Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Бтанхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И овогт Н-н Б-т холбогдох эрүүгийн 2105024750100 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... аймагт ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: /,

- 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Дархан аймгийн Сум дундын шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан,

- 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан аймгийн Сум дундын шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ялаас өршөөн хэлтрүүлсэн,

- 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дархан аймгийн Сум дундын шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, И овогт Н-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б- нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн ард аюуш 7 дугаар гудамжны 206 тоотод байрлах өөрийн байшиндаа хамт архи уусан найз Ж.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжин тус газарт хутгаар нэг удаа хутгалж, цээжинд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн ард аюуш ...  дугаар гудамжны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжин тус газарт хутгаар нэг удаа хутгалж, цээжинд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2, 3-7, 9-15 тал/,

 

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 26-27, 28-29 тал/

 

Хохирогч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний бие зүс таних Б-  гэгчтэй хамт архи уухаар дэлгүүрээс Хараа нэртэй 500 граммын савалгаатай нэг шил архи аваад Б- ийн гэрт ортол Б-  гэртээ Б гэх залуутай хамт байсан. Бид гурав миний авч орсон архийг хуваагаад ууж байтал манай эхнэр Ч-  ажлаа тараад Б- ийн гэрт нь ирээд бид нар хамтдаа архиа хувааж ууж дуусгасан. Миний бие дахиж дэлгүүр ороод 750 граммын савалгаатай Хараа нэртэй нэг шил архи авсан. Б- ийн гэрт нь хувааж ууж дуусгаад байж байтал Ч-  дахиад нэг шил архи ууя гэхээр нь би нэмж архи уухгүй гээд ганцаараа Б- ийн гэрээс гараад гэртээ хариад байж байтал өөрийнхөө гар утсыг Б- ийн гэрт нь мартчихсан шиг санагдаад буцаж очингоо эхнэрээ аваад гэртээ ирье гээд Б- ийн гэрт нь буцаад очтол Б-  гэртээ ганцаараа байж байсан. Би Б- ийн гэрийн хойд талын өрөөнд эхнэрээ хайх гээд орох гэтэл Б-  “юугаа хийгээд гэр оронд дураараа яваад байгаа юм” гээд над руу уурлаж агсраад байхаар нь би Б- ийг орон дээр нь дарж хэвтүүлээд босгохгүй гээд дээр нь хэсэг байж байгаад дээрээс нь бостол Б-  орон дээрээс босоод гал тогооныхоо өрөө рүү гүйж очоод гал тогооны шүүгээний шургуулгаасаа шар өнгийн иштэй хутга авснаа над руу ирээд миний цээжний зүүн дээд хэсэг рүү нэг удаа хатгасан. Хутгаар хатгасан хэсгээс цус гараад байхаар нь би Б- ийн гэрээс гарч зугтаагаад Б- ийн гэрийн эсрэг талд байрлах Сэлэнгэ дэлгүүрийн худалдагч эмэгтэйд “Б- т хутгалуулчихлаа, гар утсаараа түргэн тусламж дуудаад өгөөч” гэж хэлэн түргэн тусламж дуудуулсан. Тэгээд удалгүй, цагдаа, эмнэлэг ирсэн. ...надад гомдол санал байхгүй, надад учирсан гэмтэлд цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 55 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11582 дугаартай “...Ж.Н-н биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 74 тал/,

 

Шүүгдэгч Н.Б- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний бие хажуу хашаанд амьдардаг залуу Б-н хамтаар гэртээ хоол хийж идээд байж байтал манай найз Н-  нэг шил “Хараа” нэртэй архи барьчихсан гэрт орж ирэхээр нь Б- , Б-  бид гурав тухайн архийг нь хувааж ууж дуусгаад 17 цагийн орчимд Н- н эхнэр Ч-  ажлаа тараад манай гэрт ирээд 20.000 төгрөгийг нөхөр Н- дээ өгөөд “дахиад архи аваад ир” гээд Н-  ганцаараа дэлгүүр ороод 750 граммын савалгаатай нэг шил “Хараа” нэртэй архи авч орж ирсэн. Бид дөрөв уг архийг уусан бөгөөд би тухайн үед нэлээн согтоод тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь би гэртээ ганцаараа байж байсан. Н- , Ч- , Б-  гурав байхгүй байсан. Тэгээд би гал тогоондоо хоол халааж идэхээр зогсож байтал манай гэрийн хаалгыг нэлээн чанга нүдэх чимээ гарахаар нь хаалгаа онгойлготол Н-  ганцаараа нэлээн ууртай зогсож байснаа миний хажуугаар зөрж гэр рүү ороод манай гэрийн хойд өрөө рүү яваад орчихоор нь би араас нь очоод “чи одоо яагаад байгаа юм бэ?” гэтэл Н-  эргэж хараад миний хувцаснаас зуураад намайг орон дээр дарж унагаагаад хэсэг байж байгаад тавихаар нь би уурандаа гал тогооны өрөө рүү очоод гал тогооны шүүгээнд байсан шар өнгийн хоол хийхэд ашигладаг хутгыг аваад Н-  рүү явж очоод цээжний зүүн дээд хэсэг рүү нэг удаа хутгалсан чинь хутгалсан хэсгээс нь цус гараад эхэлсэн. Тэгтэл Н-  надтай ямар нэгэн зүйл огт ярилгүй гэрээс гараад явсан. Би Н- г гарсны дараа Н- г хутгалсан хутгаа шургуулгадаа хийгээд гэр орноо цэвэрлэж байгаад гэрээсээ гарч байтал цагдаа нар орж ирээд намайг бариад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- ийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 58-60 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 65 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 65 тал/, гэрч Г.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр Б-  нь 1970 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Намдагийн гурав дахь хүү болон Увс аймагт мэндэлсэн. Зан байдлын хувьд төлөв даруу, шударга, зөөлөн ааш зантай хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б- ийн гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 38 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.Н- н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11582 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Н.Б- ийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Н- н биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн11582 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

 

Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Ж.Н- г хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Б- , хохирогч Ж.Н-  нар уг өдөр архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөс уг гэмт хэрэг гарах болсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б- нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн Ард Аюуш ... дугаар гудамжны ... тоотод байрлах өөрийн байшиндаа хамт архи уусан найз Ж.Н- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжин тус газарт хутгаар нэг удаа хутгалж, цээжинд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Б- ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 74 тал/  

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 75-76 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Н.Б- т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Б- ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Н.Б- нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н- н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11582 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч хавтас хэргийн 55 дахь талд “...надад гомдол санал байхгүй, надад учирсан гэмтэлд цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Б- ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хатуу хуванцар бариултай, нийт 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см, бариул хэсэг нь 12 см ахуйн зориулалтын металл 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б- т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Н-н Б- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- ийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б- т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Н-  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хатуу хуванцар бариултай, нийт 26.5 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см, бариул хэсэг нь 12 см ахуйн зориулалтын металл 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА