалцаад зодоон болсон...” гэх мэдүүлэг, гэрч У.Оийн”...Өглөө зодоон болсон газар очсон зодсон хүн байхгүй аймаг явсан байсан. Дугаарыг нь аваад ярьсан, би Н.Бийн эхнэр нь байна чи манай нөхрийг зодчихоод яагаад явав манай нөхөр хоёр оёо тавиулсан цээжээ даахгүй хавирга гэмтсэн байх магадлалтай би гомдолтой байна, хандах газар нь хандана гэж хэлэхэд, далдганаж байгаад 2 цохиулчихаад юу гээд байгаа шүүхээрээ яваа, танай нөхөр ч бас согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан гэж хэлсэн, манай нөхрийн биеийн байдал сайжраагүй хөлдүү төмс тавьж нүдний хавдараа багасгасан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нын”...Н.Б нь Ш.Дтай эр хүн шиг үзье гээд байсан,  тэгээд Ш.Д Ч.Бтай муудалцах гэхээр нь би аваад гарсан чинь тэр хойгуур зодоон болсон байсан. Тухайн үед хараагүй Н.Б яваад өгсөн байсан тэгээд дараа нь эхнэртэй хамт очиход Н.Бийн баруун талын нүд хавдсан хөмсөг нь язарсан байсан тэгээд эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ш.Дгийн мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 38 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ш.Дгийн хүний биед баруун нүдний ухархайн дээд хананы урд ирмэгээс дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын доод ирмэг баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн гэмтэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Дгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв. 
Иймд шүүгдэгч Ш.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

              Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулан эмчилгээний зардлыг шүүгдэгч төлсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч мэдүүлсэн, мөн гомдол саналгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Ш.Дг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульлчилсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Ш.Д нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ш.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Дд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ш.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 
          
            1. Шүүгдэгч Б овогт Шгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Дг 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь шүүхээс оногдуулсан 700/долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Ш.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР