Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: А.Д, А.М, М.Б, Б.Б 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Аы Д, Онхот овогт Аийн М, Б овогт Мгийн Б, Л овогт Бийн Б нарт холбогдох эрүүгийн 2112000000318  тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ........газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял 2020 оны 03 дугаар сарын 31-нд Архангай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Мгийн Б/РД:АИ.........../, 
 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын .............. газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сум дундын 1 дүгээр шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 151.1 дэх тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, үлдэгдэл 1 жил 4 сар 13 хоногийг 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хархорин дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 149 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 254 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Бийн Б/РД:А0............../,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, Төвшрүүлэх сумын Төвшрүүлэх өртөөнд ээлжийн техникч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн .......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, Онхот овогт Аийн М/РД:АИ............./,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 5, аав ээж 2 дүүгийн хамт Улаанбаатар хотын ............оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Аы Д/РД:АИ.............../,

                           Холбогдсон хэргийн талаар: 

  Шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг “Ар нуур” гэх газраас хохирогч Б.Оийн 2 тооны хонийг хулгайлж хохирогч Б.Од 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            * Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

            * Эрүүгийн 2112000000318 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            *Хохирогч Б.Оийн өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цаг өнгөрч байхад тариан талбай руугаа харахад манай тариан талбай дээр машины гэрэл асаж унтраад байсан. Манай өөрийн хонь тухайн тариан талбай дотор байсан учраас би хулгайч байж магадгүй гэж бодоод өөрийн хөрш айл Б.Бийн гэрийн утас руу ярьсан. Гэтэл Б.Б надад чи битгий гэрэл асаагаарай наад асаж унтраад байгаа машины гэрлээ хараад байж бай гэсэн. Би Б.Б ахын хэлснийх нь дагуу тухайн үед гэрэл асаахгүй хүлээгээд байж байсан гэтэл манай урдаас Б.Б ахын хүүхэд Б.Д алхаад над дээр хүрээд ирсэн. Б.Д надад хэлэхдээ аав таныг гэрлээ битгий асаагаарай би өмнөөс нь машиныхаа гэрлийг унтраагаад гэрээсээ явж байна гэж хэлүүлсэн байсан. Тэгээд удалгүй миний харж байсан асаж унтраад байсан машины гэрэл асаад зугтаасан. Араас нь Б.Б ах машины гэрлээ асаагаад хөөсөн. Би тэр хоёрыг хараад хүн зугтаж байна гэдгийг ойлгоод өөрийн машинаа асаагаад араас нь хөөсөн. Бид хоёр тухайн машиныг хөөгөөд 5-6 км орчим газар явсан. Тухайн машиныг хөөж байхдаа гүйцэж түрүүлээд хажуугаас нь очоод зогсоосон. Тухайн машин зогсоохоор нь би очоод машины арын хаалгыг нь онгойлгоход 2 залуу бууж ирээд 2 тийшээ зугтаасан удалгүй 1 нь эргэж ирээд 1 нь ирээгүй юм. Би машин дотор нь хартал манай 2 тооны хонийг өрцийг нь цоолж, голыг нь тастаад ачаад явж байсан. Иймээс би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хоёр хонио би им болон содон зүс шинж тэмдгээр нь таньсан. Нас нийлсэн 2 тооны хонь байсан. Би хоёр хонио нэгийг нь 180.000 төгрөгөөр үнэлж нийт 360.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хониноос хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Намайг тухайн машиныг зогсоогоод очиход машин дотор дээлтэй 4 залуу сууж байсан. Би тэдгээр хүмүүсийг өмнө нь харж байгаагүй. Танихгүй юм байна лээ. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирол мөнгөө бүрэн авсан учраас шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 4-10 дугаар тал/

*Гэрч П.Бийн өгсөн:
“...Би өөрөө Б.Оийн цөөхөн хэдэн малыг хариулж тариан талбайн манаачийн ажил хийдэг. Б.Оийн манай хоёрын хонь нийлээд 69 тооны хонь байгаа. Манайх пойлны хажууд хонио бэлчээгээд шөнө нь гэрийнхээ ойролцоо тууж авчраад задгай хашихгүй хонуулдаг. Манай хонь пойл хашаатай болохоор яваад байдаг юм. 2021 оны 10 дугаар сарын 26-ны орой би хонио гэрийнхээ зүүн талд бөөгнүүлчхээд унтсан. Өглөө босоход хонио харахад гэрийн урд 300 гаран метр зайтай бэлчээрлэж явсан. Б.О урьд шөнө машинтай хүмүүс хонь хулгайлсан талаар яриад байсан. Цагдаа нар удалгүй ирэхэд нь хулгайлсан хоёр хонийг нь харахад хоёр тооны эм хонь байсан. Б.Оийн хонь байсан. Пойлны хашааны төмөрт орооцолдож байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-29 дүгээр тал/

*Гэрч Б.Дгийн өгсөн:
“...2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагийн үед гэрийнхээ гадаа байхад Хар нуурын пойлон дотор машин гэрлээ тусгаад унтраагаад яваад байсан. Би энэ машинтай хүмүүс мал хулгайлж болзошгүй сэжигтэй яваад байна гэж бодоод Б.О ахад хэлэх санаатай явсан. Гэрээсээ алхаад Б.О ахын тариа хурааж байгаа газрын байшинд ирсэн. Б.О ахад ийм машин яваад байна гэж хэлсэн. Нөгөө машин пойлон дотор гэрлээ унтраачхаад байгаад байсан. Харж байгаад гэрлээ асаагаад шууд явахаар нь машинаараа хөөж зогсооход шар өнгийн альпард маркийн машинд танихгүй хүмүүс байсан. Тэгснээ машины багажийг сөхөөд үзэхэд хоёр хонь гэдсийг нь цоолоод цуслаад, голыг нь тасалж нядалсан, арьстайгаа байсан. Б.О ахын хонь байсан Б.О ахынх цөөхөн хэдэн хонио пойлон дотор бэлчээрт нь хонуулчихдаг юм. Маргааш өглөө нь пойлон дотор хонио бөөгнүүлэх байсан. Цагдаа дуудаж өгсөн. П.Б гэдэг залуу хариулдаг...”гэх  мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

* Гэрч Б.Бийн өгсөн:
“...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад манай хөрш Б.О над руу залгаад манай хонь байгаа тариан талбай дотор машины гэрэл унтарч асаагаад ухасхийхээр нь би араас нь хөөгөөд Б.Отэй хамт тухайн машиныг зогсоосон. Би тэр машинтай хүмүүсийг мал хулгай хийлээ гэж бодоод араас нь хөөж явахдаа газар зоосон байсан модон шон мөргөөд машины урд купер болон урд нүүрээ гэмтээж эвдсэн. Б.О бид хоёр араас нь хөөсөөр байгаад тухайн машиныг зогсоосон. Дотор нь дээл өмссөн 4 залуу байсан. Бид хоёрыг очиход 1 нь зугтаад алга болсон. Бид хоёрын хөөж очсон 4 залуугийн машинд Б.Оийн 2 тооны хонь өрцийг нь цоолоод голыг нь таслаад ачаад явж байсан. 2 хонь байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-36 дугаар тал/

*Яллагдагч М.Бгийн өгсөн:
“...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/,

*Яллагдагч Б.Бгийн өгсөн:
“...Би хийсэн хэргээ хүлэн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 72-73 дугаар тал/ 

*Яллагдагч А.Дгийн өгсөн: 
“...Би гэм буруугаа хүлэн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 82-83 дугаар тал/

*Яллагдагч А.Мы өгсөн:
“…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 92-93 дугаар тал/,

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 дугаартай: “...2001 онд үйлдвэрлэгдэж 2010 оны 05 сарын 18-ны өдөр Монгол улсад орж ирсэн Хюьндай грейс маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын байдлаар 3.500.000/гурван сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 45 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 130 дугаартай: “...нас нийлсэн 2 сувай эм хонины зах зээлийн үнэлгээг 2021 оны 10 дугаар сарын байдлаар нийт 300.000 /гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 48 дугаар тал/ 

*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39 дүгээр тал/
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 41-42 дугаар тал/ 
*Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь/хх-ийн 166-167 дугаар тал/ 
  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
   Гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг “Ар нуур” гэх газраас иргэн Б.Оийн 2 тооны хонийг хулгайд алдагдаж,  хохирогч Б.Од  300.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 
 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нар бүлэглэн машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Оийн “...Б.Д надад хэлэхдээ аав таныг гэрлээ битгий асаагаарай би өмнөөс нь машиныхаа гэрлийг унтраагаад гэрээсээ явж байна гэж хэлүүлсэн байсан. Тэгээд удалгүй миний харж байсан асаж унтраад байсан машины гэрэл асаад зугтаасан. Араас нь Б.Б ах машины гэрлээ асаагаад хөөсөн. Би тэр хоёрыг хараад хүн зугтаж байна гэдгийг ойлгоод өөрийн машинаа асаагаад араас нь хөөсөн. Бид хоёр тухайн машиныг хөөгөөд 5-6 км орчим газар явсан. Тухайн машиныг хөөж байхдаа гүйцэж түрүүлээд хажуугаас нь очоод зогсоосон. Тухайн машин зогсоохоор нь би очоод машины арын хаалгыг нь онгойлгоход 2 залуу бууж ирээд 2 тийшээ зугтаасан удалгүй 1 нь эргэж ирээд 1 нь ирээгүй юм. Би машин дотор нь хартал манай 2 тооны хонийг өрцийг нь цоолж, голыг нь тастаад ачаад явж байсан. Иймээс би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хоёр хонио би им болон содон зүс шинж тэмдгээр нь таньсан. Нас нийлсэн 2 тооны хонь байсан. Би хоёр хонио нэгийг нь 180.000 төгрөгөөр үнэлж нийт 360.000 төгрөгөөр үнэлж байна. Манай хониноос хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Намайг тухайн машиныг зогсоогоод очиход машин дотор дээлтэй 4 залуу сууж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Бийн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны орой би хонио гэрийнхээ зүүн талд бөөгнүүлчхээд унтсан. Өглөө босоход хонио харахад гэрийн урд 300 гаран метр зайтай бэлчээрлэж явсан. Б.О урьд шөнө машинтай хүмүүс хонь хулгайлсан талаар яриад байсан. Цагдаа нар удалгүй ирэхэд нь хулгайлсан хоёр хонийг нь харахад хоёр тооны эм хонь байсан. Б.Оийн хонь байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн“...Нөгөө машин пойлон дотор гэрлээ унтраачхаад байгаад байсан. Харж байгаад гэрлээ асаагаад шууд явахаар нь машинаараа хөөж зогсооход шар өнгийн альпард маркийн машинд танихгүй хүмүүс байсан. Тэгснээ машины багажийг сөхөөд үзэхэд хоёр хонь гэдсийг нь цоолоод цуслаад, голыг нь тасалж нядалсан, арьстайгаа байсан. Б.О ахын хонь байсан Б.О ахынх цөөхөн хэдэн хонио пойлон дотор бэлчээрт нь хонуулчихдаг...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад манай хөрш Б.О над руу залгаад манай хонь байгаа тариан талбай дотор машины гэрэл унтарч асаагаад ухасхийхээр нь би араас нь хөөгөөд Б.Отэй хамт тухайн машиныг зогсоосон. Би тэр машинтай хүмүүсийг мал хулгай хийлээ гэж бодоод араас нь хөөж явахдаа газар зоосон байсан модон шон мөргөөд машины урд купер болон урд нүүрээ гэмтээж эвдсэн. Б.О бид хоёр араас нь хөөсөөр байгаад тухайн машиныг зогсоосон. Дотор нь дээл өмссөн 4 залуу байсан. Бид хоёрыг очиход 1 нь зугтаад алга болсон. Бид хоёрын хөөж очсон 4 залуугийн машинд Б.Оийн 2 тооны хонь өрцийг нь цоолоод голыг нь таслаад ачаад явж байсан...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 Шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нар нь бүлэглэн, хохирогч Б.Оийн 2 тооны хонийг Хьюндай грейс маркийн авто машин ашиглан хулгайлсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.  

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Од 300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Б.О нь уг хохирлыг авсан талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурор тогтоол үйлдэн шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 хэсэгт зааснаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашин нь шүүгдэгч М.Бгийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3.500.00/гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 75-77 УНЦ улсын дугаартай Хьюндай грэйс маркийн автомашиныг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч А.М болон А.Д нарын биеийн байцаалтыг бичихдээ ял шийтгүүлсэн байдлыг сольж бичсэн байгааг дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ш овогт Аы Д, Онхот овогт Аийн М, Б овогт Мгийн Б, Л овогт Бийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарыг тус бүр  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарт оногдуулсан 1/нэг/  жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн  шүүгдэгч М.Бгийн эзэмшлийн 3.500.00/гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 75-77 УНЦ улсын дугаартай Хьюндай грэйс маркийн автомашиныг хураан улсын орлого болгосугай. 

            5. Шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулж, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б, М.Б, А.Д, А.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР