Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч: Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн 2105025010037 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх 3 дүүгийн хамт ... түр оршин суудаг гэх /РД:/

Урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б-н Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ........ тоот хашаанд хохирогч У.Д той хардалтын улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа, прүүс модоор зүүн гар, хөл орчимд цохиж биед нь хамар ясны баруун зүүн хажуу ханын хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хүний биед үзлэг хийсэн “...зүүн болон баруун нүд хөхөрч улайж хавдсан, хамар хавдсан, зүүн гуяны гадна хэсэг зулгарсан, толгой орчимд дарж үзэхэд хавагнасан байдалтай байх ба У.Д  нь толгой янгинаж өвдөх зовиуртай байна гэсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 тал/,

 

2. Хохирогч У.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр И  руу залгахад хүүхдийнхээ сургууль дээр байна орой яриарай гэж хэлсэн. Би орой нь И  руу залгахад утсаа авахгүй байсан бөгөөд би “юу хийгээд байгаа юм бэ?, “яагаад утсаа авахгүй байгаа ац вэ” гээд мессэж бичсэн юм. И  залгахаар нь утсыг нь авахад нэг залуу яриад “чи хэн юм бэ пизда минь, И гийн юу юм бэ” гэхээр нь утсаа тасалсан. Тухайн залуу нь удаа дараа над руу залгаад “чи хэн юм И той ямар харилцаатай юм, чи яг одоо хүрээд ир, хоёулаа уулзая, ярилцая, хэрвээ чи ирэхгүй бол энэ пиздаг чинь аллаа шүү” гээд байсан. Тэгэхээр нь би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагийн үед тухайн залуутай яриад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И гийн гэр рүү заалгуулж очсон. Би гэрийнх нь гадаа очиход нэг залуу “чи Д юу” гээд намайг “ороод ир" гэхээр нь би хашаа руу нь дагаж ороход тухайн залуу миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би нүдээ бариад суусан чинь өвдгөөрөө нүүр, толгой хэсэг рүү олон удаа өвдөглөөд “чи хэн юм бэ пизда минь, сүүлд хэзээ И той уулзсан юм бэ?” гээд зодсон. Намайг байшингийн хажуу талын амбаар руу оруулаад тэнд хураалгаастай байсан прүүс модоор намайг цохихоор нь би зүүн гараараа хааж хамгаалсан. Тэгээд дахиад нэг прүүс мод аваад миний зүүн гуя руу цохисон. Мөн банз аваад над руу дайраад байхаар нь би хамгаалаад байсан чинь “чи цаашаа хар ямар гүргэр бацаан бэ, өмдөө тайл, чамайг засна, эрхтнийг чинь тайрна” гэж дарамталсан. ...Тухайн залуу намайг намайг чирээд И гийн гэрийн үүдэнд авчраад ...дахиад зодоод миний хамраас цус гарсан чинь “наад цусаа гаран дээрээ тос, наадхаа тосч байгаад уу, пизда минь” гээд намайг 2-3 удаа цус уулгасан. Мөн тухайн залуу “миний гутлыг долоо, долоохгүй бол би чамайг ална, чи эндээс амьд гарна гэж байхгүй шүү” гэж хэлээд надаар гутлаа долоолгоод, салтаан доогуураа гаргасан. Би бүх цусаа цэвэрлээд арай гэж зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

3. Гэрч Б.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед У.Д  нь над руу 4 удаа залгасан бөгөөд найз залуу Б-  нь надтай хамт байсан. Тэгээд У.Д  нь залгаад байхад Б-  нь “наадах чинь хэн юм” гэхээр нь би Б- д “манай ээж залгаад байна” гээд булзайруулахад Б-  нь “чи наад утсаа чанга яригч дээр нь тавиад ярь” гэж хэлсэн. У.Д ийг залгахаар нь утсаа чанга яригч дээр нь тавиад ярихад У.Д  нь “ацаа чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэж хэлсэн чинь манай найз залуу Б-  нь миний утсыг аваад У.Д той ярьсан. ...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уулзахаар тохиролцож байсан. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 9 цаг өнгөрч байхад Б-  нь манай гэрт ирээд араас нь У.Д  манай гэр болох Баянгол дүүргийн ... тоотод ирж уулзацгаасан. Нэг харахад У.Д , Б-  нар хоорондоо зодолдож байсан. ...Би зодоон цохионыг сайн хараагүй 2 хүүхэд маань айгаад уйлаад байхаар нь том өрөө рүүгээ аваад орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11426 дугаартай “...У.Д ийн биед хамар ясны баруун зүүн хажуу ханын хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,

 

5. Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 65-66 тал/,

 

6. Хохирогч У.Д ийн “...эмчилгээний зардал 278.700 төгрөг өөрийн дансаар авсан...” гэх хүсэлт, шүүгдэгч Б.Б- ын Голомт банкны “...300.000 төгрөг хохирол барагдуулсан. ...Б- ” гэх дансны хуулга /хх-ийн 70, 82 тал/,

 

7. Шүүгдэгч Б.Б- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед би Б.И той хамт түүний гэр болох Баянгол дүүргийн ... тоотын хашааны гадна уулзаж байхад Б.И гийн гар утас нь дуугараад байсан. Би тухайн үед Б.И д хандан “наад дугаар чинь хэн юм” гэхэд Б.И  нь “манай ээж байгаа юм” гэхээр нь би “чи ээжтэйгээ яриач” гэхэд Б.И  утсаа авахгүй салгаад байсан. Би Б.И г утсаа ав гэж хэлсээр байгаад утсыг нь авхуулаад чанга яригч дээр нь тавьсан чинь нэг залуу “ац минь чи хаагуур янхандаад яваад байдаг юм бэ, утсаа аваач” гэж хэлэхээр нь би Б.И гийн гар утсыг аваад “чи хэн юм бэ, хоёулаа эвтэйхэн уулзаж учраа ольё, би Б.И гийн нөхөр нь байна” гэж хэлсэн чинь тухайн залуу нь “одоо би амжихгүй маргааш өглөө уулзая” гэж хэлсэн. Би Б.И гоос тухайн залууг ямар учиртай залуу болох талаар асуухад урьд өмнө уулзаж байсан, надаас салахгүй байгаа юм, байнга араас залгаад уулзая, нөхөрт чинь хэлнэ шүү” гэх мэтээр дарамтлаад байдаг залуу байгаа юм гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10 цагийн үед би Б.И гийн гэрт ирээд сууж байтал У.Д  гэх залуу нь над руу залгаад “ирчихлээ” гэж хэлсэн. Би хашаанаас гарахад нэг залуу ирэхээр нь “ Б-  мөн үү” гэж асуухад тухайн залуу нь “мөн” гэхээр нь би дагуулаад Б.И гийн хашаа руу орсон. Би “чи айлын эхнэрийг ац, янханаар нь дууддаг хэн юм бэ” гэж хэлээд нүүрэн тус газар нь нэлээд хэдэн удаа цохисон, хэд хэдэн удаа өвдөглөхөд У.Д ийн хамраас нь цус гарсан. У.Д ийн цус нь миний хувцас руу үсрээд цус болчихоор нь би У.Д ид хандан “чи наад цусаа цэвэрлэ, долоо” гэж хэлээд би ус авчирч хийгээд цусыг нь цэвэрлүүлсэн. Би У.Д ийг Б.И гийн гэрийн амбаар руу дагуулж ороод тэндээс приус мод аваад түүний гуя, хөл, гарын булчин хэсэгт 2-3 удаа цохиод Б- ийг явуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй, хохирогчийн хохирлыг түргэн шуурхай төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол хор уршиг тооцож 300.000 төгрөг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-  нь төлөв даруухан, найз нөхөд олонтой, нийтэч, хүнд тусархуу залуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-  нь төлөв даруухан, найз нөхөд олонтой, нийтэч, хүнд тусархуу залуу байгаа. ...архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй элдэв муу зуршил байхгүй. Найз нөхдийн хувьд хүн чанартай, хүнлэг хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 43 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 44 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 45 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 46 тал/, түр оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б- аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ... тоот хашаанд хохирогч У.Д той хардалтын улмаас нүүрэн тус газар нь гараараа, прүүс модоор зүүн гар, хөл орчимд цохиж биед нь хамар ясны баруун зүүн хажуу ханын хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хүний биед үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч У.Д , гэрч Б.И  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11426 дугаартай дүгнэлт болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч У.Д ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 11426 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.  

 

Өөрөөр хэлбэл, хохирогч У.Д ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Б.Б- ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь хохирогчийг зодоход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б- д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, улсын яллагчийн ялын санал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Б- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11426 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Тэрээр хавтас хэргийн 70 дахь талд “...эмчилгээний зардал 278.700 төгрөг өөрийн дансаар авсан...” гэх хүсэлтийг гаргасан байхаас гадна хэргийн 82 дахь талд авагдсан шүүгдэгч Б.Б- ын Голомт банкны дансны хуулгаар 300.000 төгрөг хохирогчид төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б- аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б- д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-н Б- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- д 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б- д мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б- д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА