| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02283/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02143 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02143
| 2017 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/02143 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 53-р байр Орчлон-10 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 53-р байрны 93 тоотод оршин суух, регистр ЧТ86022177, Боржгон овогт Батдэлгэрийн Баасандоржид холбогдох 2 88 080 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орчлон-10 сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус холбоо нь Баянгол дүүргийн 6-р хороо 51, 53-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 4-р сард тус 51,53-р байруудыг хүлээн авч хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Манай СӨХ-ийн зарим оршин суугчид төлбөрөө цаг тухайнд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих ёсоор төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Иймд 53-р байрны 93 тоотын оршин суугч Б.Баасандоржоос тус холбоонд төлөх ёстой 2015 оны 12-р сар, 2016 оны 3-12 сар, 2017 оны 1-5 сарын төлбөр болох 288 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баасандорж нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие СӨХ-ийн нэхэмжилсэн 288 080 төгрөгөөс 85 000 төгрөгийг төлсөн болно. Одоо үлдэгдэл 203 080 төгрөгийг 3 хувааж СӨХ-ийн тухайн сарын төлбөр дээрээ нэмж төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орчлон-10 сууц өмчлөгчдийн холбоо нь Б.Баасандорж холбогдох 288 080 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Баасандорж нь нэхэмжлэлийн шаардлагаас 85 000 төгрөгийг төлсөн байна.
Хариуцагч Б.Баасандорж нь үлдэх 203 080 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Орчлон-10 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 203 080 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Баасандоржийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 4646 хариуцагч Б.Баасандоржоос 4646 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА