Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
        Улсын яллагч: С.Батсүх 
        Шүүгдэгч: С.Ц 
        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Цт холбогдох эрүүгийн 2112000000334 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1980 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймаг Өлзийт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган ......... оршин суух хаягтай, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар нийт 5 жил 4 сар хорих ял оногдуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 129 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсон. Уг зорчих эрхийг хязгаарлах ялыг тус аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай, Баянхошуу овогт Сын Ц/РД:АЕ............./ 
Холбогдсон хэргийн талаар:
    
Шүүгдэгч Сын Ц нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байнга үйл ажиллагаа явуулдаг “Булган” зочид буудлын 2 давхарт байх угаалгын өрөөнд хууль бусаар нэвтэрч тухайн буудалд ажилладаг Т.Мгийн Самсунг-А10 маркийн гар утас, 30.000 төгрөгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

        *Шүүгдэгч С.Цын шүүх хуралдаанд мэдүүлсэн: 
        “...Нэг хүнтэй уулзах гээд утсаар холбоо бариад Булган буудлын гадаа уулзъя гэж хэлсэн тэгээд тэнд очоод дээшээ гарсан. Хүний ярих чимээ гарсан тэгээд 1 өрөө рүү шагайсан чинь хүн байхгүй, утас ширээн дээр байсан тэгээд би согтуу байсан тул авсан. Зорчих эрх хязгаарлах ялтай гэдгээ мэдсээр байж тэр утсыг авсал хоригдоно гэдгээ мэдсээр байж авсандаа харамсаж байна. Хохирогчийн хохирлыг 3-4 сарын үед барагдуулах бодолтой байна. Манай ах эгч нар хөдөө мал малладаг тэгээд би энэ тухай хэлэхэд 3-4 сарын үед төлөөд өгнө гэсэн. Манай ар гэрийн байдал тааруу эхнэр эрүүл мэндийн байдлаас болоод ажил хийдэггүй, бага охины эрүүл мэндийн байдал бас муу байдаг. Миний бие очсон цагдан хорих газартаа засран хүмүүжиж байгаа...” гэх мэдүүлэг

        *Эрүүгийн 2012000000334 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Т.Мгийн өгсөн:
“...2021 оны 08 дугаар сарын 26-ний өглөө 10 цаг 00 минутын орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-дүгээр баг, 26-гудамж, 08-тоотод оршин суух Т.М би ажилдаа гарахдаа самсунг А10 маркийн улаан өнгийн гар утсаа аваад гарсан. Би гэрээсээ гараад шууд өөрийн ажлын байр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар багт байрлах “Булган буудалд” ажлын өрөөндөө очиж ажлаа эхэлсэн. Тухайн үед манай байгуулга ус алдсан байдалтай засварын ажил хийгдэж байсан. Би ус алдсан өрөөний усыг шавхах гээд гар утсаа бариад 2 давхарт гарсан тухайн үе би алчуур, хувин авах гээд угаалгын өрөө ороод гар утсаа тэнд үлдээсэн юм. Ус алдаж байгаа өрөө болохоор би гар утсаа унагаж магадгүй гэж бодсон. Тэр өрөө 25-номерын өрөө байсан. Тухайн өрөөний усыг шавхаад байж байтал хөлийн чимээ гарсан би шагайж хартал цаашаа хараад нэг эрэгтэй хүн явж байсан. Би өрөөг цэвэрлэж дуусаад алчуур, хувингаа угаалгын өрөөнд оруулж тавиад гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Би өргөдөл дээрээ 30.000 төгрөг гэж тусгасан байгаа. Миний гар утас улаан өнгийн хавтастай гэртэй байсан болохоор би гар утасны гэрэнд 30,000 төгрөг хавчуулсан байсан. Самсунг А10 маркийн улаан өнгийн гар утас байгаа. Мөн улаан өнгийн гэртэй байсан. Би сайн тогтож хараагүй болохоор санахгүй байна. Би 2019 оны 11 дүгээр сард 409.000 (дөрвөн зуун есөн мянга) төгрөгөөр авсан. Одоо ямар үнэтэй байгааг сайн мэдэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би хулгайд алдсан гар утас 30,000(гучин мянга) төгрөгөө олж авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/, 

*Гэрч Б.Нийн өгсөн: 
“...Би тухайн үед хяналтын камерын бичлэгээр С.Цыг олж тогтоосон. Би нийтийн худалдааны төв орж хүнтэй уулзаад явж байтал С.Ц архи уусан бололтой нийтийн худалдааны баруун талын явган хүний зам дээр явж байсан. Тэр үед хар саравчтай малгайтай хар куртик хар өмдтэй урдаа цагаан бичигтэй цамц дотуураа өмссөн байсан, тэгж би С.Цыг гэж таньсан...’’гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай: “...Самсунг А10 маркийн утасны зах зээлийн үнэлгээг 2021 оны 11 сарын байдлаар 290.000/хоёр зуун ерэн мянга/ болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 26 дугаар тал/ 

*Яллагдагч С.Цын өгсөн: 
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 45 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно. 
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Гэм буруугийн талаар 
       Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байнга үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын 2 давхарт байх угаалгын өрөөнөөс иргэн Т.Мгийн Самсунг-А10 маркийн гар утас, 30.000 төгрөг хулгайд алдагдаж, түүнд 320.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч С.Ц нь дээрх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай  болох нь хохирогч  “...2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байнга үйл ажиллагаа явуулдаг Булган зочид буудлын 2 давхарт байх угаалгын өрөөнөөс гар утас болон бэлэн 30.000 төгрөгөө алдсан талаар мэдүүлсэн хохирогч Т.Мгийн мэдүүлэг, Булган зочид буудлын хяналтын камерт тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бичигдсэн хүн нь шүүгдэгч С.Цыг болохыг таньсан талаар мэдүүлсэн гэрч Б.Нийн мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан дүрс бичлэг бүхий сиди болон Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.Ц нь байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу “Булган” зочид буудлын угаалгын өрөөнд хууль бусаар нэвтрэн  бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.      
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Цт  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 
Иймд шүүгдэгч С.Цыг хулгайлах гэмт хэргийг байнгын үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
            Хохирол хор уршгийн талаар:
        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мд 320.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын  дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Т.М нь хохирол төлбөрөө аваагүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн,  уг хохирлыг шүүгдэгч С.Цаас гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
        Шүүгдэгч С.Ц нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар  эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 17 хоногийг хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн өршөөн сольсон хугацаандаа энэ гэмт хэргийг үйлдсэн байна. Түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 91 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж, 1 жил 07 сар 25 хоногийг хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч С.Цыг ял эдэлж буй хорих ангиас шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд түүнийг 1 жил 3 сар 21 хоногийг хорих ял эдлээгүй талаар 2021 оны 01 сарын 25-ны өдрөөр тооцон ялын тооцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  гаргаж ирүүлсэн байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан тул шүүгдэгч С.Цын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.  
        Шүүгдэгч С.Цын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28/хорин найм/ хоногийг эдлэх ял оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. 
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сын Цыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Цт энэ тогтоолоор оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 4 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1/нэг/ жил 3/гурав/ сар 21/хорин нэг/ хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 3/гурав/ сар 21/хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 3/гурав/ жил 3/гурав/ сар 21/хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

  5. Шүүгдэгч С.Цын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28/хорин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
 
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цаас 320.000/гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1........тоотод оршин суух хаягтай, Мянган овогт Тын М/РД:АИ............/-д олгосугай. 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

   8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

   9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР