Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0669

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0669

Улаанбаатар хот

 

Д.Л-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Т.Ц, хариуцагчийн өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан хийж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Л-н нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9, 154 дүгээр зүйлийн 154.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Л-н Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хороонд холбогдох, Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг хүчингүй болгуулж нэр дэвшигчээр бүртгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус2 дугаар багийн иргэн Д.Л-д миний бие Дундговь аймгийн Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргуулахаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14тоот шийдвэрээр Д.Л-д миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзэхдээ Баянжаргалан сумын сонгуулийн хороо нь Монгол Ардын намаас ирсэн гомдлын дагуу үндэслэлтэй тогтоол гаргасан, Д.Л-д миний намаас гарах өргөдлийн хувьд Баянжаргалан сумын Монгол Ардын намаас хасах шийдвэрийг өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор гаргаагүй байхад өөр намаас нэр дэвшсэн гэдгийг үндэслэн шийдвэр гаргасан байна.

Баянжаргалан сумын сонгуулийн хороо нь хэт нэг талыг баримталж шийдвэр гаргасан, тухайлбал Баянжаргалан сумын Монгол Ардын намын дарга Туяагийн гомдлын дагуу, Т-н тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гаргасан. Д.Л-д миний өргөдөл, Монгол Ардын намын дүрмийн холбогдох заалтыг судлаагүй юм. Мөн Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа мөн л дээрхтэй адил нөхцөл байдлыг гаргасан.

Монгол ардын намын дүрмийн 6.5 дугаар зүйлд " Монгол Ардын намын гишүүнийг дараахь тохиолдолд намаас гарсанд тооцно:", 6.5.1-д "Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн" гэсэн заалтууд байгаа бөгөөд энэ заалтын дагуу Д.Л-д миний бие 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Б.Б-н шадар туслахаар ажилласнаас хойш өөрийгөө Монгол Ардын намын гишүүнээс дүрмийн дагуу хасагдсанд тооцож байсан.

2016 оны 8 дугаар сарын 27-ны Монгол Ардын намын хуралд суухдаа Баянжаргалан сумын Монгол Ардын намын дэд дарга Б-н тавьсан саналын дагуу ажиглагчийн байр суурьнаас оролцсон юм. Хурлын дараа дээрх нөхцөл байдал үүснэ гэж үзээд Монгол ардын намаас гарах өргөдлөө албан ёсоор бичгээр гаргаж өгсөн.

Баянжаргалан сумын Монгол Ардын намын дарга Туяагийн өөрийнх нь эсрэг сурталчилгаа хийх гэж байгаа хүний эсрэг тодорхойлолт хийж байгаа, мөн 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч Б.Б-н шадар туслахаар ажилласныг мэдсээр байж Баянжаргалан сумын сонгуулийн хороо хэт нэг талыг барьж Д.Л-д миний сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа Монгол ардын намын дүрмийн холбогдох заалтыг бүрэн судлалгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймээс Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 14 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Д.Л-д миний нэхэмжлэлийн дагуу Баянжаргалан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгож нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Д.Л-н “Дундговь аймгийн Баянжаргалан сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Баянжаргал сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ардчилсан намаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн Д.Л-г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Ингэхдээ Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.6, 143 дугаар зүйлийн 143.1.2, 143.1.3, 154 дүгээр зүйлийн 154.6, 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг үндэслэл болгосон нь хуульд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 1983 онд Монгол Ардын намын гишүүнээр элсэж, тус сумын намын үүрт харьяалагдаж байсан бөгөөд 2012 онд Монгол Ардын намаас нэр дэвшин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Монгол Ардын намын бүлгийн даргаар ажиллаж байсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Намын дүрэмд заасны дагуу өөрөө намаас гарах хүсэлтээ өгсөн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.           Учир нь Монгол Ардын Намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-6.3-д хүсэлтээ бичгээр харьяа намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгснөөр намын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч болох ба тухайн шаардлагыг биелүүлээгүй бол намаас гараагүйд тооцохоор заажээ.

Д.Л-д нь Монгол Ардын намаас гарах тухай хүсэлтээ сумын намын хороонд 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бичгээр өгсөн боловч дээрх дүрэмд заасны дагуу намын гишүүний бат илэрхийлэхээ өгөөгүй, үүнийгээ хулгайд алдсан гэж тайлбарлах боловч уг хүсэлтдээ энэ талаараа дурдаагүй байна.

Иймд намын дүрмээр зохицуулсан шаардлагыг хангаагүй тул өөрийн хүсэлтээр намаас гарсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн дүрмийн 6.5.1 “Намаас Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн, нам болон намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн” гэж заасныг зөрчсөн тул намаас гарсанд тооцно” гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд уг дүрмийн 6.6-д зааснаар аймгийн намын хяналтын хороо зөрчлийг хянан шалгаж нотлогдсон тохиолдолд дүгнэлт гаргаж, намын хорооны тэргүүлэгчид тухайн дүгнэлтийг үндэслэн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргах зохицуулалттай байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.Л-г намын дүрэмд заасан зөрчил гаргасан гэж үзсэн дүгнэлт, намын хорооны шийдвэр гараагүй, өөрөөр хэлбэл, зохих журмын дагуу ажиллагаа явагдаж, шийдвэр гараагүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Ардын намын хорооны бүх гишүүдийн хуралд нэхэмжлэгч Д.Л-д оролцож, уг хурлаар Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг хэлэлцсэн байх бөгөөд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтад нэхэмжлэгч Д.Л-д нэр дэвшиж, санал хураалт явагдаж байсан зэргээс үзэхэд Д.Л-д Монгол Ардын намын гишүүнийхээ хувьд нэр дэвшиж байсан атлаа 2 өдрийн дараа өөр намаас нэр дэвшүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан “нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 

Эдгээр болон бусад байдлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНД:

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ