Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх 
Шүүгдэгч: Ц.Бэ, Б.Б 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Цгийн Бэ, Б овогт Бы Б нарт холбогдох 2212000000037 тоот хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Чулуут сумын ........... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Д овогт Цн Бэ/РД:АП.........../

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Чулуун суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ..............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, Б овогт Бы Б/РД:АП............/

                  Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг Хужир гэх газраас 50 ширхэг 2.3м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 56-39 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 252.488 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

           *Эрүүгийн 2212000000037 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

           *Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:  
“...2022 оны 01 дүгээр сарын эхээр байгаль хамгаалагч нар эргүүл, хяналт шалгалтаар ажиллаад тус газраас иргэд хууль бусаар мод бэлтгэсэн гэж надад танилцуулж байна, ямар хүмүүс бэлтгэсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай нутгийн хүмүүс биш байсан. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд ойн санд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 110-111 дүгээр тал/ 

          *Иргэний нэхэмжлэгч Д.Бы өгсөн: 
          “...56-39 АРХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би өнгөрсөн 2021 оны 07 дугаар сарын эхээр Чулуут сумын Хайрхан багт амьдардаг М.Нэргүй гэх хүнээс худалдаж авсан. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн тооцоо байхгүй тооцоогоо бүрэн гүйцэт барагдуулж дууссан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-44 дүгээр тал/ 

    *Гэрч П.Эын өгсөн: 
    “...Б.Б над руу яриагүй, Янжин гэх төрлийнх нь нэг эгч оройн 21 цаг өнгөрч байхад мод бэлтгэх эрхийн бичиг авъя манай дүү хөдөөнөөс ирж байгаа гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, дууссан маргааш мод бэлтгэх эрхийн бичигтэй болох байх тэгэхээр нь бичүүлчих гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 1 дэх өдөр дахин яриагүй. Би ачиж явсан модыг харсан, тухайн үед би машин дотор байсан, яг ямар мод ачсан байсныг нь мэдэхгүй, шинэс төрлийн мод ачсан байсан авто машинаасаа буугаагүй. Талбай тусгаарлалт хийсэн газар Хөх нуур багт байхгүй, уг газраас мод бэлтгэж болохгүй. Ойн цэвэрлэгээ хийх маягаар бол болох байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-49 дүгээр тал/

    *Гэрч М.Вийн өгсөн: 
    “...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрт Ихтамир сумын байгаль хамгаалагч П.Эын хамт хяналт шалгалтаар ажиллах үед 56-39 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод бэлтгэх эрхийн бичиггүй галын түлээний мод тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед дээрх тээврийн хэрэгслийг шалгахад Б.Б гэх хүн жолоодож явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 102-104 дүгээр тал/

       *Яллагдагч Ц.Бийн өгсөн: 
      “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэрийн дүү Б.Б галын түлшгүй болчихлоо, хамт мод хийгээд өгөөч гээд гуйсан. Тэгээд тухайн өдрөө буюу Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Хужир гэх газраас Б унаанги мод хөрөөдөж би хамт ачилцаж өгсөн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ихтамир сум дээр явж байгаад цагдаа таараад модоо машинтайгаа хураалгасан гэж утсаар ярьсан. Би модыг нь ачиж өгөөд гэр рүүгээ явсан. Би тухайн модыг Б.Бийн хамт бэлтгэсэн. Б.Бээс гоожингоо авсан уу гэж асуухад аваагүй байгаа, байгаль хамгаалагч руу ярьсан чинь гоожин дууссан, ирэхээр нь аваарай гэж хэлсэн гэсэн. Б.Б гоожинг ирэхийг нь хүлээлгүй модоо бэлтгэсэн байсан. Тухайн үед гоожингүй мод бэлтгэсэн юм. Б.Б нь модоо хужаа хөрөөгөөр хөрөөдөж, улсын дугаарыг нь мэдэхгүй байна, Портер маркийн машинаар бэлтгэсэн. Би өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Гоожингүй мод бэлтгэсэн нь миний буруу, надад хөнгөн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-94 дүгээр тал/ 

       *Яллагдагч Б.Бийн өгсөн: 
      “...Би 2021 оны 01 дүгээр сарын өдөр гэртээ түлшгүй болоод Архангай аймгийн төвд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээг баг, Цагаан давааны 30-20 тоот гэрээсээ Б ахын эзэмшлийн 56-39 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн газрынх нь нэрийг сайн мэдэхгүй байна модонд очоод унаанги мод бэлтгэсэн. Тухайн үед манай хүргэн ах Ц.Бэ хамт мод унгаалцаж надад тусалсан. Тэгээд модоо бэлтгэчхээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргэн ах Бэтэй хамт ачаалаад Архангай аймгийн Ихтамир сумын Таван тээг гэх газарт цагдаатай таараад саатуулагдсан. Би тухайн үед Архангай аймгийн Ихтамир сумын байгаль хамгаалагч руу таньдаг хүнээрээ дамжуулж мод бэлтгэх гарал үүслийн эрхийг бичиг авах гэсэн чинь дууссан, удахгүй ирнэ гэж хэлсэн, тэгэхээр нь би яараад хүлээгээгүй шууд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн нь миний, би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би модны нэр төрлийг нь хэлж мэдэхгүй байна. Газарт унасан байсан унаанги модыг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүргэн ах Ц.Бэтэй хамт бэлтгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тээвэрлэж яваад цагдаа таараад, саатуулагдсан. Би өөрийнхөө эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хуучин хөрөө, сүхийг ашиглаж, газар унасан унаанги модыг түүж хөрөөдөөд, Ц.Бэ ах миний хөрөөдсөн модыг овоолж машинд ачсан. 56-39 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь манай төрсөн Д.Б ахын машин бөгөөд 2021 оны 07 дугаар сард хүнээс худалдаж авсан. Тухайн үед шилжүүлгийг нь хийгээгүй байсан. Тухайн үед намайг шалгасан цагдаа өөрийгөө М.В гэж танилцуулж байсан, би цолыг нь мэдэхгүй байна. Би өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-84 дүгээр тал/ 

      *Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай”...2.3 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /Бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 48.098 ₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, түлээ хуурай 1.0  итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 252.488₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 23-25 дугаар тал/

            *Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 376 дугаартай: 
            “...Модны үнэ 300.000 төгрөг, хуучин цахилгаан хөрөөний үнэ 50.000 төгрөг, нийт 350.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр тал/
            
            *Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22-13 дугаартай: 
            “...Хуучин цахилгаан хөрөөний үнэ 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөг, Шинэс төрлийн хуурай модны үнэ 414.000/дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөг, сүхний үнэ 6.000/зургаан мянга/ төгрөг, нийт 532.000/таван зуун гучин хоёр мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 66-68 дугаар тал/
           
            *Дамно ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн АА1-22-08 дугаартай: 
            “...1996 онд үйлдвэрлэгдэж, 2011 онд Монгол улсад импортлогдож тээврийн хэрэгслийн дугаар болон гэрчилгээг авсан, 56-39 АРХ улсын дугаартай Хюьндай Портер маркийн автомашины үнэлгээг 4.367.932/дөрвөн сая гурван зуун жаран долоон мянга есөн зуун гучин хоёр мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 56-61 дүгээр тал/
            
           *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119, 127 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
               
Гэм буруугийн талаар:  
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур баг Хужир гэх газраас шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нар нь 50 ширхэг 2.3м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 56-39 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 252.488 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...2022 оны 01 дүгээр сарын эхээр байгаль хамгаалагч нар эргүүл, хяналт шалгалтаар ажиллаад тус газраас иргэд хууль бусаар мод бэлтгэсэн гэж надад танилцуулж байна, ямар хүмүүс бэлтгэсэн гэдгийг сайн мэдэхгүй байна. Манай нутгийн хүмүүс биш байсан. Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд ойн санд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Бы”...56-39 АРХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг, гэрч П.Эын”...Б.Б над руу яриагүй, Янжин гэх төрлийнх нь нэг эгч оройн 21 цаг өнгөрч байхад мод бэлтгэх эрхийн бичиг авъя манай дүү хөдөөнөөс ирж байгаа гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй, дууссан маргааш мод бэлтгэх эрхийн бичигтэй болох байх тэгэхээр нь бичүүлчих гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 1 дэх өдөр дахин яриагүй. Би ачиж явсан модыг харсан, тухайн үед би машин дотор байсан, яг ямар мод ачсан байсныг нь мэдэхгүй, шинэс төрлийн мод ачсан байсан авто машинаасаа буугаагүй...” гэх мэдүүлэг, гэрч М.Вийн”...Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрт Ихтамир сумын байгаль хамгаалагч П.Эын хамт хяналт шалгалтаар ажиллах үед 56-39 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мод бэлтгэх эрхийн бичиггүй галын түлээний мод тээвэрлэж явсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед дээрх тээврийн хэрэгслийг шалгахад Б.Б гэх хүн жолоодож явсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 252.488 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нарын бүлэглэн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нарын бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нарыг бүлэглэн хууль бусаар хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 252.488 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан бөгөөд уг хохирол болох 757.464 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /252.488*3=757.464 /долоон зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгч нараас 757.464 /долоон зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Бэ, Б.Б  нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бэ, Б.Б  нарыг бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж заасан байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 56-69 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машиныг эзэмшигч Д.Бд буцаан олгож, шүүгдэгч Ц.Бэ, Б.Б  нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 56-69 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох 4.367.932/дөрвөн сая гурван зуун жаран долоон мянга есөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 757.464 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3,610,468 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 6.000/зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 414.000/дөрвөн зуун арван дөрвөн мянга төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг, 2.3 метр куб шинэс төрлийн хуурай модыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.Бэ, Б.Б  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэдэнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д овогт Цгийн Бэ, Б овогт Бы Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэн хууль бусаар зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэ, Б.Б  нарыг тус тус 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай. 

4. Шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нараас 757.464 /долоон зуун тавин долоон мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 56-69 АРХ улсын дугаартай Портер маркийн авто машиныг эзэмшигч Д.Бд буцаан олгож, шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 56-69 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ болох 4.367.932/дөрвөн сая гурван зуун жаран долоон мянга есөн зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан, уг машины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 757.464 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 3,610,468 төгрөг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, 6.000/зургаан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий сүх 1 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 414.000/дөрвөн зуун арван дөрвөн мянга төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг, 2.3 метр куб шинэс төрлийн хуурай модыг тус тус улсын орлого болгосугай. 

7. Шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Бэ, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР