Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Хохирогч: А.Ч 
Шүүгдэгч: Б.Э 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Эт холбогдох эрүүгийн 2212000000016 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ..............тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №65 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 146.1, 148.3 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж 2011 оны 01 дүгээр сарын 29-нд ялын хугацаа дуусаж суллагдсан, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллагдсан, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эдэлж дууссан, Б овогт Бын Э/РД:АЭ............../ 

                              Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 27-оос 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг хорооллын 23-02 тоотод оршин суух хамтран амьдрагч А.Чын гэрээс хөлдөөгч, зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2212000000016 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Хохирогч А.Чын өгсөн: 
“...Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу бага хүүгийн хамт явсан. Тэгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулаг хорооллын 23-02 тоотод байх манай гэрт надтай хамтран амьдардаг Б.Э үлдсэн. Намайг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байхад өглөө 11 цагийн үед манай охин С.Б утсаар над руу залгаад аймгийн төвд ирсэн талаар хэлсэн. Манай охиныг манайхтай нэг хашаанд байдаг юм. Тэгээд би С.Боос манай гэрийг ямар байдалтай байгааг нь үзээд өг гээд үзүүлтэл манай гэрийг эзэнгүй цоожтой, түлхүүр нь зүүн хатавчинд байна мөн гэрийн чинь зурагт, хөлдөөгч хоёр байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би С.Боор цагдаад дуудлага өгүүлсэн. Манай гэрийн баруун хана талд байсан зурагт, зүүн хана талд байсан хөлдөөгч хоёр хулгайд алдагдсан. Хар өнгийн, доороо бөөрөнхий суурьтай, 32 инчийн зурагт, цагаан өнгийн, хоёр хаалгатай хөлдөөгч хулгайд алдагдсан. Зурагтаа 2019 онд аймгийн төвөөс 480.00 төгрөгөөр, хөлдөөгчөө 500.000 төгрөгөөр нэлээд хэдэн жилийн өмнө зээлээр тус тус худалдаж авч байсан. Худалдаж авсан үнээр нь үнэлнэ. Хулгайд алдсан хөлдөөгч, зурагт хоёроо олж авмаар байна. Гомдолтой байна. Хамтран амьдрагч Б.Эыг сэжиглэж байна. Бид хоёр хамтран амьдраад 2-3 жил болж байна албан ёсоор гэр бүл болоогүй. Миний эзэмшлийн гэр, эд зүйл байгаа. Бид хоёр албан ёсоор гэр бүл болоогүй. Мөн дээрх эд зүйлс нь миний эзэмшлийн эд зүйлс байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/ 

          *Хохирогч А.Чын өгсөн: 
           “...Зурагтаа 2019 онд аймгийн төвөөс худалдаж авч байсан. Хөлдөөгчөө яг хэзээ авч байснаа санахгүй байна. Б.Этай хамтран амьдрахаас өмнө нь авсан байсан, миний эд байгаа юм. Бид хоёрын дундын өмч биш. Би Б.Этай хамт амьдрахаас өмнө авсан мөнгө төлж байгаагүй. Хууль ёсоор гэр бүл болж амжаагүй байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 49 дүгээр тал/ 

          *Гэрч С.Бын өгсөн: 
          “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байх хөдөө гэрээсээ нөхөр, хүүхдийн хамт гараад 10 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг хорооллын 23-02 тоотод байх гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байгаад би Улаанбаатар хотод байгаа өөрийн ээж Ч руу утсаар ярьсан чинь манай гэр лүү ороод үзээдхээрэй гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр А.П бид хоёр манай хашаанд байдаг ээж А.Чын гэрийн зүүн хатавчнаас түлхүүрийг нь аваад хаалганы цоожийг нь онгойлгоод гэр рүү нь ортол манай ээжийн гэрийн зүүн хана талд байсан хөлдөөгч, баруун ханийн талд байсан зурагт хоёр нь алга болсон байсан. Тэгээд би ээж рүү утсаар яриад энэ тухай хэлтэл ээж цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ээжийн гэр дотроос хөлдөөгч, зурагт хоёр алга болсон байсан. Зурагт нь баруун талын хананд, хөлдөөгч нь зүүн талын хананд байсан. Гэрийнх нь хаалга нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр гаднаасаа цоожтойгоо байсан. Манай ээжийнх тоонондоо гялгар рамтай тэр нь бас цоороогүй зүгээр байсан. Цагаан өнгийн, хоёр хаалгатай хөлдөөгч 1 ширхэг, хар өнгийн, 32 инчийн зурагт 1 ширхэг алдагдсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай ээж А.Чын эзэмшлийн эд зүйл байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар тал/ 
         
          *Гэрч А.Пын өгсөн: 
          “...Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 09 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байх хөдөө гэрээсээ эхнэр, хүүхдийн хамт гараад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг хорооллын 23-02 тоотод байх гэртээ 10 цаг өнгөрч байхад ирсэн. Гэртээ ирээд байж байтал манай эхнэр С.Б Улаанбаатар хотод байгаа манай хадам ээж А.Ч руу утсаар ярьсан юм. Гэтэл хадам ээж бид хоёрыг манай гэрээр ямархуу байдалтай байна ороод үзээдхээрэй гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр манай хашаанд байдаг хадам ээж А.Чын гэрийн зүүн хатавчнаас түлхүүрийг нь аваад хаалганы цоожийг нь онгойлгоод гэр лүү нь ортол ээжийн гэрийн зүүн хана талд байсан хөлдөөгч, баруун ханийн талд байсан зурагт хоёр нь алга болсон байсан. Тэгээд манай эхнэр ээж рүү утсаар залгаж хэлсэн. Гэр дотроос нь зүүн ханад байсан хөлдөөгч, баруун ханад байсан зурагт хоёр алга болсон байсан. Гэрийнх нь хаалга нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй зүгээр гаднаасаа цоожтойгоо байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай хадам ээж А.Чын эзэмшлийн эд зүйл байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр тал/ 

          *Гэрч А.Бын өгсөн: 
          “...Б.Э гэдэг хүн 2021 оны 12 дугаар 29-ний өдөр манай ломбардад орж ирээд хоёр хаалгатай хөлдөөгч болон мөнгөн бөгж барьцаанд тавьсан. Тэр хүн хөлдөөгч мөнгөн бөгж хоёроо нэг сарын хугацаатай хөлдөөгчөө 80.000 төгрөгөөр, мөнгөн бөгжөө 15.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьсан. Мөн өмнөх өдөр нь буюу 12 дугаар сарын 28-ны өдөр манай ломбардад 32 инчийн зурагт барьцаанд тавьсан. Цагаан өнгийн хоёр хаалгатай хуучин хөлдөөгч 1 ширхэг, жирийн мөнгөн бөгж 1 ширхгийг барьцаанд тавьсан. Манай нөгөө зээлийн ажилтанд 32 инчийн зурагтаа барьцаанд тавьсан. Миний өөрийн эд зүйл байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 дугаар тал/ 

                  *Яллагдагч  Б.Эын өгсөн: 
          “...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/ 

        *Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 502 дугаартай: 
         “...32 инчийн зурагтын үнэ 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөг, хөлдөөгчийн үнэ 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөг, нийт 570.000/таван зуун далан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 28 дугаар тал/ 

         *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 02-06 дугаар тал/  

         *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

           Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
            
             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 27-оос 30-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг хорооллын 23-02 тоотоос иргэн А.Чын эзэмшлийн гэрээс хөлдөөгч, зурагт зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 570.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Энхтөр үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Чын”...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байхад өглөө 11 цагийн үед манай охин С.Б утсаар над руу залгаад аймгийн төвд ирсэн талаар хэлсэн. Манай охиныг манайхтай нэг хашаанд байдаг юм. Тэгээд би С.Бямба-Очроос манай гэрийг ямар байдалтай байгааг нь үзээд өг гээд үзүүлтэл манай гэрийг эзэнгүй цоожтой, түлхүүр нь зүүн хатавчинд байна мөн гэрийн чинь зурагт, хөлдөөгч хоёр байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би С.Боор цагдаад дуудлага өгүүлсэн. Манай гэрийн баруун хана талд байсан зурагт, зүүн хана талд байсан хөлдөөгч хоёр хулгайд алдагдсан. Хар өнгийн, доороо бөөрөнхий суурьтай, 32 инчийн зурагт, цагаан өнгийн, хоёр хаалгатай хөлдөөгч хулгайд алдагдсан. Зурагтаа 2019 онд аймгийн төвөөс 480.00 төгрөгөөр, хөлдөөгчөө 500.000 төгрөгөөр нэлээд хэдэн жилийн өмнө зээлээр тус тус худалдаж авч байсан. Худалдаж авсан үнээр нь үнэлнэ. Хулгайд алдсан хөлдөөгч, зурагт хоёроо олж авмаар байна. Гомдолтой байна. Хамтран амьдрагч Б.Эыг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”...Тэгээд манай нөхөр А.П бид хоёр манай хашаанд байдаг ээж А.Чын гэрийн зүүн хатавчнаас түлхүүрийг нь аваад хаалганы цоожийг нь онгойлгоод гэр рүү нь ортол манай ээжийн гэрийн зүүн хана талд байсан хөлдөөгч, баруун ханийн талд байсан зурагт хоёр нь алга болсон байсан. Тэгээд би ээж рүү утсаар яриад энэ тухай хэлтэл ээж цагдаад мэдэгдээрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ээжийн гэр дотроос хөлдөөгч, зурагт хоёр алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Пын”...Тэгээд эхнэр бид хоёр манай хашаанд байдаг хадам ээж А.Чын гэрийн зүүн хатавчнаас түлхүүрийг нь аваад хаалганы цоожийг нь онгойлгоод гэр лүү нь ортол ээжийн гэрийн зүүн хана талд байсан хөлдөөгч, баруун ханийн талд байсан зурагт хоёр нь алга болсон байсан. Тэгээд манай эхнэр ээж рүү утсаар залгаж хэлсэн. Гэр дотроос нь зүүн ханад байсан хөлдөөгч, баруун ханад байсан зурагт хоёр алга болсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...Б.Э гэдэг хүн 2021 оны 12 дугаар 29-ний өдөр манай ломбардад орж ирээд хоёр хаалгатай хөлдөөгч болон мөнгөн бөгж барьцаанд тавьсан. Тэр хүн хөлдөөгч мөнгөн бөгж хоёроо нэг сарын хугацаатай хөлдөөгчөө 80.000 төгрөгөөр, мөнгөн бөгжөө 15.000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьсан. Мөн өмнөх өдөр нь буюу 12 дугаар сарын 28-ны өдөр манай ломбардад 32 инчийн зурагт барьцаанд тавьсан. Цагаан өнгийн хоёр хаалгатай хуучин хөлдөөгч 1 ширхэг, жирийн мөнгөн бөгж 1 ширхэгийг барьцаанд тавьсан. Манай нөгөө зээлийн ажилтанд 32 инчийн зурагтаа барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Эын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
              
              Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч А.Ч нь хохирол төлбөрөө авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн мөн шүүх хуралдаанд оролцохдоо гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. 

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал гэж үзэв. 
Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Б.Э нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж,  хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож прокурорын саналын хүрээнд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбайрлан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хулуийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

   2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 300/гурван зуу цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч Б.Эт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР