| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2016/07472/И |
| Дугаар | 1909 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 1909
Б.Байгальмаа, Д.Мэндсайхан нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/01738 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Байгальмаа, Д.Мэндсайхан нарын, “МД” ХХК, А.У, Б.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 194 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Байгальмаа, Д.Мэндсайхан, өмгөөлөгч Б.Даваажав
Хариуцагч “МД” ХХК-ийн төлөөлөгч Ж.Алтанбилэг, өмгөөлөгч Д.Түмэнжаргал
Хариуцагч А.У, Б.А нарын итгэмжлэгдсэн төлөлөгч Ч.Шүрэнцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Байгальмаа, Д.Мэндсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.У болон “МД” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 22 000 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөг, мөн 2014 онд 35 700 000 төгрөг болон 40 000 000 төгрөг, нийт 121 360 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулж, бэлнээр мөнгөө шилжүүлж өгч, зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.01 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
Анх хариуцагч нартай сарын 3 хувийн хүүтэй, 3 хүртэлх сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцсон боловч энэ хугацаанд хариуцагч нарыг надаас мөнгө нэмж авах бүрт зээлийн гэрээний хугацаа сунгагдсаар байсан.
Хариуцагч нар 2015 оны 5 сард үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 10 000 ам.доллар /тухайн үеийн ханшаар тооцвол 18 800 000 төгрөг/, мөн 10 000 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөгийг надад өгсөн.
“МД” ХХК, иргэн А.У нараас зээлээ төлөхийг шаардахаар янз бүрийн гэрээний санал тавьж, мөнгө өгнө гэсэн баталгаануудыг үйлддэг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “МД” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж буй 3 давхар обьектын 77 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаа болгож, худалдааны талбайг худалдах-худалдан авах гэрээг боловч уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалсан, ямар нэгэн үр дагавар үүсгэхэд чиглэгдээгүй, хуурамч гэрээ болохыг нь би сүүлд мэдсэн.
Түүнчлэн тухайн худалдааны талбайн худалдах-худалдан авах гэрээний доод хэсэгт зээлийн гэрээний агуулга бүхий заалтыг, мөн зээлийн хүү, зээлийн гэрээний үндсэн нөхцөл зэргийг харилцан тохиролцсон талаар гараар тухай бүрт нь бичсэн.
Хариуцагч “МД” ХХК, иргэн А.У нар нь 2015 оны 11 сард үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр, нийт 194 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр А.У нь “... таниас авсан зээл болон хүүгийн төлбөр, нийт 194 000 000 төгрөгийг төлж барагдуулна” гэсэн тодорхойлолт, мөн өдөр 194 000 000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.
Үүнээс хойш 1 хоногийн дараа дахин “МД” ХХК 194 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах тухай албан бичгийг миний нэр дээр бичиж өгсөн.
Бид алданги нэхэмжлээгүй, үндсэн төлбөр 121 360 000 төгрөг, 2015 оны 5 сарыг хүртэлх хүүгийн төлбөр 72 640 000 төгрөг, нийт 194 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “МД” ХХК-ийн захирал Ж.Алтанбилэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Наранцэцэг манай ажил дээр ирээд банкнаас зээл авахад хүнээс авлагатай гэдгээ тодорхойлох шаардлагатай байна гээд 194 000 000 төгрөгийн албан бичгийг авч байсан. Харин манай компанийн хувьд Б.Байгальмаагаас зээл авч байгаагүй.
Эхний зээлийн гэрээний хувьд автомашин барьцаанд тавьж 6 500 000 төгрөг авсан. Энэ мөнгөө өгөөд автомашинаа шилжүүлж аваад, энэхүү гэрээний харилцаа нь дуусгавар болсон.
2 дахь зээлийн гэрээний хувьд 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Б.Байгальмаа, "Мэргэн Дэволопмент" ХХК, А.У нарын хооронд 24 700 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн төлбөртөө буцааж 55 664 000 төгрөг өгч, талууд тооцоо нийлж гэрээг дуусгавар болгосон.
Харин 3 дахь гэрээний тухайд, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А.У, Д.Наранцэцэг нарын хооронд 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дээрх зээлийг хүүгийн төлбөртэй нь хамт буцаан төлж, гэрээний үүрэг дуусгавар болсныг гэрчилж нотариатаар баталгаажуулсан. 4 дэх гэрээ нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр А.Уд Д.Наранцэцэг нь 70 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. 5 дахь гэрээний хувьд, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дээрх 2 этгээдийн хооронд 79 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан.
Дараа нь дээрх мөнгөн дүнг нэгтгэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 154 000 000 төгрөгийг өгөх ёстой гэсэн бичиг хийлгэж авсан. Сүүлд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгт Б.Байгальмаа нь Б.Ад зээлээр автомашин өгсөн.
Уг гэрээний дагуу 25 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40 000 000 төгрөг болгон буцаан төлөх нөхцөлтэйгөөр байгуулагдсан. Дээрх гэрээний үүргийн биелэлт 2015 оны 5 сард 10 000 000 төгрөгийг, 10 000 ам.долларын хамтаар, нийт 29 500 000 төгрөгийг буцаан төлснөөр дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.У, Б.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн ажилтан Т.Улаанбаатар нь 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Байгальмаагаас биш, иргэн Д.Мэндсайханаас 22 000 ам.долларыг 14 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь 74-32 УНЯ улсын дугаартай Додж челленджер маркийн автомашиныг барьцаанд нь тавьж, мөн 5 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөг нэмж зээлээд дараа нь үндсэн зээл, хүүгийн хамт төлж барагдуулан автомашинаа буцаан шилжүүлж авсан.
Мөн 2014 онд 35 700 000 төгрөгийг аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин манай компани иргэн Б.Байгальмаагаас 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 22 450 ам.долларыг 10 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлж, 60 хоногийн дараа төлөхдөө 29 640 ам.доллар буюу 55 664 000 төгрөгийг төлж, зээлээ барагдуулсан. 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд тусгасан 194 000 000 төгрөгөөс би болон МД ХХК нь нэг ч төгрөг аваагүй:
Би Д.Наранцэцэгээс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай худалдааны талбайгаас 99 м.кв талбай барьцаалж, зээл аваад 2014 оны12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хүүд 10 000 000 төгрөг, нийт 110 000 000 төгрөг төлж, гэрээг дуусгавар болгосон.
2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Наранцэцэгээс 70 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай барьцаагаа хэвээр үлдээн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 79 800 000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч зээлээ төлж дийлэхгүй байсан тул зээлийн хүүг нэмж шинээр гэрээ байгуулсан.
Нэхэмжлэгч нь 40 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 88-28 УБЯ улсын дугаартай Тоёото хайлюкс маркийн автомашиныг өдрийн 1 хувийн хүүтэйгээр, 25 000 000 төгрөгт тооцон авч, 60 хоногийн дараа хүүнд нь 15 000 000 төгрөг нэмж 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нийт 40 000 000 төгрөг болгож төлөхөөр 19.8 м.кв худалдааны талбай барьцаалж, автомашиныг зээлж авсан.
Автомашин зээлж авсан төлбөрийн хүү нь өндөр тул гэрээнд заасан хугацаанаас өмнө 2015 оны 5 сард 10 000 000 төгрөг, мөн 10 000 ам доллар, нийт 29 500 000 төгрөг төлж, дээрх автомашины зээлийг барагдуулсан.
Мөн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1 хувийн хүү тооцсон 154 000 000 төгрөгийн тооцоо дууссан. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 25 000 000 төгрөгөөр автомашин зээлсэн мөнгийг 1 хувийн хүү тооцон 40 000 000 төгрөгийг нэмж шинээр 194 000 000 төгрөгийн зээл авсан мэтээр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У, Б.А нараас 11 200 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Байгальмаа, Д.Мэндсайхан нарт олгож, нэхэмжлэлээс хариуцагч “МД” ХХК-д холбогдох нэхэмжлэл болон 182 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 127 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.У, Б.А нараас 194 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Байгальмаа, Д.Мэндсайхан нарт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний дагуу 194 000 000 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх хэт нэг талыг баримталж, хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан хууль бус, хуурамч тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон.
Бид 2016 оны 8 сард шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориудаар саад учруулж хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхгүй сунжруулсан.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн зээлийн гэрээ бодитой хийгдсэн гэх нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан байхад хариуцагчийн нотлогдоогүй тайлбарт хууль бус дүгнэлт хийх замаар хэт нэг талыг барьж шүүх шийдвэрээ гаргасан.
Мөн Б.Байгальмаа, А.У нарын хооронд 194 сая төгрөгийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан харилцаа бодитой бий болоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэн, шүүх "өгсөн байна, өгөөгүй гэж байна, өгсөн гэдгийг нь шинжлэн судлахад" гэсэн тайлбараар асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад зээлийг авсан нь үнэн, эвлэрэх саналтай хэмээн удаа дараа шүүх хуралдаануудыг хойшлуулж байсныг шүүх мэдсээр байж “... мөнгө аваагүй ...” гэдэг агуулгаар шийдвэрээ гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байгаад харамсаж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжлэгч Б.Байгалмаа, хариуцагч А.У харын хооронд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 194 000 000 төгрөгийг зээлдүүлсэн тухай гэрээг талууд бичгээр байгуулсан боловч тус гэрээний дагуу нэхэмжлэгч 194 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитой бий болоогүй байна. Хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийн нотолгооны үүрэг нь урьд нэхэмжлэгч талд ногдох бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэн өгснийг нотлох явдал юм. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу амаар болон бичгээр байж болно, хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэдгээ нотолсон тохиолдолд хариуцагч нь зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэхгүй, мөнгөн хөрөнгө шилжүүлэн аваагүй, мөнгө буцаан өгөх үүрэггүй гэдгээ нотлох үүрэг хүлээж, хариуцагч талд нотолгооны үүрэг шилжиж хуваарилагддаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нар нар хариуцагч “МД” ХХК, А. Уянга, Б.А нарын хэнд нь хэдэн төгрөг зээлдүүлсэн, хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй" хэмээн дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь зээлийн гэрээ байгуулсан нөхцөл байдлууд баримтуудаар тогтоогдож байгааг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харж болно. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... Иргэний хэрэг шүүхэд хянан шиыдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгчийн хариуцагч нарт шилжүүлэн өгсөн гэх 121 360 000 төгрөг нь нэхэмжлэгч нарын мөнгө гэдгийг, шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа үндэслэл бүхий байдлаар бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй ба дараах үйл баримтыг тогтоож байна" хэмээн дүгнэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.
Дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдчихсон байхад тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар хариуцагч “МД” ХХК нь нэхэмжлэгч Б.Б нар нараас зээл аваагүй, талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа байгаа болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс хариуцагч “МД” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож илт хууль бус дүгнэлт хийсэн.
Тухайн зээлийн гэрээг байгуулах үед хариуцагч Б.А, А.У нар нь өөрсдийн компани болох “МД” ХХК-ийг оролцуулан гэрээ байгуулж, улмаар зээлийн гэрээний хариу төлбөрт тухайн компанийн барьж байгаа барилгаас үйлчилгээний талбай өгөх тухай худалдах-худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хариу төлбөр, мөнгийг хүүгийн хамт өгөх тухай “МД” ХХК-ийн албан бичиг зэргийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгч байсан баримтууд байсаар байхад шүүх хамааралгүй, тогтоогдохгүй байна хэмээн үзэж, “МД” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б нар нар нь хариуцагч “МД” ХХК, А.У, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 194 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт Б.Байгалмаа, хариуцагч А.У нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 194 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч тал уг мөнгийг хариуцагч нарт гэрээний дагуу шилжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Харин нэхэмжлэгч тал, хариуцагч А.У болон “МД” ХХК-д 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 22 000 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөг, 2014 онд 35 700 000 төгрөг, 40 000 000 төгрөг, нийт 121 360 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу тус тус шилжүүлсэн, талууд зээлийн үлдсэн төлбөрийг нэгтгэн тооцож 194 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж марган, уг гэрээ болон “МД” ХХК, А.У нарын бичиж өгсөн “зээл төлж барагдуулах тухай” тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шаардах эрхийн үндэслэлээ болгож, үүнийг нотлохоор Д.Наранцэцэгээс гэрчийн мэдүүлэг авахуулсан байна.
Хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан баримтаас дүгнэхэд Б.Байгалмаа нь хариуцагч “МД” ХХК-ийн захирал А.Утай 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 24 700 ам.доллар зээлж, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А.У нь нэхэмжлэгч Б.Байгалмаад 55 664 000 төгрөг хүлээлгэн өгснөөр энэ зээлийн үүрэг дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч нар шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэгчийн цуглуулж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Хариуцагч А.У, гэрч Д.Наранцэцэг нар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 70 000 000 төгрөг, мөн сарын 17-ны өдөр 79 800 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 100 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээ /100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дуусгавар болсон тооцох тухай/-г тус тус байгуулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч уг гэрээний үүргийг нэхэмжлэгч Д.Мэндсайханд шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул гэрч Д.Наранцэцэгийн “ ... зээлийн гэрээг би Б.Байгалмаагийн нөхөр Д.Мэндсайханы нэр дээр шилжүүлсэн” гэх мэдүүлгийг өөр баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. /хх-99-100, 114-115, 121, 169 дүгээр тал/
Мөн нэхэмжлэгч Д.Мэндсайхан, иргэн Т.Улаанбаатар нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч тал уг төлж дуусган барьцаа хөрөнгө болох автомашиныг буцааж авсан гэх тайлбар болон гэрч Д.Наранцэцэгийн мэдүүлгийг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгч Б.Б нар нарыг хариуцагч “МД” ХХК болон А.У, Б.А нараас 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 22 000 ам.доллар, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 6 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үүргийг шаардаж буй үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэлээ. /хх-127-128 дугаар тал/
Харин нэхэмжлэгч Б.Б нар, хариуцагч А.У, Б.А нарын хооронд 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15/21 тоот худалдааны талбайн худалдах-худалдан авах гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. /хх-108-112 дугаар хуудас/
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байхаас гадна нэхэмжлэгч нарыг хариуцагч нарын хэнээс нь юу шаардаж байгаагаа тодорхойлоогүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн, хариуцагч компанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.У, Б.А нараас 11 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.
Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/01738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 127 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ч.ЦЭНД