Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-н Н-д холбогдох эрүүгийн 2205000000537 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр мужаан хийдэг гэх, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт ... аймгийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ...  дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг, /РД: / улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-н Н.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н нь Баянгол дүүргийн ... дугаар хороо “Эрин” хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” клубт 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр эхнэртэй хамт яваад байна гэх шалтгаанаар Б.Б-н биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамрын нурууны хугарал, хөлөөрөө өшиглөж баруун гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрин” хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” клубт эхнэртэй хамт яваад байна гэх шалтгаанаар Б.Б-н биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамрын нурууны хугарал, хөлөөрөө өшиглөж баруун гарын бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 тал/,

 

2. Хохирогч Б.Б- гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.М гэх эмэгтэйтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцсан. 2021 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн уулздаг болсон. М-  нь надад хэлэхдээ нөхрөөсөө салсан, харьцддаггүй, хоёр хүүхэдтэй гэж хэлж байсан. Би уулзаж учирч явж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр М- тай Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрин” хороолол дотор байрлах “Сүлд” фитнес кпубт очиж уулзаад байж байхад М-ын нөхөр нь гэх залуу орж ирээд үг хэлэх завдалгүй намайг боож унаган толгой, нүүр хэсэгт гараараа олон удаа цохисон. Тэгээд газарт унасны дараа миний баруун гарын бугалга хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Хяналтын камер байхгүй байсан ба хажууд байсан О гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн. ...Эмчилгээний зардлаа барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Эмчилгээний зардлаа авсан тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 40 тал/,

 

3. Гэрч Г.М- ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би ажлаа тараад явж байсан чинь манай ажлын охин А- миний утсыг гуйгаад хичээл орсон. Би ажлынхаа гадаа байж байсан чинь А- хичээлээ дуусчихлаа гэхээр нь фитнесээ цоожлох гээд одоо үерхэж байгаа залуу Б- д түлхүүрээ өгч оруулсан. Тэгээд О эгч фитнесийг цоожлоод гарах гэж байсан чинь Б- г манай нөхөр Н-  зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

4. Гэрч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” фитнес клубт багшаар ажилладаг. 2022 оны 1 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед оройн анги ороод тараад заалаа түгжих гээд М- ын найз залуу Б- гээс түлхүүр аваад байж байсан чинь гэнэт зодолдох чимээ гарсан. Би юу болж байна гээд хартал Н-  гээд М- ын салсан нөхөр Б- гийн гуя руу нь өшиглөөд хоёр хүүхэд, нөхрийг нь бодож болсонгүй юу гэж хэлээд Б- гийн хамар руу гараараа цохиход цус гаргачихсан. Тэгэхээр нь би байгууллага дотор ингэж болохгүй гээд цагдаа дуудсан ...тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2208 дугаартай “...Б.Б- д хамрын нурууны хугарал, баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,

 

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хохирогчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 43 тал/,

 

7. Хохирол төлбөр 500.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 44 тал/,

 

8. Шүүгдэгч Б.Н- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед эхнэртэйгээ хардаад цохиж зодсон минь үнэн. Би гэм буруугаа бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна. Надад гэм буруу дээр маргаад байх зүйл байхгүй. Уг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 24 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 26 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 27 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/, гэрч Л.Даланбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н-  зан араншингийн хувьд олон таван үггүй, хээгүй, гүндүүгүй сайхан эр хүн. Манай найз Н-  хувиараа барилга дээр ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н- ын гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 8 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Б- , гэрч Г.М- , гэрч Ч.О нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2208 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Н- ын үйлдлийн улмаас хохирогч Д.Б- гийн биед хамрын нурууны хугарал, баруун бугалганд цус хуралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 2208

дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.   

 

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Д.Б- г цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрин” хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сүлд” клубт 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр эхнэртэй хамт яваад байна гэх шалтгаанаар Б.Б- гийн биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамрын нурууны хугарал, хөлөөрөө өшиглөж баруун гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Н- ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 43 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 49 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Н- ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Н- ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.Н нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б- гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2208 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Тэрээр хавтас хэрэгт хохирол хор уршигтай холбоотой баримтаа ирүүлээгүй байх ба хавтас хэргийн 44 дэх талд хохирол хор уршигт тооцож 500.000 төгрөг хохирогчид төлсөн талаарх баримт авагдсан байх тул шүүгдэгч Б.Н- аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Н өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-н Н- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б- д хохирол хор уршигт тооцож 500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА