Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0656

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0656

Улаанбаатар хот

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 545 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/638 дугаартай “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э давж заалдах гомдолдоо: “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.3-т зааснаар шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 3-аас доошгүй хоногийн хэргийн оролцогчид мэдэгдэхээр, 71 дүгээр зүйлийн 71.1-д шүүх хуралдааныг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож хурал болохоос 7-оос доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчдод зарлахаар тус тус заасан.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7528 дугаар захирамжаар шинжээч томилон түдгэлзүүлж, шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5850 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралыг товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулалгүйгээр 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагт товлосон байна.

Шүүгчийн энэ захирамж нь шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийх журмыг зөрчсөн байна.

“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн 5850 дугаартай захирамж 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гарсан байтал хэргийн материалд хурлын товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр утсаар мэдэгдсэн гэсэн баримтыг хавсаргасан, 7 дугаар сарын 21-нд зарласан байлаа ч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг зөрчсөн байна.

2.Хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тодруулж лавлаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа гэдэг хариуг амаар өгч байсан, харин хариуцагч болон түүний төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг танилцуулаагүй.

Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамжийн талаар хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдээгүй, шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад материалтай танилцах эрхээ эдлэх боломж олголгүйгээр хуульд заасан хугацаанаас богино хугацааны өмнө хурлыг зарлаж, хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн бана.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.Харийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 07 дугаар сарын 25-ны өдрөөс ээлжийн амралттай байгаа тул тухайн хэрэгт өөр төлөөлөгч томилох шаардлагатай тухай мэдэгдэж, 08 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч 1/2676 тоот албан бичгээр өөр төлөөлөгчийг томилсон боловч шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүйн улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сольж томилох эрхийг нь эдлүүлээгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн www.admincourt.gov.mn албан ёсны хуудсаар хурлын товыг зарлахдаа нэхэмжлэгчийн нэрийг “Б” ХХК гэж зарласан байсан тул шүүх хурлаар хэргийг шийдвэрлэсэн болохыг мэдээгүй, 08 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч шинэ төлөөлөгчид итгэмжлэл олгосон болохыг дурдах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөр хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүй хэргийг шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг  хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу.” гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй гэх гомдлын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.3-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ.”, 59 дүгээр зүйлийн 59.2-т “Шүүх хуралдаанд ирвэл зохих оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.”, 59.6-д “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан этгээдэд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.” гэж тус тус зааснаар шүүх хуралдааны товыг урьдчилан хэлэлцүүлэг хийж, 7 хоногийн өмнө хэргийн оролцогчдод мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хэргийн оролцогчдод хүргүүлж, тухайн этгээдээр гарын үсэг зуруулан баримтжуулах ёстой.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7528 дугаар захирамжаар[1] уг захиргааны хэрэгт шинжээч томилж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр шүүх хуралдааныг шууд товлон зарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.[2]

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх гомдлын тухайд:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэж заасныг дээр дурдсан байдлаар хэрэгжүүлээгүй, түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан 7 хоногийн хугацаанаас бага хугацаанд[3] буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн[4] зэргээс үзэхэд хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэнээс хойш хэргийн материалтай танилцах, шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй байсан зэрэг гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг заасан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “нотлох баримт гаргаж өгөх ... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй байхад шүүх хариуцагчийн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, тайлбар мэдүүлэг гаргах эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хянах бөгөөд хэргийг давж заалдах журмаар шалгахад уг хэргийг анх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Д.З-с шүүгч Д.Ч-д шилжүүлсэн эрхийн акт гараагүй, энэ тухай баримт байхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөр нэг үндэслэл болсон гэдгийг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэв.   

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.2, 121.3.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 207 дахь тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 240 дэх тал

[3] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 238 дахь тал