Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 918

 

 

 

 

 

 

 

 

                                                           

 

       Ж.Б, Т.Б нарт холбогдох

                                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Н.Анхбаяр,

            шүүгдэгч Т.Б,

шүүгдэгч Ж.Б, Т.Б нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар,

            хохирогч Л.Г,

            хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажав,

хохирогч Л.Г, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Монгол,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, түүнчлэн шүүгдэгч Ж.Б, Т.Б нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар, хохирогч Л.Г, хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Б, Т.Б нарт холбогдох 201724000294 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Сартуул овгийн Ж.Б, Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд 1991 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Өргөө” кино театрт сантехникч ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 48 дугаар гудамжны, 554а тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 43-2176 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ВР................/;

 

2. Боржигон овгийн Т.Б, Баянхонгор аймгийн Хүрээ марал суманд 1989 оны 2 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжны 249 тоот оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 43-2176 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ВР................./;

 

Ж.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Био комбинат”-ын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн а дахь заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 03-87 УБА улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөн дүрмийн 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Г-ийг дайрч хүндэвтэр хохирол, явган зорчигч Б.Х-ийг дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

            Т.Б нь дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар, Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад зааснаар Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бг 1 жилийн хугацаагаар эрх хасаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-т оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Ж.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, Т.Б-гийн 1 жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СD-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Т.Б, Ж.Б нар цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, Ж.Б-ийн №1178155 тоот жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлж, Ж.Б-ээс гэм хорын хохиролд 61,542,707 төгрөг гаргуулж хохирогч Л.Г, хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажав нарт олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Ж.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар, миний биеийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад 1 жил эрх хасаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Осол болох үед миний нөхөр Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан учраас өөрийн эзэмшлийн 03-87 УБА улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг Ч.Лоор жолоодуулж явсан. Ч.Л нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Б.Х, Л.Г нарыг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Осол болсон өдөр болох 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 2018 оны 1 дүгээр cap хүртэл хугацаанд Ч.Лийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Би мөрдөн байцаалтын шатанд худлаа хэлсэн зүйл огт байхгүй.

Ч.Л осол болох үед автомашин жолоодож явсан талаар надаас өөр гэрч М.Алтантуул, Т.Болормаа, Б.Манлайбаатар нар мэдүүлсэн. Харин гэрч Б.Энхчимэг гэгч нь Ж.Бийг осол болох үед автомашины жолоочийн талын хаалгаас бууж ирсэн гэж мэдүүлсэн байсан. Осол болоход Ч.Л автомашинийг жолоодож явсан. Би жолоочийн хажуугийн суудалд хүүхэдтэйгээ сууж явсан. Бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Б.Энхчимэг нь тухайн үед ямар хүн жолоочийн хаалгаас бууж ирсэн талаар андуурч харчихаад, тэрийгээ үнэн гэж мэдүүлсэн. Энэ нь гэрч Ч.Л, Б.Энхчимэг, хохирогч Л.Г нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаагаас харагдаж байгаа. Мөрдөгч, прокурор нар гэрч Ч.Л, Б.Энхчимэг нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсаар байхад ямар үндэслэлээр тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж, намайг худал мэдүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр нь тогтоогоогүй байна.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаагүй, хэргийн бодит   байдлыг   тогтоогоогүй,   гэрчийн   мэдүүлгүүдийн   зөрүүтэй   байдлыг   арилгаагүй, ямар үндэслэлээр зарим гэрчийн мэдүүлгийг үнэн гэж үзэж, зарим гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй, нотлох баримтууд агуулгын хувьд илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан магадлалгүйгээр хэт нэг талыг барьж намайг болон миний нөхөрийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйл /нотлох баримтыг шалгаж үнэлэх/-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд гэмт хэрэг хэн үйлдсэн гэдэг нь бүрэн бодитой тогтоогдоогүй байхад намайг болон миний нөхөр Ж.Бийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

 

Шүүгдэгч Ж.Б, Т.Б нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зам тээврийн осол гарсан талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин тухайн осол гарах үед миний үйлчлүүлэгч Ж.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан учраас өөрийн эзэмшлийн 03-87 УБА улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг эхнэр Т.Б-гийн дүү Ч.Л-оор жолоодуулж явсан. Ч.Л нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад Б.Х, Л.Г нарыг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Осол гарсан 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр cap хүртэлх хугацаанд тухайн гэмт хэрэгт Ч.Лийг холбогдуулан шалгаж байсан. Ч.Л нь тухайн үед сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж хэргийн материалтай танилцуулснаас хойш өөрийн мэдүүлгээсээ буцаж, “Ж.Б өөрөө автомашинаа жолоодож яваад зам тээврийн осол гаргасан” гэж худал мэдүүлж, Ж.Бийг тухайн гэмт хэрэгт холбогдуулж, эхнэр Т.Бг нь худал мэдүүлэг өгсөн хэрэгт холбогдуулсан байна.

Ч.Л осол болох үед автомашин жолоодож явсан талаар гэрч Т.Б, М.Алтантуул, Т.Болормаа, Б.Манлайбаатар нар мэдүүлсэн байдаг. Харин гэрч Б.Энхчимэг нь Ж.Б-ийг осол болох үед автомашины жолоочийн талын хаалгаас бууж ирсэн гэж зөрүүтэй мэдүүлсэн. Мөн Ж.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа гэрч Ч.Л, гэрч Б.Энхчимэг, хохирогч Л.Г нарын мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэж заасан. Гэтэл мөрдөгч 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэрч Б.Энхчимэгээр таньж олуулах ажиллагаа явуулахдаа ямар шинж тэмдэгээр нь таньж чадах талаар нь урьдчилан асууж, тэмдэглэлд тусгаагүй нь дээрх заалтыг зөрчсөн. Б.Энхчимэг нь урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ жолооч, зорчигч хоёрыг өндөр намаар нь ялгах тухай дурьдсан. Ж.Б, Ч.Л нар нь илт өндөр нам байхад хамтад нь таньж олуулах ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Таньж олох хүнийг түүнтэй гаднах байдлаараа адил төстэй хоёроос дээш хүний хамтаар таньж олуулах гэж байгаа хүнд харуулна...” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд тус ажиллагааны тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаагүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, гэрчийн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгаагүй, ямар үндэслэлээр зарим гэрчийн мэдүүлгийг үнэн гэж үзэж, зарим гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй, хэргийн бодит байдал бүрэн дүүрэн, эргэлзээгүй тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй, эргэлзээтэй, нотлох баримтууд агуулгын хувьд илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, харьцуулан магадлалгүйгээр хэт нэг талыг барьж миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйл /нотлох баримтыг шалгаж үнэлэх/-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримталж нотлох баримтуудыг харьцуулан, магадлах аргаар шинжлэн судлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлын баримтаас гадна гэмт хэргийн хохиролд хамааралгүй архи, тамхи, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх мэт зүйлсийн баримтуудыг гарган өгч нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хохирлын баримтуудыг нягтлан үзэж гэмт хэргийн бодит хохиролыг тогтоолгүйгээр хохирогч нарын хэлснээр хохиролын хэмжээг тогтоож Ж.Б-ээс 61.542.707 төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд гэмт хэрэг хэн үйлдсэн гэдэг нь бүрэн бодитой, эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Л.Г, хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажав нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогч Л.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн хэсгийг ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2017 оны 4 дүгээр сарын 23-ны орой болсон зам тээврийн ослын улмаас Л.Г-т хүндэвтэр, эхнэр Б.Хт хүнд гэмтэл учирч, бидэнд эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, эд материал, сэтгэл санаа, санхүүгийн их хэмжээний хохирол учирсан. Уг гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн, яллагдагч нарын гэм буруутай үйлдлийг тогтоох ажиллагааны явцад оролцогчдоос гэм буруутай этгээдийг хаацайлах, улмаар гэм буруугүй этгээдэд ял шийтгүүлэх зорилгоор зохион байгуулалттай гүтгэн гуйвуулж, гэм буруугүй-зорчигч болох Ч.Лид ял үүрүүлэх зорилгоор хүндэвтэр, хүнд гэмт хэргийг нуун дарагдуулсан.  Хэргийн гол эзэн, гэмт этгээд Ж.Б нь тухайн үед өөрөө автомашин жолоодож явсан бөгөөд хурд хэтрүүлэн хоёр хүн дайрч эмэгтэйг нь 24 метр зайд чирсэн. Үүндээ ял завших оролдлого хийж, гэмт үйлдлээ наймаалцан үгсэн хуйвалдаж, хэргийн газраас зугтаасан, оргон зайлсан, хууль эрх зүйн актыг үл хүндэтгэн, хууль хяналтын байгууллагуудаар өөрийн хүссэн хууль бус субьектив санаа зорилгодоо хүрэхийн тулд тохуурхан даажигнаж, хуулиар тогтоосон гэмт хэргийн шалгах хугацааг хойшлуулан, шат шатны хуулийн байгууллагуудын ажилтнуудын хуулиар тогтоосон эрх, үүргийг алдагдуулж, өөрийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдын эрх ашгийг үл хүндэтгэсэн, хүн ёсны бус, ёс зүйгүй үйлдлийг хийсээр ирсэн.

Энэ үйл ажиллагааг зөв замд нь оруулах гэж бүтэн жил гаруй шүүн, шалган шийдвэрлэсэн хууль, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийг үгүйсгэн буруу, зөвийг үл тунгаан үйлчлүүлэгчийнхээ худал хуурмаг үйлдлийг өөгшүүлэн дэмжиж, дэвэргэн хэргийн материалын үнэн зөв байдлын ач холбогдлыг алдагдуулахын төлөө улайран дайрч, оновчтой дүгнэлт хийж ажиллаж чадахгүй байгаа өмгөөлөгч Д.Оюунбаатарт маш их гомдолтой байна. /Урьд нь энэ хэрэг дээр өмгөөллийн ажлын дадлага, туршлагатай хоёр ч өмгөөлөгч ажиллаж байгаад өмгөөлөхөөс татгалзсан/

Энэ хэргийг буруу замаар орох үндэс суурийг хадам эх М.Алтантуул нь тавьсан бөгөөд хэрэг гарсан 2017 оны 7 дугаар сарын 23-ны шөнө цагдаа нарыг ирэхээс өмнө хүргэн Ж.Б, хамт явсан Т.Б, Ч.Л нартай утсаар ярихдаа тэр үед автомашинд сууж явсан 5 дугаар ангийн хүүхэд Б.Манлайбаатарыг “үг алдана” хэмээн сэргийлж 3 настай Энхтөгөлдөр хүүгээр сольж автомашинд явсан болго гэж хэлснээр бүх зүйл буруугаар эргэх замдаа орсон. М.Алтантуул гэгч нь энэ хэргийг, тэдний гуйснаар үүрч явсан зорчигч Ч.Лийн хойт эх бөгөөд энэ хүүг өнчин өрөөсөн, хамгаалах үг дуугарах хүнгүйгээр нь дулдуйдан ашиглаж, хэргийг үүрүүлэх шунахай болон, хувийн сэдлээр нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, худал мэдүүлэг өгүүлж, Ч.Лид хэргийг үгсэн хуйвалдах замаар даалган ял завших зорилгоор будлиантуулах, хэргийн бодит үнэнд санаатайгаар саад учруулах замаар хүссэнээ гүйцэлдүүлж “Бид мөнгө төгрөгийн асуудлыг бүрэн хариуцна, чи л энэ хэргээ даагаад гар” гэж гэрт нь очиж гуйж байсныг Ч.Л болон нагац ах Цогтбаатар нар нотлон ярьдаг. Мөн гэрч Манлайбаатар “Тэр үед Буяндэлгэр ах жолоо барьж яваад хүн дайрсан, би мэдэж байгаа” гэх ярихад нь М.Алтантуул сандарч амыг нь дараад гэрээс аваад гарсан гэдгийг гэрч Р.Цэвэгсүрэн мэдүүлдэг.

Энэ гэмт хэрэг үйлдэгдснээс хойш бүтэн жил гаруйн хугацаа өнгөрч байхад 1 удаа ч биеийг нь асууж байгаагүй. Эмнэлэгт ухаангүй байхад нь гуйлгуулж байж хэдэн төгрөг анхны тусламж болгож өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа мөнгө, төгрөг өгөөгүй. Хэргийг үүрч явсан Ч.Л нь байнга “Хүнээс мөнгө орж ирнэ, тэгэхээр тань руу явуулна” гэх мэтээр өдөр хоног өнгөрөөж ирсэн. Үүнийг нотлох баримт хохирогч Л.Гийн утсан дээр ирсэн захиа байгаа болно.

Энэ хоёр хүний эрүүл мэнд, цаашилвал нэг айлын амьдрал, гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөө, улс орон, нийгэм эдийн засгийн хямралтай байгаа энэ үед айл гэрийн амьдралыг санхүүгийн хувьд тэжээн тэтгэх үүрэг бүхий эх, эцэг нь эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ тэжээн тэтгэх үндсэн эрх, үүрэг ноцтой зөрчигдөж, гэм буруутай этгээдийн, буруутай үйл ажиллагаанаас болж тэжээн тэтгэх санхүүгийн эх үүсвэрээ алдан, эм тариа, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулснаар өдрөөс өдөрт өр зээлд баригдан, ар гэрээ тэжээх, Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуульд заасан язгуур эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.

Бидэнд учирсан гэм хор, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын асар их хохирлоос гадна Б.Х нь осолд орохоос өмнө ажлаа хийж явсан бөгөөд энэ ослын улмаас тархины хүнд гэмтэл авч бие нь маш хүнд, эрүүл хүний харьцаагүй, байнгын асрамжинд байдаг, цаашид нүдний зовхи дээш нь татах мэс засал, нүүр далийж, нэг тал нь доошоо сул тавьсныг тэгшилж засах мэс ажилбар, баруун нүдний хүүхэн хараа хөдлөхгүй болсныг нүдний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилогоогоор яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн тул нүдний хүүхэн харааны мэс засал хийлгэх, үйрч цөмөрч унасан үүдэн шүднүүдийг нөхөн хийлгэх, сэтгэц ойгүйдэл өвчнийг эмчлэх зэрэг шат дараалсан өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ өнөө маргаашгүй хийгдэх шаардлагатай байна. Бидний гэр бүлд эхнэр маань санхүүгийн асуудлыг шийдвэрлэдэг гол хүн байсан бөгөөд өнөөдөр 2 хүүхдийн их сургуулийн сургалтын төлбөр, байрны зээл, бага ангийн 2 хүүхдийн суралцах, амьдрах таатай орчин үгүй болж, бүх л зүйл хаагдмал бүрхэг болсон бөгөөд үр хүүхдүүдэд маань ээжийнх нь эрүүл мэнд юугаар ч сольшгүй үнэтэй байгаа юм.

Энэ хэргийг үгсэн хуйвалдаж, нуун дарагдуулж, хэргээс мултрах явуургүй арга чарга хайж удаасан, хүнийг гүтгэн доромжлох нь хэрээс хэтэрч байгааг таслан зогсоож, бодит хохирлыг баримттайгаар гаргасан шүүгч П.Туяатын шийдвэрээр гаргуулан өгөхийг хүсч байна.

Хохирогч Б.Х-ийн эрүүл мэндийг хэзээ ч нөхөж баршгүйгээр ноцтой хохироосон болох нь нотлох баримттайгаар хөдөлбөргүй үнэн. Өөрийн хийсэн гэмт үйлдлээ ухамсарлахгүйгээр үл барам “би үхэхээс, чи үх” гэж хүний үнэргүй, увайгүй зан гаргаж, хүнийг гүтгэсэн хэвээр байгаад ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар зүйлчилж ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бямбажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Гэм хорын хохирол төлөгдөөгүй, гомдолтой байна. Анхан шатны шүүхээс Ж.Б-т оногдуулсан ял хөнгөдсөн тул ялыг хүндрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Л.Г, хохирогч Б.Х нарын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Т.Б-гийн зүгээс худал мэдүүлэг өгөөгүй гэж гомдол гаргажээ. Энэ гэмт хэрэг гарснаас хойш хэргийн ажиллагааг удаашруулах, хэргийн нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад зориудаар Манлайбаатарыг Энх-Төгөлдөрөөр сольж, мөн Л-ийг автомашин жолоодож явсан гэж худал мэдүүлэг өгсөн нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч Т.Б худал мэдүүлэг өгөхгүй гэсэн баталгаа гаргасан, мөн гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь хангасаар байтал сайн дураараа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг зориудаар гуйвуулсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хэргийн хэргийн жинхэнэ байдалд бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргажээ. Гэрч Энхчимэгийн “Ж.Б автомашиныг жолоодож явсан. Жолооч талын хаалганаас бууж ирсэн” гэдгийг удаа дараа тогтвортой мэдүүлж ирсэн. Энэ мэдүүлгийг үгүйсгэх мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй. Хэрэг гарах үед Ж.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоо барьж явсан учраас Лхамдоржийг жолоо барьж явсан гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үнэнг олохын тулд Лхамдорж нь Ж.Б-ийг жолоо барьж явсан гэдэг талаар хэлсэн байдаг. Анхан шатны шүүх өмгөөлөл явуулах бүх эрхээр нь хангасан. Тэгш эрхээр хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Гэрч Л, Энхчимэг нарыг шүүх хуралдааны явцад оролцуулсан. Лхамдоржоос хэн тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар удаа дараас асуухад Ж.Б жолоо барьж явсан гэдгийг тогтвортой мэдүүлсэн. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байх хэрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.Б, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосны гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Б-г “... зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн ...” гэж хэрхэн худал мэдүүлсэн нь тодорхойгүй, хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байх боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүйн гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх замаар хэргийн үйл баримтыг дэлгэрэнгүй дүгнэх боломжтой гэж үзлээ.    

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Био комбинат”-ын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн а/ дахь заалтыг зөрчиж жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 03-87 УБА улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөн дүрмийн 2.3 дахь хэсэгт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Гийг дайрч хүндэвтэр хохирол, явган зорчигч Б.Х-ийг дайрч хүнд хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Т.Б нь дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “... Ч.Л автомашин жолоодож явсан ...”  гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Л.Г /3-р хх-69-72/, гэрч Б.Энхчимэг /2-р хх-30-31/, Ч.Л /2-р хх-20-21/, Г.Ганзориг /2-р хх-213/ нарын мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13-18, 31-36/, хохирогч Б.Х-т “их тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн тархмал няцрал, цус хуралт, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны зүүн хэсэг, хамрын үзүүр, зүүн хацрын төвгөр, эрүүний ооч, 2 өвдөг, зүүн сарвууны ар гадаргууд зулгаралт, дээд үүдэн баруун, зүүн нэгдүгээр шүдний хугарал, баруун, зүүн бугалга, 2 хөлний тахимны хэсэг, зүүн цавь, умдагны хэсэгт тархмал цус хуралт, дээд уруул, эрүүний төвгөрт шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №5635 тоот дүгнэлт /2-р хх-49/, хохирогч Л.Г-т “бүсэлхийн 2, 3 дугаар нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, цээж, баруун шуу, зүүн шанаа, зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №869 тоот дүгнэлт /2-р хх-59/, жолооч Ж.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн а/, мөн зүйлийн 2.3 дахь хэсгийн а/ буюу дүрмийн 2 дугаар хавсралтын 3.5 дахь заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн гэх шинжээчийн 259 дүгээр дүгнэлт /3-р хх 34-35/  болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс Ж.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автомашин жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б-д шүүхээс оногдуулсан ял түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх боловч тогтоолын 2 дахь заалтад “... Т.Б-г 1 жилийн хугацаагаар эрх хасаж...” гэж чухам ямар эрхийг хассан ойлгомжгүй заасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж түүнийг эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил, хөдөлмөр эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах өөрчлөлтийг шүүхийн тогтоолд оруулсан болно.

 

Шүүгдэгч Ж.Б-т шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ түүний гэм буруу, хувийн байдал, зам тээврийн осол гарах үед автомашиныг Ч.Л жолоодож явсан мэтээр зохион байгуулж, эрүүгийн хариуцлагаас зайлсхийх гэсэн хэргийн нөхцөл байдал, зам тээврийн ослын улмаас хохирогч Л.Г-т хүндэвтэр зэргийн хохирол, хохирогч Б.Х-т хүнд зэргийн хохирол учирч, ослын улмаас хохирогч Б.Х “тархины гэмтлийн дараах тархи эмгэгшил, ойгүйдлийн хам шинж” сэтгэцийн өвчтэй болсон хор уршигт тохироогүй байна. Энэ талаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан хорих ялыг 2 жил 8 сар болгон хүндрүүлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Б, өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлын хувьд:

 

Гэрч Б.Энхчимэгийн “... ард тас хийх чимээ гарахаар нь эргээд хартал миний араас явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг цагаан өнгийн автомашин мөргөөд эмэгтэйг нь доороо чирээд зогссон. Би нөгөө автомашины хажууд очиход автомашинаас нэг жижигхэн залуу бууж ирээд “би хүн дайрчихлаа, шоронд орох нь” гээд орилоод байсан. Жолооч нь намхан биетэй, малгайтай цамтай залуу байсан. Автомашины арын хаалганаас өндөр биетэй, туранхай залуу бууж ирсэн. Түргэн дуудаж байх хооронд нөгөө залуучууд алга болчихсон байж байгаад цамцаа сольж өмсөөд гараад ирсэн. Би “та нар яаж байгаа юм бэ?” гэхэд өндөр залуу нь “би автомашин жолоодож явсан шүү дээ” гээд байсан...” /1-р хх 31/, “... осол гаргасан автомашин дээр очиход жолооч болон ард талаас зорчигч залуу бууж ирсэн. Жолооч нь зорчигч залуугаас намхан байсан. Жолооч эрэгтэй “Яанаа, би хүн мөргөөд алчихлаа” гээд байсан. Анх ирсэн цагдаад намхан залуу нь автомашин жолоодож явсан гэдгийг хэлэхэд тоохгүй байхаар нь хуулийн байгууллага өөрөө шийдэх байх гэж бодоод яваад өгсөн. Мөн осол гаргасан автомашинаас бууж ирсэн хоёр залууд “та нар солигдчихлоо” гэхэд үгүй гээд гүрийгээд байсан юм...” /2-р хх 230/, “... би автомашинаас бууж ирсэн хоёр хүний ойролцоогоор 2 метрийн зайнаас хараад зогсч байсан... жолооч нь зорчигч залуугаас жоохон намхан байсан ...” /2-р хх 231/ гэх мэдүүлгүүд,

гэрч Г.Ганзоригийн “... цагаан өнгийн автомашин хоёр хүн дайрчихсан байсан. Автомашин дотор нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй, арын суудал дээр 4-5 дугаар ангийн 9-10 орчим насны хүү сууж байсан ба хоёр залуу автомашинаас гараад ирсэн байсан. Ямар хүн жолоодож явсныг хараагүй. Ослын газарт ирэхэд хоёр залуу буугаад ирсэн байсан. Харин ослыг харсан байж магадгүй эмэгтэй хүн автомашинаас бууж ирсэн 2 залуугийн нэгийг нь “чи автомашин жолоодож явсан биз дээ” гээд дайраад байсан. Одоо тэр хоёр залууг хараад танихгүй. Нэг нь арай өндөр байх шиг байсан...” /2-р хх 213/ гэх мэдүүлэг,

гэрч Ч.Л-ийн “... жолоочийн арын суудалд миний хажууд Манлайбаатар, автомашиныг Б, хажууд нь Т.Б нялх хүүхэдтэйгээ суугаад явж байсан. Зүүрмэглэж байтал гэнэт автомашин зогсоод Б “хүн дайрчихлаа” гээд буусан. Би бас арын суудлаас буусан. Автомашины хойд талд эмэгтэй, эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр үед нэг эмэгтэй, сургуулийн насны хүүхэд, бас нэг ах хүрч ирсэн... Тухайн үед  Б бууж ирээд “чи үнэмлэхтэйгээрээ автомашин жолоодож явсан гээд хүлээчих, би хохирлыг төлж барагдуулна” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд би жолооны ард, Б арын суудалд суугаад 30 орчим секунтын дараа буугаад иртэл тэнд байсан үл таних эгч “та хоёр солигдчихлоо” гээд байсан...” /2-р хх 220/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь автомашин жолоодож зам тээврийн осол гарган хохирогч Б.Х, Л.Г нарт гэмтэл учруулсан болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Т.Б нар 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа, мөн Ч.Л сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ тухайн үед автомашинд “... дөрвөн настай хүүхэд сууж явсан ...” мэтээр мэдүүлсэн /1-р хх 24, 29, 2-р хх 133/ байх боловч зам тээврийн осол болох үед автомашинд 9 настай Б.Манлайбаатар зорчиж явсан болох нь гэрч Г.Ганзориг, Ч.Л, Ю.Чагнаадорж нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нар Б.Манлайбаатарыг гэрчийн мэдүүлэг өгүүлэхгүйн тулд түүнийг дөрвөн  настай хүүхдээр сольж мэдүүлсэн нь гэрч Р.Цэвэлсүрэнгийн “... бид санаандгүй Лхамдоржийн хэргийн талаар ярьж байхад хажуугаас Алтантуул эгчийн дагуулж ирсэн 10 орчим насны эрэгтэй хүүхэд “би тэр ослыг мэднэ, би хамт явсан, Буяндэлгэр ах автомашин жолоодож байгаад осол гаргасан” гэж хэлтэл Алтантуул эгч “энэ ингээд ийм юм яриад байгаа юм, гадаа гарч тогол” гээд гаргасан. Хүүхэд гарсны дараа “энэ хүүхэд хамаагүй олон юм яриад байдаг болохоор осол гарах үед энэ хоёрыг солиод цагдаа нарт хэлүүлчихсэн юм” гэж хэлсэн...” /2-р хх 225/ гэсэн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул гэрчээр мэдүүлэг өгсөн М.Алтантуул, Б.Манлайбаатар нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжгүй юм.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ж.Б-ээс 61,542,707 төгрөг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Т.Б болон шүүгдэгч Ж.Б, Т.Б нарын  өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасны дагуу шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 кдэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэснийг “Т.Б-г мөрдөн шалгах ажиллагааны үед “... автомашиныг Ч.Л жолоодож явсан ...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн ...” гэж, тогтоох хэсгийн 2, 6 дахь заалтуудад “... Т.Б-г 1 жилийн хугацаагаар эрх ...” гэснийг “... Т.Б-г нийгмийн ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар Ж.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, ...” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Т.Б болон шүүгдэгч Ж.Б, Т.Б нарын өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                                         М.ПҮРЭВСҮРЭН