Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

2022      02        15                                          2022/ШЦТ/60

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Иргэдийн төлөөлөгч

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2021000000438 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, *******а боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овогт ******* Ган-Очир. /РД: ЖД77121075/

 

Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Очир нь  2021 оны ******* сарын 17-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын  ******* ******* ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Бямбадоржийн цээжин тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа ойлгож байна. Тэр үед би ойрын хэдэн сар архи уухгүй байж байгаад 2 хоног архи уусан. Тэр өдөр найзынхаа гэрт хэвтэж байхад талийгаач залгасан. Ойрхон байна гэхээр нь очоод гэртээ дагуулаад очсон. Архи уугаад согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Хоорондоо барьцалдаж, ноцолдож байгаад унахдаа хатгасан байсан. Миний буруу уучилаарай...” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бид эцэг эхээс зургуулаа. Талийгаач маань доороосоо 2 дахь хүүхэд. Бид бүгдээрээ тус тусдаа амьдралтай болсон. Дүү маань ээжтэйгээ хөдөө мал маллаж амьдардаг байсан. Манай гэр бүл болон миний зүгээс гомдолтой байна. ******* согтуу байсан гэж байна. Тухайн үед дүүг маань алчихаад алснаа мэдээд өөрөө гарч зугтаад машин хаанаас ирж байгааг хараад дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Сүүлд хойд айлынхаа хашаанаас хараад зогсож байсан гэж ярьж байна. Зүгээр мал нядалж байгаа юм шиг хүнд хутга зоочихсон. Би сүүлд байцаагчтай уулзаж хохирогчийн өмсөж явсан хувцсыг аваад *******ын дүү М.Гантулгад харуулъя гэхэд хараагүй. Гадуур хувцсыг нь  харахад цээжин хэсгийг нь том хэмжээтэй хүүлээд хаячихсан байсан. Дотор талд нь ямар шарх байсан гэдгийг би мэдэхгүй байна. Мэдээж хүний алтан амийг хөнөөсөн энэ хүн хууль ёсны хариуцлага хүлээх байх. Манай гэр бүлийн зүгээс талийгаачийн буяны ажлыг хийсэн. Байцаагч буяны ажлын мөнгө төгрөгийг нь гаргуулах ёстой гэсэн. Түүнээс биш манайхан тэр мөнгийг авах хүсэлгүй байсан. Нийт 15 сая орчим төгрөгний зардал гарсан. *******ын ээж нь манай  ээжтэй уулзаад 15 сая төгрөг өгсөн байсан. Буяны ажил болоход энэ хүний ар гэрээс нэг ч хүн ирж уулзаагүй. Энэ хэрэг гарахаас өмнө бид нутгийн сайхан хуурай ах дүү байсан. *******т гомдолтой  байна. Зөрүү мөнгийг нэхэмжлэхгүй...” гэв.  

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Зохих ёсны шийтгэлээ хүлээх нь зүйтэй. Хохирогч өөрийнхөө эхнэртэй хардаж маргааныг эхлүүлсэн байна. Хохирогчийн хувьд архи уух санааг эхэлж гаргаж утсаар залгасан. Хоёр согтуу залуу маргалдаад шүүгдэгчийн хувьд хутга барьж биеэ хамгаалахын тулд санамсаргүйгээр хүний амь насыг хохироосон байх боломжтой. Хамгийн гол нь архи ууж согтуурсаны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна...” гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны ******* сарын 10-ны өдөр намайг аймгийн төвд гэртээ ирэхэд найз залуу маань хөдөө гэртээ ээжийн хамт үлдсэн. Ингээд 2021 оны ******* сарын 14-ний өдөр Бямбадорж манай гэрт ирсэн. Ирсэн цагаасаа эхлээд манайд надтай хамт байж байгаад 2021 оны ******* сарын 17-ны өдөр 09 цагийн орчим бид хоёр гадуур гарч түүний эгч Бадамаа, Батцэцэг нартай уулзъя хөдөө явах замын зардлын мөнгө авъя гээд гарсан. ...Тэгээд манай гэрт очоод хоол идээд байж байтал талийгаач өөрийнхөө гар утсаараа  нэг хүнтэй ахаа уулзах уу гээд асууж байгаад уулзахаар болоод 20 цаг өнгөрч байхад талийгаач Б.Бямбадоржийн хамт утсаар ярьж уулзахаар тохирсон  нутгийн ахтай нь уулзахаар гэрээсээ гарч Гэрэл дэлгүүрийн гадаа очсон. Ингээд Ган-Очир гэх ах руу утсаар яриад би дэлгүүрийн гадаа ирчихлээ гэж хэлэхэд Ган-Очир ах ирсэн. Ингээд бид 3 дэлгүүр орж 1 шил 0,75 граммын ерөөл архи, чавганы ундаатай аваад ******* тоотод гэрт нь очсон. Гэрт нь очоод Бямбадорж, Ган-Очир нар архиа ууж байгаад Ган-Очир ах хөргөгчнөөсөө нийслэл нэртэй 2,5 граммын савлагаатай пивоны талаас доогуур байсныг гаргаж ирээд ахын дүү уучих гэхээр нь уугаад бид 3 юм яриад сууж байтал Бямбадорж намайг Ган-Очир ахтай хардаад яагаад надтай ярихгүй Ган-Очир ахтай юм яриад байгаа юм бэ гэхээр нь би хоёулантай чинь ярьж л байна шүү дээ гэж хэлэхэд Ган-Очир ах Бямбадоржид хандаж би эхнэрээр чинь яах юм бэ яагаад надтай хардаад байгаа юм бэ гэж хэлсэн. Бямбадорж хартай байлгүй яахав дээ энэ чинь миний эхнэр гэж чанга дуугаар хэлээд хоорондоо барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Ингээд би салгах гээд талийгаачийн цамцнаас татсан чинь Ган-Очир ах шүүгээнээсээ хутга аваад Бямбадоржийг хутгалах шиг болсон. Бямбадоржийн цээж хэсгээс нь цус гараад газарт унах үед Ган-Очир ах би хутгалчихлаа гэж хэлээд гарч явсан. ...бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө яг хэдэн цагт орж ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Алтаа, Долгор бид гурав унтаж амраагүй байсан. Тухайн үед Ган-Очир ямар нэг зүйл хэлээгүй, дуугарахгүй хэвтээд байсан. Алтаа, Долгор бид гуравыг унтсаны дараа гараад явсан юм шиг байсан. ...Харин өнөөдөр буюу 2021 оны ******* сарын 18-ны өглөө манайд орж ирэхээр нь ярилцахад би хүн хутгалчихсан, бараг шоронд явж магадгүй юм шиг байна, би хэзээ нэгэн цагт баригдана гэж хэлж байсан. Мөн түүний биеийн байдлыг харахад  хүнтэй маргалдсан бололтой миний санаж байгаагаар баруун нүд нь хөхөрсөн байсан. Алтаа, Долгор нар сонсож байсан. Урд орой нь манайхаас гараад гэртээ хоноод даараад байхаар нь манайд ирлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шоононгийн гэрт орохоос өмнө түүний дүү Бямбадорж их монгол нэртэй архи авсан байсан. Тухайн архины ихэнх хэсгийг Шоонон бид 2 уусан. Бямбадорж эхнэрийн хамт  явж байсан бөгөөд их уугаагүй, 1-2 хундага л уусан. Тэгээд гадаа харуй бүрий болж байхад Бямбадорж эхнэрийн хамт явсан бөгөөд Шоонон бид 2 үлдсэн. Бямбадорж гэрт байхад биед нь ямар нэгэн гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

 

            Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны ******* сарын 17-ны орой 20 цагийн орчим  найз нарын хамт архи ууж байхад нутгийн хуурай дүү  Бямбадорж над руу залгаад ахаа Гэрэл дэлгүүрийн гадаа ирчихлээ, архи өгье, ганцаараа ирээрэй гэхээр нь ойролцоо байсан учир Гэрэл дэлгүүрийн гадаа очсон. Очиход Бямбадорж эхнэрийн хамт байсан бөгөөд архи аваад танайд орж ууя гээд дэлгүүрээс нэг шил архи авсан. Гэртээ ороод бид 3 архиа хувааж ууцгаасан. Архи ууж эхлэх үед гэрт байсан 2,5 литрийн савлагаатай пиво гаргаж ирээд уусан. Ууж байгаад Бямбадоржийн эхнэрт пиво аягалж өгөхөд Бямбадорж гэнэт намайг эхнэртэйгээ хардаж та манай эхнэртэй хэвээрээ юм байна гэж хэлээд маргаан эхэлсэн. Ингээд Бямбадорж миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Миний гараас цус гараад Бямбадоржтой зодолдож эхэлсэн... гал тогооны шүүгээнээс Бямбадоржийг айлгах санаатай хутга аваад  Бямбадоржийн зүүн суга хэсэгт нэг удаа хутгалсан. Энэ үед Бямбадорж ёо гэж хэлээд газар унасан. ...Бямбадорж эхлээд өөрөө архи ууя гэж дуудчихаад архи ууж байхад эхнэртэйгээ хардаад намайг цохихоор нь зодуулсандаа шаралхаад хутга аваад хутгалсан. Хутгаа тэнд нь үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны ******* сарын 30-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний 143 тоот дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Цээжний хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг нэвт хатгасан хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн талын 5,6-р хавирганы завсрын нэвт хатгагдсан шарх, шарх орчмын булчингийн  цус хуралт, үнхэлцэг болон цээжний хөндийн цус хуралдалт, хурц цус алдалт.

Дагалдах ба хавсарсан  гэмтэл эмгэг өвчин: Дух баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун чихний дэлбэнгийн урд доод хэсгийн зулгаралт, баруун чихний дэлбэнгийн урд доод хэсгийн зулгаралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн зулгаралт, зүсэгдсэн шарх, дунд зэргийн согтолт

Шинжээчийн дүгнэлт:

1. Талийгаач Б.Бямбадоржийн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдсон.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хурц, ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, зулгаралтууд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх цээжний хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч уушиг, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуурыг нэвт хатгасан хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийн цус хуралдалт, зүүн талын 5,6-р хавирганы  завсрын нэвт хатгагдсан шарх, шарх орчмын булчингийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач Б.Бямбадорж нь цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас уушиг, зүрх гэмтэн цус алдаж хэрэг болсон гэх цаг хугацаанд нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач Б.Бямбадоржийн цусанд 2.3 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 72-73/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

        Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 06-15/

        Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/

        Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22/

         Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ******* сарын 28-ны өдрийн 202 тоот дүгнэлт /хх-ийн 74/

         Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-77/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ******* сарын 23-ны өдрийн 602 тоот дүгнэлт /хх-ийн 82-83/

            Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-95/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-113/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 доот дүгнэлт /хх-ийн 118-119/

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 150-151/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 154, 173/

           Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 155-158, 174-196/

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 172, 197, 216-219/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 220-221/

            Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 161-171/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

 

Эд  мөрийн баримтаар:  Шар өнгийн бариултай 25 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн фудболка, улаан өнгийн ханцуйтай цамц, ногоон өнгийн юүдэнтэй цамц зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Очир нь 2021 оны ******* сарын 17-ны орой 22 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын  ******* ******* ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Бямбадоржийн цээжин тус газарт нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын “...гал тогооны шүүгээнээс Бямбадоржийг айлгах санаатай хутга аваад  Бямбадоржийн зүүн суга хэсэгт нэг удаа хутгалсан. Энэ үед Бямбадорж ёо гэж хэлээд газар унасан. ...Бямбадорж эхлээд өөрөө архи ууя гэж дуудчихаад архи ууж байхад эхнэртэйгээ хардаад намайг цохихоор нь зодуулсандаа шаралхаад хутга аваад хутгалсан. Хутгаа тэнд нь үлдээсэн...” гэх, гэрч “...Ингээд би салгах гээд талийгаачийн цамцнаас татсан чинь Ган-Очир ах шүүгээнээсээ хутга аваад Бямбадоржийг хутгалах шиг болсон. Бямбадоржийн цээж хэсгээс нь цус гараад газарт унах үед Ган-Очир ах би хутгалчихлаа гэж хэлээд гарч явсан...” гэх, гэрч “...2021 оны ******* сарын 18-ны өглөө манайд орж ирэхээр нь ярилцахад би хүн хутгалчихсан, бараг шоронд явж магадгүй юм шиг байна, би хэзээ нэгэн цагт баригдана гэж хэлж байсан. Мөн түүний биеийн байдлыг харахад  хүнтэй маргалдсан бололтой миний санаж байгаагаар баруун нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны ******* сарын 30-ны өдрийн 143 тоот дүгнэлт, 2021 оны ******* сарын 23-ны өдрийн 202 тоот дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ******* нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч гийн   “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт  нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Х.Насанжаргалаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүнийг  алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар  маргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан  ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10  жилийн  хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд 15,204,846 төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгчийн ээж нь 15,000,000 төгрөгийг хохирогчийн ээжид өгсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 15 сая төгрөгийг хүлээн авсан, зөрүү 204,846 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн шар өнгийн бариултай 25 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн фудболка, улаан өнгийн ханцуйтай цамц, ногоон өнгийн юүдэнтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Ган-Очирыг 10 /арав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 89 /наян ес/  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай 25 см урттай хутга 1 ширхэг, хар өнгийн фудболка, улаан өнгийн ханцуйтай цамц, ногоон өнгийн юүдэнтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА

                     ШҮҮГЧИД                        Л.БАТЖАРГАЛ

             П.ПАГМА