| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0160/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/208 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/208
2022 03 09 2022/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Ц.Хулан, шүүдэгч Б.З, Б.Г /өөрөө өөрсдийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З, Б.Г нарт холбогдох эрүүгийн “2211 00000 0104” дугаартай, 186/2022/0160/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Таван толгой түлш ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37-696-Б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.З
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “YIР” каргонд салбар хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, дэнжийн 38-518Б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Зтай аавыг минь цохилоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед нь 2 шүдний булгарал, 1 шүдний хугарал, зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, тохой, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.З мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:...тухайн камерын бичлэг болон болсон үйл явдал хоорондоо зөрүүтэй байдаг. Манай гудамж маш нарийн учраас хоёр машин зөрөх боломжгүй байдаг. Аав бид хоёр эдгээр хүмүүсийг 10 минут хүлээж зогссон боловч энэ хүмүүс холдоогүй. Тэгсэн аав “...та нар нэгийгээ аллаа...” гэж хэлэхэд Заясамбуу чамд ямар хамаатай юм гэж хэлээд манай машин руу цохисон. Тухайн үед энэ хүн манай эхнэр, аавын нүдрүү шингэж цацсан учраас миний уур хүрсэн. Тэгээд би энэ хүнийг нэг удаа өшиглөсөн гэв.
1.3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбаатар мэдүүлэхдээ:...бид нарыг гудамж руугаа орох гэхэд 4 залуу зодолдоод зогсож байсан. Тэгээд би буух гэсэн манай хүүхэд “...аав яахын...” гэхээр нь би хүлээгээд 20 минут машиндаа суусан. Тэгээд би машиныхаа цонхыг буулгаад “...та хэд нэгийгээ алах гэж байна. Одоо боль гэж хэлэхэд “...чамд ямар хамаатай юм гэж хэлээд манай машин руу цохисон. Тэгээд машинаас буусан Заясамбуу гээд энэ залуу миний нүүрлүү шингэн цацчихаад зугтаагаад байсан. Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батбаатарын:... Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны орой 23:00 цагийн үед өөрийн төрсөн хүү Ганзоригийн хамт Бонго-3 маркийн автомашинтай гэрлүүгээ харихаар хоёулаа Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянгын 518-Б тоотод байх гэрийн хашааны ойролцоо очтол цагаан өнгийн жижиг суудлын тэрэгний /марк, улсын дугаарын санахгүй байна/ гадаа хэсэг залуучууд хоорондоо зодолдож, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Манай машины урд зодолдоод зам тавьж өгөхгүй 5 минут орчим болохоор нь би цонхоо онгойлгоод, зодолдохоо больцгоогооч ээ, нэг найзыгаа аллаа гэсэн чинь нэг нь чамд хамаагүй гэхээр нь би гэрлүүгээ зүгээр оръё гэтэл нэг нь ирээд манай машины хамарлуу гараараа цохисон. Тэгэхээр нь би буугаад, чи яаж байгаа юм бэ гэтэл нэг залуу нь ирээд миний нүүр ам хэсэг рүү гараараа нэг удаа цохитол /Заяасамбуугийн зургийг үзүүлэхэд намайг цохисон хүн мөн байна гэж таньсан/ миний үүдэн дээд талын нэг шүд эвгүй үүрээд унах нь мэдэгдсэн. Одоо тэр залууг харвал танина. Тэгээд арай эрүүл байсан найз нь ирээд бид нарыг салгаад, одоо больцгооё гээд салцгаасан. Тэр үед манай эхнэр Саранчимэг, бэр Солонго нар гарч ирээд хүү бид хоёрыг гэрт оруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Згийн:..2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын шинэ жил болоод би байгууллагынхаа баярыг тэмдэглээд, байгууллагынхаа хүнээр гэртээ хүргүүлэх гээд машинд нь Өлзийсайхан, Өлзийбат, Эрдэнэбадрах бид дөрөв явж байсан. Баянхошуугаар Хайлааст руу даваад явж байхад машины арын суудал дээр сууж байсан Өлзийсайхан, Өлзийбат нар хоорондоо маргалдаад байхаар нь машин дотор маргалдаад яах вэ, буугаад учраа олцгоо гээд машинаа зам чөлөөлөөд зогстол ард явж байсан машин сигнаалдаад, гэрлээ анивчуулаад байхаар нь хажуу талаар гараад явчих гээд хэлэхэд, гар муутай ах бууж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь та ямар сонин юм бэ гэж хэлэхэд тухайн хүний хүү нь гэх залуу бууж ирээд намайг үгийн зөрүүгүй цохиход би халтирч газар унахад миний амруу өшиглөөд үүдэн хоёр шүд хугарсан, хоёр гар болон биеийн зарим хэсгүүдэд зулгарсан байдалтай байна. маргалдсан гэх хоёр эрэгтэй хүний хүүхэд нь гэх том биетэй залуу цохиж унагааж байгаад өшиглөөд байсан. Би тухайн үед шинэ жилээ тэмдэглээд архи уусан байсан, гэхдээ болсон зүйлийн талаар санаж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Эрдэнэбадрахын:...Заяасамбуу, Өлзийсайхан, Өлзийбат нартай өөрийн эзэмшлийн 58-98-УНД улсын дугаартай саарал өнгийн Приус-41 маркийн автомашинаараа хүргэж өгөхөөр машиндаа суулган, Өлзийбатыг түрүүлж хүргэж өгөхөөр Дэнжийн мянга руу явж байтал Өлзийбат Өлзийсайхан хоёр хойд суудал дээр хамт сууж байгаад, чи намайг барах уу? гэх зэргээр маргалдаад зодолдох гээд байхаар нь машинаас буугаад маргалд, гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 37 дугаар гудамжинд зогстол тэр хоёр буугаад бие биеэ үгээр идээд зодолдсон. Бие биеийнхээ нүүрлүү гараараа ганц хоёр цохих шиг болсон тэгээд ноцолдоод барьцалдаад байж байсан. Би сайн хараагүй мэдэхгүй байна. Гэхдээ Өлзийсайханы хамраас цус гоожсон өөр гэмтэл шарх харагдаагүй. Тэгээд удалгүй байж байтал үл таних 2 эрэгтэй хүн портер маркийн автомашинтай ирээд, холдоорой, зөрье гэхээр нь за одоо холдлоо гээд байж байтал, нөгөө хоёр гарч ирээд Заясамбууг зодоод эхэлсэн. Би очоод салгатал, дахиад Заясамбууг унагаагаад, нүүрлүү нь бас өшиглөөд байсан. Мөн арай залуухан нь чулуу бариад толгойны шанаа, дагз хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би согтуу хүмүүсийг битгий далимдуулж зодолдоо гэсэн боловч тоогоогүй. Заясамбууг арай залуувтар эрэгтэй унагаад, нүүрлүү нь өшиглөж чулуугаар толгой руу нь нэг удаа цохиж зодсон гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Өлзийбатын:..бид нар гэр гэрлүүгээ явахаар Заясамбуу, Өлзийсайхан, Эрдэнэбадрах /эрүүл байсан/ бид нарыг хүргэж өгөхөөр түүний машинаар эхлээд намайг буулгахаар сууцгаасан. Хилчин хотхоноос манай гэрийн зүг ирэх замд машин дотор Өлзийсайхан ах бид хоёр ам зөрөн маргалдаж, барьцалдаж авалцаад, ноцолдох үедээ Өлзийсайхан ахын хамрыг санаандгүй цохьчих шиг болсон, хамраас нь цус гарах шиг болсон. Өлзийсайхан ах намайг цохиж, зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тэгээд бид хоёрыг муудалцахаа боль, гээд машинаас буулгасан. Би машинаас гараад өөрийгөө авч явах чадваргүй байсан, юу болсныг сайн санахгүй байгаа ба нэг сэрэхэд, намайг Эрдэнэбадрах ах “за чи одоо гэртээ харь” гээд босгоход би газар сэрсэн ба тэгээд би гэрлүүгээ явж ороод амарсан... Сүүлд манай Эрдэнэбадрах ахаас портер автомашинтай 2 хүн ирээд, Заясамбуу ах болон намайг зодсон гэж ярьсан... Миний биед гэмтэл шарх учраагүй... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Өлзийсайханы:...Хилчин хотхоноос Өлзийбатын гэрийн зүг ирэх замд машин дотор Өлзийбаттай маргалдаж, барьцалдаж байгаад Өлзийбат миний хамарлуу санаандгүй нударчихсан. Миний хамраас жоохон цус гарах шиг болсон. Тэгээд тэнд хашааны гадаа очоод бид нар буугаад байж байтал Эрдэнэбадрах бид хоёрыг салгаад намайг машинд оруулж суулгасан, нэг сэрэхэд гэртээ ирсэн. Тухайн өдөр өөр санаж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Солонгын:..манай нөхөр Ганзориг, хадам аав Батбаатар нартай гурван залуу зууралдаж, ноцолдсон дайрсан байдалтай байж байсан. Тэгээд би салгах гээд байж байтал цагаан өнгийн майк өмссөн /Заясамбуугийн зургийг үзүүлэхэд мөн байна гэж таньсан/ ахимаг насны эрэгтэй хүн гартаа цацдаг бололтой шингэн бодис бариад дайраад байсан. Миний нүүрлүү тэр зүйлээ цацахад манай нөхөр ухраад, гар дахийг нь салгах гээд машины урд хойгуур хөөцөлдөөд байж байтал тэр Заясамбуу нэг харахад газар сууж байсан. Тэгээд хадам ээж Саранчимэг бид хоёр тэд нарыг салгаад хадам аав Батбаатар, нөхөр Ганзориг нарыг гэрлүүгээ оруулсан. Намайг гарснаас хойш харахад нэг нэгнийгээ цохисон өшиглөсөн байдал огт харагдаагүй. Би тэндээс салгаад, гэрт нь оруулсан. Манай хадам аав Батбаатар гэртээ орж ирэхдээ зүүн гарын шуу хэсгээр эвгүй болчихлоо бас шүд эвгүй болсон гэж ярьж байсан. Маргааш нь амыг нь харахад зүүн дээд хэсгээрээ хавдартай болсон байсан. Урьд нь тухайн шүд нь бэртсэн гэмтсэн асуудал огт байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Саранчимэгийн:...гэртээ ортол манай нөхөр миний уруул шүд нэг л сонин болчихлоо гэж байсан. Би хартал уруул нь шалбарч, хавдсан, шүд сонин болсон байна гэж надад хэлж байсан. Гадна талаасаа харахад баруун уруул нь шалбарсан, хавдсан байсан. Тэгээд тэр оройдоо манай нөхөр Батбаатар миний шүд нэг л биш үүрсэн юм шиг байна гэж ярьж байсан. Манай нөхрийн баруун дээд хоёрдугаар шүд нь энэ асуудал болохоос өмнө бүтэн, эрүүл байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Отгонбаярын:...тэр 4 залуу гудамжны ам хаагаад зогсож байсан. Яриа нь сайн сонсогдохгүй байсан. Нэг залуу нь портер машины хамарлуу гараараа цохиход Батаа ах кабинаас бууж ирж, очиход нэг залуу нь шууд нүүрлүү нь гараараа цохиод авсан. Эхлээд машины хамрыг цохидог нэг нөхөр Батаа ахыг нүүрлүү нь гараараа цохихыг харсан. Өөрөөр хэнд яаж бэртэл учруулсныг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр тал/,
2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Батбаатарын биед баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ.
3. Баруун дээд үүдэн 2-р шүд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо., зүүн шууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.
4. Баруун дээд үүдэн 2-р шүд хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх баруун дээд үүдэн 2-р шүд хугарал гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Зүүн шууны зулгаралт гэмтэл нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн. Шинжээч эмч Н.Энхцолмон гэжээ. /хх-ийн 32-33 дугаар тал/,
2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 794 дугаартай:
1. Б.Заясамбуугийн биед 2 шүдний булгарал, 1 шүдний хугарал, зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, тохой, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Батбаатарын:....тэгэхээр нь би буугаад, чи яаж байгаа юм бэ гэтэл нэг залуу нь ирээд миний нүүр ам хэсэг рүү гараараа нэг удаа цохитол /Заяасамбуугийн зургийг үзүүлэхэд намайг цохисон хүн мөн байна гэж таньсан/ миний үүдэн дээд талын нэг шүд эвгүй үүрээд унах нь мэдэгдсэн. Одоо тэр залууг харвал танина. Тэгээд арай эрүүл байсан найз нь ирээд бид нарыг салгаад, одоо больцгооё гээд салцгаасан. Тэр үед манай эхнэр Саранчимэг, бэр Солонго нар гарч ирээд хүү бид хоёрыг гэрт оруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
- гэрч С.Солонгын:..манай нөхөр Ганзориг, хадам аав Батбаатар нартай гурван залуу зууралдаж, ноцолдсон дайрсан байдалтай байж байсан. Тэгээд би салгах гээд байж байтал цагаан өнгийн майк өмссөн /Заясамбуугийн зургийг үзүүлэхэд мөн байна гэж таньсан/ ахимаг насны эрэгтэй хүн гартаа цацдаг бололтой шингэн бодис бариад дайраад байсан...манай хадам аав Батбаатар гэртээ орж ирэхдээ зүүн гарын шуу хэсгээр эвгүй болчихлоо бас шүд эвгүй болсон гэж ярьж байсан. Маргааш нь амыг нь харахад зүүн дээд хэсгээрээ хавдартай болсон байсан. Урьд нь тухайн шүд нь бэртсэн гэмтсэн асуудал огт байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр тал/,
- гэрч Д.Саранчимэгийн:...гэртээ ортол манай нөхөр миний уруул шүд нэг л сонин болчихлоо гэж байсан. Би хартал уруул нь шалбарч, хавдсан, шүд сонин болсон байна гэж надад хэлж байсан. Гадна талаасаа харахад баруун уруул нь шалбарсан, хавдсан байсан. Тэгээд тэр оройдоо манай нөхөр Батбаатар миний шүд нэг л биш үүрсэн юм шиг байна гэж ярьж байсан. Манай нөхрийн баруун дээд хоёрдугаар шүд нь энэ асуудал болохоос өмнө бүтэн, эрүүл байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар тал/,
- гэрч Ч.Отгонбаярын:...тэр 4 залуу гудамжны ам хаагаад зогсож байсан. Яриа нь сайн сонсогдохгүй байсан. Нэг залуу нь портер машины хамарлуу гараараа цохиход Батаа ах кабинаас бууж ирж, очиход нэг залуу нь шууд нүүрлүү нь гараараа цохиод авсан. Эхлээд машины хамрыг цохидог нэг нөхөр Батаа ахыг нүүрлүү нь гараараа цохихыг харсан. Өөрөөр хэнд яаж бэртэл учруулсныг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 816 дугаартай дүгнэлт зэргээр,
Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Зтай аавыг минь цохилоо гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед нь 2 шүдний булгарал, 1 шүдний хугарал, зүүн хөмсөг, зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, тохой, баруун сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Згийн:..гар муутай ах бууж ирээд хэл амаар доромжпоод байхаар нь та ямар сонин юм бэ гэж хэлэхэд тухайн хүний хүү нь гэх залуу бууж ирээд намайг үгийн зөрүүгүй цохиход би халтирч газар унахад миний ам руу өшиглөөд үүдэн хоёр шүд хугараад...миний үүдэн хоёр шүд хугарсан, хоёр гар болон биеийн зарим хэсгүүдэд зулгарсан байдалтай байна…гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар тал/,
- гэрч Эрдэнэбадрахын:...тэгээд удалгүй байж байтал үл таних 2 эрэгтэй хүн портер маркийн автомашинтай ирээд, холдоорой, зөрье гэхээр нь за одоо холдлоо гээд байж байтал, нөгөө хоёр гарч ирээд Заяасамбууг зодоод эхэлсэн. Би очоод салгатал, дахиад Заясамбууг унагаагаад, нүүрлүү нь бас өшиглөөд байсан... Заясамбууг арай залуувтар эрэгтэй унагаад, нүүрлүү нь өшиглөж чулуугаар толгойруу нь нэг удаа цохиж зодсон гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,
- гэрч Э.Өлзийбатын:..сүүлд манай Эрдэнэбадрах ахаас портер автомашинтай 2 хүн ирээд, Заясамбуу ах болон намайг зодсон гэж ярьсан... Миний биед гэмтэл шарх учраагүй... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 794 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/ зэргээр,
Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан, шүүгдэгч нь Б.Заясамбуу нь шүүгдэгч Б.Г нар нь хоорондоо маргалдаж Б.Заясамбуу нь Б.Батбаатарын биед, Б.Г нь Б.Заясамбуугийн биед гэмтэл учруулсныг хохирогч, шүүгдэгч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Заясамбуугийн дээрх үйлдэл нь согтуурсан үедээ хохирогчийн гэртээ орьё зам тавиад өгөөч гэсэн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар хохирогчтой маргалдаж түүнийг цохиж гэмтэл учруулж байгаа нь, шүүгдэгч Б.Гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнтэй зүй бус харьцаж аавыг маань цохьлоо гэх шалтгаанаар бусдыг цохиж гэмтэл учруулж байгаа гэм буруугийн санаатай үйлдлүүд байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын хэн аль нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.З, Б.Г нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.З, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Зг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.З нь шүүгдэгч Б.Гоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч Б.Батбаатар нь шүүгдэгч Б.Згаас одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Шүүхээс шүүгдэгч Б.З, Б.Г нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хурагадаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Ганзриг нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, Б.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.З, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ