Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1910

 

Н.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01644 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Мы, “РМ” ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа, С.Энхбат

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, өмгөөлөгч К.Жархынбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мы итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М нь "РМ" ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулан, гагнуурчны албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн.

Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 17-нд "РМ" ХХК-иас Н.Мд хандан "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар гагнуурчны албан тушаалаас цомхтгож, хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэсэн мэдэгдлийг ирүүлсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай "РМ" ХХК-ийн ажил олгогчдын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бий болоогүй буюу гагнуурчны албан тушаалын орон тоо хасагдаагүй байхад орон тоогүй болсон гэдгээр ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй.

Үүнээс хойш тус компанийн хүний нөөцийн менежерийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25/05/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 буюу ажилтны өөрийн санаачилгаар гэж заасныг үндэслэн Н.Мыг ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэрийг гаргасан байна.

Харин нэхэмжлэгч Н.Мд өөрийн санаачилгаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зориг, шаардлага байгаагүй. Тэрээр хамт ажиллагсад болон удирдлагын хавчлагаас болж, өөрөө өөрийнхөө эсрэг өргөдлийг бичиж хүсэлтээрээ ажлаасаа халагдаж буй мэт ойлголтыг компанийн гадаад удирдлагад төрүүлсэн.

Мөн ажил олгогчийн зүгээс үндсэн цалинг нь 2 дахин бууруулсан ажлын байрыг монгол захирал болон хуулийн зөвлөхөөс нь санал болгож, ажилтны хувьд мэргэжлийн болон сахилга, хариуцлагын алдаа гаргаагүй сайн хийж байсан ажлын байраа сайн дураар чөлөөлж өгөхийг тулган шаардсан.

Мөн Н.Мыг сэтгэцийн өвчтэй хүн мэт буруу ойлгон, өөрсдөө онош тогтоон, эрүүл мэндийн шалтгаантай гэж ар гэрт нь хэлж тайлбарласан нь хүний нэр төр, алдар хүндэд бүдүүлгээр халдан гутаан доромжилсон үйлдлийг хийсэн.

Ажил олгогчоос гаргасан мэдэгдэл болон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлд үүнийг нотлох ярианы бичлэг, бусад холбогдох нотлох баримтуудыг хавсаргасан.

"РМ" ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж, хүний эрх эрх чөлөөг зөрчин, өөрийн давуу байдлаа ашиглан Н.Мыг ямар ч үндэслэлгүй бусдын хувийн хандлага үзэмжээр ажлаас нь халсан тул түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “РМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Рэдпаф Монгол" ХХК-ийн удирдлагын шийдвэрээр гагнуурчны орон тоог цөөрүүлсэн тул компанийн зүгээс Н.Мд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийнх нь ажиллаж буй гагнуурчны орон тоог цөөрүүлсэн тухай мэдэгдлийг гардуулан өгсөн. Уг мэдэгдэлдээ ажлаас халагдсаны тэтгэмжид 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах тухай заавар, ажил байдлын тодорхойлолт зэрэг шаардлагатай бүхий л баримт бичгийг гаргаж өгнө гэдгээ дурдсан.

Түүнчлэн компанийн бизнесийн хамтран ажиллагч "Зэт Эм И" ХХК-д нэхэмжлэгчийг санал болгож, гагнуурчны ажлын байр олж өгч санал болгож байсан. Энэхүү орон тоо цөөрүүлсэнтэй холбоотойгоор түүнд гардуулсан мэдэгдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасантай бүрэн нийцэж байна. Н.М орон тоог цөөрүүлсэн мэдэгдлийг хүлээн аваад 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр цомхтголоор хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг хүлээн зөвшөөрч, 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж, 1 сарын цалин олгох, уг цалин болон тэтгэмжийг нэг дор бөөнөөр нь авах, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дахин компанид хандан 1 сарын цалин болон 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг тус өдөр авах агуулгатай хүсэлт гаргасныг компанийн зүгээс хүлээн авч, хөдөлмөрийн гэрээг цуцлан 3 сарын тэтгэмж олгосон.

Н.М нь "хамт ажиллагч болон удирдлагын хавчлагаас болж өөрөө өөрийнхөө эсрэг өргөдлийг бичүүлсэн" гэж дурдсан байна. Уулзалтын ярианы бичлэгийг уулзалтад оролцож байгаа хүмүүст мэдэгдэхгүйгээр нууцаар хийж, түүнийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нь илтэд үндэслэлгүй, хууль бусаар олж авсан нотлох баримт юм.

Ажил олгогчид өөрийн хүсэлтээр өргөдөл бичиж өгч, 10 550 314 төгрөгийн тэтгэмж авсны дараа нууц бичлэг хийж, олон нийтэд худлаа мэдээлж тус компанийн ажилтнуудыг айлган сүрдүүлж дарамталж байгаа нь ёс зүйн хэм хэмжээ болон хууль тогтоомжид нийцэхгүй. Уулзалтаар Н.Мд орон тоо цөөрүүлж байгаа нөхцөл, шалтгааныг тайлбарлаж өгсөн бөгөөд түүнийг дарамталсан, зүй бус шаардлага тавиагүй болохыг онцгойлон дурдаж байна. Ямар яриаг щахалт гэж үзэж байгаа нь нэхэмжлэлд дурдагдаагүй ба үүнийг нотлох баримт байхгүй.

 “Рэдпаф Монгол” ХХК-ийн хүний нөөцийн менежерийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25/05/17 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дугаар зүйлд заасантай бүрэн нийцсэн тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "РМ" ХХК-ийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.Мы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Мы нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт болох ярианы бичлэгийг хуулийн шаардлагад нийцэх байдлаар нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримт ба Улсын Дээд Шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт" зөвлөмжөөр дуу авианы болон дүрс, дууны бичлэг, бичмэл нотлох баримт болно, дуу авианы хальсанд бичигдсэн яриаг цаасан дээр бичмэл хэлбэртэй болгож, бичлэгт юу сонсогдож байгаа, юу сонсогдохгүй байгаа, хэдий хугацаанд үргэлжилж байгаа зэрэг мэдээллийг тусгасан байх шаардлагатай гэсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн сиди дээрх бичлэг нь Улсын Дээд шүүхийн дээрх зөвлөмжид нийцсэн, нэхэмжлэгч нь сиди дээрх яриаг бичмэл хэлбэрт оруулж тодорхой мэдээллийг үнэн зөвөөр тусгасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заалтад нийцээгүй.

Хариуцагчийн зүгээс дээрх бичлэгийг нэхэмжлэгч нь хууль бусаар олж авсан гэж эсэргүүцэн тайлбарладаг боловч энэ талаарх татгалзлалаа шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүйн зэрэгцээ, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон гол үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нэхэмжлэгчийн ажлын байр цомхтголд орсон гэх боловч хариуцагч компанид орон тоо цомхтгогдсон үйл баримт тогтоогдоогүй.

Хариуцагч нь энэ талаарх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өөрт нь ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүйг тогтоосноор хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн өөрийн санаачилгаар ажлаас халагдах тухай өргөдлийг нотлох баримтаар үнэлээгүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх 3 өргөдлийг хариуцагч хуулийн дагуу олж аваагүй, нотлох баримт цуглуулах хуулийн шаардлагыг зөрчсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл 38.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуульд зааснаар хэлцэл нь сайн дурын үндсэн дээр, талуудын хүсэл зоригоо хэн нэгний дарамт шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлсэн илэрхийллийг ойлгох учиртайг шүүх анхаараагүй нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Н.М, хариуцагч “РМ” ХХК-д холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч “РМ” ХХК-ийн хүний нөөцийн менежер өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 25/05/17 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь заалтыг баримтлан Н.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгчийн 2017 оны 3 дугаар сарын 22, 23-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэсэн байна. /хх-4, 30-32 дугаар тал/

Хэргийн баримтаас харахад хариуцагч компани Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Н.Мы ажлын байр цомхотгох болсонтой холбоотой хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түүнд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, 22-ны өдөр гардуулсан боловч нэхэмжлэгч нь тус компанид “3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон 1 сарын цалингаа авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ийг гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтан санаачилсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байх тул ажилтан Н.Мы дээрх хүсэлтийг үндэслэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, 10 550 314 төгрөгийн тэтгэмж олгосон болох нь нотлогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Нэхэмжлэгч нь тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан гомдлын үндэслэлдээ “хариуцагч нь дарамтлан ажлаас буруу халсан, өөрийн хүсэл зориг байгаагүй” гэж тайлбарлан, шүүхэд ярианы бичлэгийг нотлох баримтаар өгсөн хэдий ч уг бичлэгийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр гар утсандаа бичсэн, түүнийг сидинд буулгасан хэлбэрээр өгсний улмаас уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдсан  учир анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                        Ч.ЦЭНД