Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.У, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Б.Чинбилиг,

          шүүгдэгч Х.У,

          шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.У, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1808 0178 20545 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М овгийн Х-ийн У, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

2. Б овгийн Б-ийн Н, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....../;

Х.У, Б.Н нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны баруун талын гүүрний хажууд иргэн Б.Эын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, “Самсунг А3” загварын гар утсыг дээрэмдсэн,

Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд явж байсан иргэн Ш.Дгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Х.У, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.У, Б.Н нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, Б.Нг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Х.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Х.У, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Х.Уын урьдчилан хоригдсон 2 хоног, Б.Нн урьдчилан хоригдсон 45 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Нгээс 345.200 төгрөгийг 1 жилийн хугацаанд гаргуулж, хохирогч Б.Эод 277.200 төгрөгийг, хохирогч Ш.Дд 68.000 төгрөгийг тус тус олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н, Х.У нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Х.У бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие шийтгэх тогтоолыг эсэргүүцэж гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хохирогч Б.Эын дээрмийн гэгдэх үйлдэлд өөрийн гар бие оролцоогүй бөгөөд Б.Эын биед нэг ч гар хүрээгүй, ойртож очоогүй. Үүнийг Х.У нь шүүхийн болон мөрдөн байцаалтын явцад гэрчилж байсан. Улсын яллагч үүнийг харж үзээгүй, хэт нэг талыг баримтлан намайг хэргийн гол буруутан болгон ялласан. Уг хэрэгт миний оролцоо нь Х.У надад утас өгөхөд авч явсан нь буруу. Үүндээ маш их гэмшиж байгаа.

2. Хохирогч Ш.Д гэх хүнийг огт танихгүй болон энэ хэргийн талаар би юу ч мэдэхгүй. Сонгинохайрхан дүүргийн дэслэгч Очирхуяг гэх эрүүгийн төлөөлөгч намайг гражид оруулж зодож дарамтлан, олон тооны гар утасны загвар бичүүлж, гарын үсэг зуруулсан. Надад хэлэхдээ “наадах чинь гайгүй, хохирол нь бага, тэрийг төлөөд болно, ял авахгүй” гэсэн.

Мөн байцаагч Баясгалан “би чамайг хориулахгүй, гайгүй яриад өгнө” гэж гарын үсэг зуруулсан. Уг хэргийн талаар надаас мэдүүлэг аваагүй болон өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авах гэхэд “авах шаардлага байхгүй, зүгээр гарын үсэг зураад боллоо” гэж хэлсэн. Иймд миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Х.У, Б.Н нар нь бүлэглэн хохирогч Б.Эын эд хөрөнгийг авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд маргах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндрүүлэхгүйгээр хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

2018 оны 4 дүгээр сарын 8-ны шөнө 03 цаг 50 митутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны баруун талын гүүрний хажуугаар алхаж явсан иргэн Б.Эыг шүүгдэгч Х.У араас нь хүч хэрэглэн довтлон хоолойг нь боож, шүүгдэгч Б.Н хохирогчийн өмдний халаасанд байсан  “Самсунг галакси А3” загварын гар утсыг авч, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Эын “... нэг залуу ирээд яриа өдөн намайг хаашаа явж байгаа талаар асуусан. Такси ирэхгүй болохоор нь би үргэлжлүүлэн алхахаар шийдээд баруун тийш алхаж явтал нөгөө залуу миний хойноос гэнэт боогоод, цаанаас нь нэг залуу гүйж ирээд миний өмдний халаасанд байсан гар утсыг авсан. Энэ үед миний араас боосон залуу бас миний бусад халаасыг нэгжсэн. ...” /хх 17-20/ гэх мэдүүлэг,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын “Х.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.У нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна” гэсэн 659 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 166-168/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4, 5-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 30-31/, шүүгдэгч Х.Уын хохирол төлсөн тухай баримт /хх 162/, шүүгдэгч Х.Уын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг,

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 30 дугаар байрны хажууд явж байсан иргэн Ш.Дгийн “LG” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ш.Дгийн “... би цүнхнээсээ гар утсаа гаргаж ярих гэтэл үл таних залуу миний гар утсыг шүүрээд зугтаахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 101-104/ гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 110-111/,

 

шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.У, Б.Н нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн, бүлэглэж үйлдсэн, Б.Нг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр тус тус үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн шүүгдэгч Х.У, Б.Н нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н “...цагдаагийн дэслэгч Очирхуяг, байцаагч Баясгалан нар “зодож дарамталсан, хууль зүйн зөвлөгөө авах эрхийг хангаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж мөрдөн байцаалт явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн үед гомдол санал гаргаагүй байх бөгөөд хэргийн бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Хохирогч Ш.Дгийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд мэдүүлгийг үндэслэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Харин шүүх, шүүгдэгч Х.У, Б.Н нарыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжүүдээр нь гэм буруутайд тооцоогүй нь буруу байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад, хохирогчид хохирол төлж барагдуулах хугацааг нарийвчлан зааж өгөөгүй байх тул хугацаа заасан хэсгийг хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 710 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч М овогт Х-ийн У, Б овогт Б-ийн Н нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б овогт Б-ийн Н-г дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч М овгийн Х-ийн У, Б овгийн Б-ийн Н нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-ийн Нг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...1 /нэг/ жилийн хугацаанд...” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              М.АЛДАР

 

                                                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ