Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/55

 

 

 

 

 

 

 

 

 

2022        02         08                                             2022/ШЦТ/55

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2221000000011 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл:  Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, *******. *******

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Золбоогийн Алтангэрэл нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл  ашиглан Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар баг “Баян ганга” гэх газарт байрлах иргэн ******* өвөлжөөний гаднаас Porter маркийн автомашины моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын үед эхнэртэйгээ хамт өвөлжөөний хашаанаасаа аргал авах гээд очсон. Намайг очиход манай сумын Алтангэрэл гэх залуу эхнэртэйгээ хамт байж байсан. Тэгээд Алтангэрэлээс юу хийж байгаа талаар асуухад би энэ юмыг авъя гэж хэлсэн. Намайг чи юу авах гэж байгаа юм гэж асуухад энд байгаа моторны помпыг нь тайлж авъя, 12-ын түлхүүрээ өгөөч гэсэн. Намайг энэ өвөлжөө чинь миний өвөлжөө, мөн наад машины мотор чинь минийх, авах гэж байгаа бол эзэнд нь хэлээд авч болно шүү дээ гэж хэлэхэд юу ч дуугарахгүй байсан. ... Алтангэрэл гэх залуу мотоциклоо унаад эхнэрээ ардаа суулгаад зүүн тийш явсан. ...20 орчим хоногийн дараа өвөлжөөнөөсөө дахин аргал авахаар машинтайгаа очиход миний машины мотор байхгүй байсан. ...гэртээ очоод мотоциклоо унаад  Алтангэрэл гэх айлын гадаа очиход гэрийнх нь гадаа миний өвөлжөөнд байсан машины мотор байж байсан. Тэгээд Алтангэрэлтэй уулзаж чи яагаад миний өвөлжөөн дээр байсан машины моторыг авсан бэ гэж асуухад юу ч дуугарахгүй байсан. Тэгснээ та хэдэн төгрөг авах юм бэ гэж надаас асуусан. Би юм дуугараагүй. Мөн моторноос доод талын тосны тагийг нь задалж аваад өөрийнхөө машинд хийсэн байсан. Миний моторны таг байхгүй болохоор нь Алтангэрэлийн машины доогуур харахад мотортоо хийчихсэн байсан. Би тухайн моторыг 2020 онд хадам ах Баярцогтоос 1,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Баян ганга гэх газар явж байгаад замын хажууд Цэдэнбат гэх айлын өвөлжөөний гадна Hyundai Porter маркийн машины мотор байсан. Надад хэрэгтэй юм байж магадгүй гээд очоод харахад миний машинд хэрэгтэй касчер байсан. Тэгээд авах гээд байж байтал Цэдэнбат машинтайгаа ирсэн. Энэ хэнийх эсэх талаар асууж, надад хэрэгтэй юм байна, авах гэсэн юм гэхэд манай хашаа, чи юм хэлэхгүйгээр авах гээд байна уу, авах юм бол хэлээд аваарай. Манайх энд ойрхон байдаг гэж хэлсэн. Ингээд би 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээсээ малдаа унаж хэрэглэдэг Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай машинтай Цэдэнбатын өвөлжөө рүү очоод Hyundai Porter маркийн машины моторыг хэлэлгүй ачаад гэртээ авч ирсэн. Мотороос касчерийг нь авсан. 2021 оны 12 дугаар сарын үед хэсгийн төлөөлөгч моторыг аваад явсан. Би Цэдэнбатын машины моторыг бүгдийг нь ашиглах гэж аваагүй. Касчер буюу тагийг нь авах гээд бүтнээр нь ачаад гэртээ ирсэн. Би учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Машины моторыг хэсгийн төлөөлөгч хураан авч Цэдэнбатад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр касчер буюу тагийг нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09/

Эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 12/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

Баяндун сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 27/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-36/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47-49/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

            Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-59/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

******* нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл  ашиглан Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар баг “Баян ганга” гэх газарт байрлах иргэн ******* өвөлжөөний гаднаас Porter маркийн автомашины моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Баяндун сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын эхээр хохирогч ******* өвөлжөөн дээр очоод түүний эзэмшлийн Porter маркийн автомашины моторын тагийг авах гэж байхад нь хохирогч ******* таарч өөрийн эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг сануулж хэлсээр байтал шүүгдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан уг машины моторыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч  нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Энхболд нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон  хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******ийг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

             Шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д  “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэлээ.

           

 Бусад асуудлын талаар: 

Хохирогч ******* нь “алдсан  Porter маркийн автомашины мотороо буцааж авсан, шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн  байх тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийн үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа техник, тээврийн хэрэгсэл бусад уналга ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан.

Шүүгдэгч ******* нь Б.Баттөмөрийн эзэмшлийн 86-09 ХЭА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг гэмт үйлдлээ түргэтгэх зорилгоор ашигласан, тухайн тээврийн хэрэгслийг Хэрлэн сумын үнэлгээний комисс үнэлсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа болно.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Золбоогийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2  жилийн хугацаанд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА