Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

 

 

2022        02         18                                             2022/ШЦТ/66                               

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч С.Далайхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуучид овогт Сүхбаатарын Далайхүүд холбогдох 2221000000054 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн  авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 14-р байрны 52 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Хуучид овогт Сүхбаатарын Далайхүү.  /РД: ЖЯ77010356/

 

Шүүгдэгч С.Далайхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Центр пойнт” ресторанд иргэн Б.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүнд зурагдсан зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С.Далайхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Хохирогч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наранбаатар ах бид 2 тэнд нилээн удаан юм ярьж сууж байгаад 22 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байхад 40 гаран насны зүс таних залуу ирээд намайг үгийн зөрөөгүй шууд заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр залууг цааш нь түлхсэн. Тэр үед надтай хамт явж байсан Наранбаатар ах тэр залууг заамдаад авахаар нь би салгах гэхэд тэр залуу намайг шалан дээр унагааж байгаад нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Тэгээд тэр залуутай хамт явж байсан ах болон зөөгч нар биднийг салгасан. Би зугтаад гадаа гарахад миний нүүр амнаас цус гарсан, цамц урагдсан байдалтай байсан мөн миний цаг хагарсан байсан учир цагдаад гомдол гаргасан... яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тухайн үед миний  уруул язарч цус гарсан. Би тэр залуутай өмнө нь маргаж муудаж байгаагүй... надад хэрэгтэй холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 15/

 

            Гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай найз Далайхүүгийн төрсөн өдөр болсон. ..архи ууж байгаад бааранд орох уу гэхээр гараад Center point  орсон. Ороод нэг шил архи, хэдэн пиво аваад нээх их уулгүй бүжиглэж байхад тэнд байсан залуутай Далайхүү муудсан. Тэр хоёр юунаас болж муудалцсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/

 

            Гэрч С.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хамт ажилладаг найз Батжаргалын хамт Center point орж хоол идээд 1 шил архи хувааж уусан. ...Батжаргал бид хоёрыг зааланд бүжиглэж байхад урд талын ширээн дээр сууж байсан хар үстэй кепкин малгайтай, цэнхэр цамцтай залуу Батжаргалыг заамдаж аваад хоолойг нь боохоор нь би салгасан. Тэр үед өнөөх залуу дахин Батжаргалыг боож унагаад зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 65 тоот дүгнэлтэд:

            1. Б.Батжаргалын биед тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүнд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

            2. Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 26-27/

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

            - Гэрч Ч.Сумъяабазарын мэдүүлэг /хх-ийн 23/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/

            - С.Далайхүүгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-40/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

            - Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43-54/

            - Хохирогч Б.Батжаргалын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 64/  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

            Шүүгдэгч С.Далайхүү нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

            Шүүгдэгч Хуучид овогт Сүхбаатарын Далайхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Center point ресторанд иргэн Б.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, хүзүүнд зурагдсан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Далайхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Батжаргал, гэрч Б.Энхжаргал, С.Наранбаатар, Ч.Сумъяабазар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 65  тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч   С.Далайхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүхээс шүүгдэгч С.Далайхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч С.Далайхүү нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч С.Далайхүүд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч С.Далайхүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Хуучид овогт Сүхбаатарын Далайхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Батжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Далайхүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хуучид овогт Сүхбаатарын Далайхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Далайхүүг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Далайхүү нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Далайхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

  

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА