Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

 

 

 

 

  2022        03        09                                   2022/ШЦТ/213

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Б.Сод-Эрэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, өсвөр насны шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, ХО. нарт  холбогдох эрүүгийн “2211 00000 0003” дугаартай, 186/2022/0165/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 2006 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бага ангийн боловсролтой, мэргэжилгүй, 42 дугаар сургуулийн 10а бүлгийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 8 дугаар байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Т,

2.Монгол улсын иргэн, 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бага ангийн боловсролтой, мэргэжилгүй, “Тэмүүжин өрлөг” сургуулийн 10б бүлгийн сурагч, ам бүл 4, эмээ, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24-71 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.О,

         Холбогдсон хэргийн талаар:

         Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь Т.Хосбаяр, Х.О нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Эрдэнийн 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Эл Жи Класс загварын гар утас, 2 ширхэг тамхи, 1000 төгрөг зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэж, хууль бусаар авсан,

 

Өсвөр насны шүүгдэгч Х.О нь Т.Хосбаяр, Б.Т нартай бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Эрдэнийн 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Эл Жи Класс загварын гар утас, 2 ширхэг тамхи, 1000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

           2.1. Өсвөр насны шүүгдэгч Х.О нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бат-Эрдэнийн:....би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд хүргэн Мөнх-Эрдэнэтэй Баянбүрд пабад уулзаж ярилцангаа 16 шил пиво хувааж уусан. Тэнд хүргэнээ үлдээгээд ганцаараа гараад /хэдэн цагийн үед гарснаа санахгүй байна/ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Цагаан байр луу алхаж явсан. Цагаан байрны 10, 11, 12, 13 дугаар гудамжны аль нэг рүү ороход миний ардаас үл таних 3 залуу дагаад байсан. Хэсэг хугацааны дараа миний нуруу руу тэр гурван залуугийн аль нэг нь ямар нэг зүйл тулгаад ална шүү, чамд өгчихмөөр юм юу байна гэж хэлсэн. Би хариуд нь надад мөнгө төгрөг байхгүй, байгаа юм нь миний гар утас байна гэж хэлээд утсаа гаргаж өгсөн. Тэр гурвын нэг нь миний гар утсыг авсан. Хэн нь гар утас авсан талаар хэлж мэдэхгүй байгаа. Миний гар утсыг дээрэмдээд тэр гурвын нэг нь зугт гэхэд нь би намайг хүн дээрэмдчихлээ авраарай гэж орилсон. Тэр үед гурван залуу зугтаагаад байхгүй болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 11-15 дугаар тал/, 

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Т.Хосбаярын:...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянбүрдээс дээшээгээ явж байтал улаан өнгийн куртиктэй согтуу эрэгтэй бид нарын урд алхаад утсаар ярингаа явж байсан. Бид гурав тэр эрэгтэйг хараад хоорондоо энэ согтуу хүний утсыг нь аваад зугтаагаад явчихъя гэж ярилцсан. Дараа нь тэр эрэгтэйн ардаас нилээн удаан дагаж явж байгаад харанхуй гудамж руу орохыг нь хүлээсэн. Тэр согтуу эрэгтэй дээшээгээ алхаж явж байгаад нэг харанхуй гудамж руу яваад орсон. Бид нар ч хойноос нь дагаад орцгоосон. Түвшинтөр Оргилыг чи хамгийн чадалтайгаараа хойноос нь тэвэрч аваад гарыг нь хориглочих харин намайг тэр эрэгтэйн хувцасны халааснуудыг нь нэгжээрэй гэж хэлсэн. Бид нар тэр эрэгтэйн ардаас гудамж өгсөөд явж байгаад Оргил тохирсноороо хойноос нь гарыг нь бэхлээд тэвэрсэн. Харин Түвшинтөр тэр эрэгтэйд хандаж утсаа өг, хэрвээ утсаа өгөх юм бол яах ч үгүй, зүгээр орхино, утасныхаа кодыг хэл гэж хэлсэн. Гэтэл тэр эрэгтэй өөдөөс агаагаа зодчих гээд байсан. Би тэр эрэгтэйн халааснуудыг нэгжээд куртикных нь зүүн талын халааснаас 2 ширхэг тамхи, 1000 төгрөг, гар утасны цэнэглэгч байхаар нь авсан. Тэгтэл гудамжны доороос машин гараад ирсэн. Түвшинтөр яараад баруун гаранд нь байсан гар утсыг нь хүчээр булааж авсан. Түвшинтөрийг гар утас салгаж авсны дараа бид нар тэр эрэгтэйг орхиод гудамж өгсөж зугтаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-22 дугаар тал/,

2.2. Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн Эл Жи Класс маркийн гар утсыг 70,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан      /хх-ийн 45-46 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

          3.1. Шүүгдэгч Х.Оийн өмгөөлөгч Б.Дашдорж:..Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс яллагдагч Х.Оын хувийн байдалтай холбоотой баримт хавтаст хэргийн 110-116 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.

         3.2. Шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг:..Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс яллагдагч Х.Оын хувийн байдалтай холбоотой баримт хавтаст хэргийн 110-116 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судалъя гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нар нь бүлэглэж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Эрдэнийн 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий Эл Жи Класс загварын гар утас, 2 ширхэг тамхи, 1000 төгрөг зэрэг эд зүйлсийг  хүч хэрэглэж, хууль бусаар авч  дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь:

 

- хохирогч Д.Бат-Эрдэнийн:....цагаан байрны 10, 11, 12, 13 дугаар гудамжны аль нэг рүү ороход миний ардаас үл таних 3 залуу дагаад байсан. Хэсэг хугацааны дараа миний нуруу руу тэр гурван залуугийн аль нэг нь ямар нэг зүйл тулгаад ална шүү, чамд өгчихмөөр юм юу байна гэж хэлсэн. Би хариуд нь надад мөнгө төгрөг байхгүй, байгаа юм нь миний гар утас байна гэж хэлээд утсаа гаргаж өгсөн. Тэр гурвын нэг нь миний гар утсыг авсан. Хэн нь гар утас авсан талаар хэлж мэдэхгүй байгаа. Миний гар утсыг дээрэмдээд тэр гурвын нэг нь зугт гэхэд нь би намайг хүн дээрэмдчихлээ авраарай гэж орилсон….гэх мэдүүлэг. /хх-ийн 11-15 дугаар тал/, 

          - насанд хүрээгүй гэрч Т.Хосбаярын:...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянбүрдээс дээшээгээ явж байтал улаан өнгийн куртиктэй согтуу эрэгтэй бид нарын урд алхаад утсаар ярингаа явж байсан. Бид гурав тэр эрэгтэйг хараад хоорондоо энэ согтуу хүний утсыг нь аваад зугтаагаад явчихъя гэж ярилцсан. Дараа нь тэр эрэгтэйн ардаас нилээн удаан дагаж явж байгаад харанхуй гудамж руу орохыг нь хүлээсэн. Тэр согтуу эрэгтэй дээшээгээ алхаж явж байгаад нэг харанхуй гудамж руу яваад орсон. Бид нар ч хойноос нь дагаад орцгоосон. Түвшинтөр Оргилыг чи хамгийн чадалтайгаараа хойноос нь тэвэрч аваад гарыг нь хориглочих харин намайг тэр эрэгтэйн хувцасны халааснуудыг нь нэгжээрэй гэж хэлсэн. Бид нар тэр эрэгтэйн ардаас гудамж өгсөөд явж байгаад Оргил тохирсноороо хойноос нь гарыг нь бэхлээд тэвэрсэн. Харин Түвшинтөр тэр эрэгтэйд хандаж утсаа өг, хэрвээ утсаа өгөх юм бол яах ч үгүй, зүгээр орхино, утасныхаа кодыг хэл гэж хэлсэн. Гэтэл тэр эрэгтэй өөдөөс агаагаа зодчих гээд байсан. Би тэр эрэгтэйн халааснуудыг нэгжээд куртикных нь зүүн талын халааснаас 2 ширхэг тамхи, 1000 төгрөг, гар утасны цэнэглэгч байхаар нь авсан. Тэгтэл гудамжны доороос машин гараад ирсэн. Түвшинтөр яараад баруун гаранд нь байсан гар утсыг нь хүчээр булааж авсан. Түвшинтөрийг гар утас салгаж авсны дараа бид нар тэр эрэгтэйг орхиод гудамж өгсөж зугтаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-22 дугаар тал/,

           - Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийн Эл Жи Класс маркийн гар утсыг 70,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46 дугаар тал/ болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэж,  хууль бусаар авч явсныг насанд хүрээгүй гэрч Т.Хосбаяр, хохирогч Д.Бат-Эрдэнэ нарын шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар  бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэж  бусаар авч өөрсдийн  эзэмшил болгож  буй Б.Т, Х.О нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж  хууль бусаар авч  дээрэмдэх “ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Харин шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч  Ц.Алтанцэцэгийн хувьд прокурорын  яллах дүгнэлтэд 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдана гэж бичсэн нь алдаатай  болжээ, мөн  яллах дүгнэлтэд илээр гэж бичсэн нь  мөн буруу  байна өөрөөр хэлбэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2-д  илээр гэсэн үг байхгүй юм. шүүгдэгч нар нь хүч  хэрэглэж  дээрэмдээгүй, хохирогчид  ямар нэг гэмтэл  учраагүй юм  тийм учраас  хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж  өгнө үү гэж маргаж байгааг улсын  яллагчийн зүгээс  прокурорын  яллах дүгнэлтийн  тогтоох хэсэгт  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэж бичсэн нь бичилтийн алдаа  болсон  байна, яллагдагчаар татах тогтоолд  яллагдагч нарыг  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа гэж  тайлбарлаж  мэтгэлцэв.

Шүүх өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн  гаргаж байгаа зүйлчлэлийн  хөнгөрүүлэн  өөрчилж  өгнө  үү гэсэн хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч нар нь  бусдыг  хүч хэрэглэж  авсан болох нь насанд хүрээгүй гэрч Т.Хосбаярын ... Түвшинтөр яараад баруун гаранд нь байсан гар утсыг нь хүчээр булааж авсан. Түвшинтөрийг гар утас салгаж авсны дараа бид нар тэр эрэгтэйг орхиод гудамж өгсөж зугтаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 19-22 дугаар тал/, хохирогч Д.Бат-Эрдэнийн...3 залуу дагаад байсан. Хэсэг хугацааны дараа миний нуруу руу тэр гурван залуугийн аль нэг нь ямар нэг зүйл тулгаад ална шүү, чамд өгчихмөөр юм юу байна гэж хэлсэн...гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Харин  прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа  байна гэж  шүүх үзлээ.

Учир нь хавтаст хэргийн 76-77 дугаар талд  Эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  2211000000003 дугаартай тогтоолд Б.Тийг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэжээ.

Дээрхи техникийн шинжтэй  алдаанаас болж хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах  шаардлагагүй гэж үзлээ. Яагаад  вэ гэхээр  шүүгдэгч нар болон тэдгээрийн  өмгөөлөгч нарын  зүгээс хэргийг  хурдан шуурхай  шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд тавьсан төдийгүй өсвөр насны  шүүгдэгч нарын  цаашдын  сурлага  хүмүүжил,  нийгэмд  өөрийн  байр суурийг олоход туслах зорилгоор хэргийг шийдвэрлэх нь зүйтэй  байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авч  дээрэмдэх “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Бат-Эрдэнэ  нь шүүгдэгч нарт  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, тэдгээрийн нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг  олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарт  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, тэдгээрт зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус бүрт нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, олон нийтээс тусгаарлахгүйгээр амьдралын ердийн нөхцөлд хүмүүжүүлэх зорилгоор хорих ял биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т, Х.О нар нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах сануулж, хэрэгт шийдвэрлэвэл битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагаж ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СД-иг хэрэгт хавсарагахыг  тус тус  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарыг “ бүлэглэн бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэн авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2   дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарыг  тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ял биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар өсвөр насны  шүүгдэгч Б.Т, Х.О нарыг зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

            6. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын  дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг  сануулсугай.  

7. Өсвөр  насны шүүгдэгч Б.Т, Х.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг  хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Т, Х.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ