Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1324

 

 

 

 

  2021        12           02                                  2021/ШЦТ/1324

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Хохирогч Л.Гансүх,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гт холбогдох эрүүгийн 2106 00000 2069 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганцын задгай тоотод хохирогч Л.Гансүхтэй шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчын мурийлт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүнд зулгаралт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “Би гэртээ эхнэр хүүхдүүдтэй амарч байхад удаа дараа хаалга эвдэж орж ирэх гэсэн. Би эхний удаа зүгээр явуулсан. Дараагийн удаа гэрт таван жоохон хүүхэд байхад миний нүдийг ухна гэж шөнө 3 цагт орж ирсэн. Би шөнийн 3 цагт нүцгэн хэвтэж байсан тул 2 цохиод гэрээсээ гаргасан. Араас нь хувцсаа өмсөөд гартал манай найз Ариунболд ирсэн байсан. Ингээд цагдаа дуудсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Гансүх мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр гэртээ байж байтал манай найз ирээд ганц юм уусан. Ингээд байж байхад манай хүргэн ах Ариунболд намайг утсаар дуудсан. Чи Улаанаагийнд нэг шил 0.75 литрийн Хар Чингис аваад ирээрэй гэж хэлсэн. Тэр  бичлэг нь миний утсанд байгаа. Улаанаагийнд очоод хаалгыг нь нүдтэл чи муу яагаад байгаа юм бэ гээд учиргүй намайг балбасан байгаа юм. Одоо хоёр цохисон гэж байгаа юм. Хоёр цохиход ийм гэмтэл учрахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ хоёр манай ах дүү нар руу яриад дүүгийнхээ гомдлыг нь авхуулчих гээд дарамтлаад байдаг. Манай хөлгүй ах руу ярьж дарамталсан байсан. Чи наад дүүгийнхээ гомдлыг авхуул гуйлгачин минь, тахир дутуу минь гэсэн байдаг. 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанаа гэх хүний төрсөн өдөр болоход 18-ны өдөр согтуу утсаар нь дарамтлаад чи наад дүүгийнхээ өргөдлийг ав. Гуйлгачид минь та нар 160.000 төгрөг нэхэмжилсэн юм бол гуйгаад авахад яадаг юм гэж даралтаар харвасан өрөөсөн хөлгүй хүнийг дарамталсан. Нөгөө хүний биеийн байдал муудаад бид нар очтол энэ хүмүүс ингээд дарамтлаад байна гээд 11 минут 47 секундийн бичлэг байсан. Утсаар дарамтлахаар хуулийн хариуцлага хүлээхгүй гээд өргөдөл өгөөд орхисон. Гол үүдэл нь Ариунболд гэх хүнээс болсон. Энэ хүн манай хүргэн байсан. Намайг дуудахаар нь очтол Улаанаатайгаа нийлээд намайг зодсон. Тэр орой Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн байхад чи ингээд байсан учраас чамайг дарахгүй бол болохгүй байсан гэж хэлсэн. Эхнэрийнхээ үлдээсэн газрыг зарах гээд байхаар нь миний эгчийн газрыг хүүхдүүдэд нь үлдээе гэхэд өөрийнхөө эд хөрөнгийг зарахад чи ордог хэн бэ? би чамайг угаасаа одоо дарж авна. Баянзүрх дүүргийн хоёрт чи яаж ч чадахгүй. Би эхлээд эгчийг чинь дараа нь чамайг тэгээд хөл гаргүй ахыг чинь та нарыг би нэг нэгээр нь дарна гэж хүргэн хэлдэг. Хүргэн дуудаад намайг зодсон хүн нь Улаанаа. Над руу нэг ч удаа утсаар яриагүй. Хохирлын мөнгө юу ч өгөөгүй. Би одоо очоод мөнгөн торгуулиар торгуулаад гарах юм чинь та нар мөнгө хэрэгтэй байсан юм ол хэлээд авах нь яасан юм бэ гээд байнга дарамталдаг. Машины шил хагалсан, би тархины зургаа 170.000 төгрөгөөр авхуулсан. Нийтдээ 300.000 төгрөг байгаа.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Гансүхийн мэдүүлэг /хх-8/, гэрч Л.Ариунболдын мэдүүлэг /хх-13/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9360 дугаартай дүгнэлт /хх-19-20/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганцын задгай тоотод хохирогч Л.Гансүхтэй шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчын мурийлт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүнд зулгаралт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалга ажиллагаанд хохирогч Л.Гансүхийн өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үүрийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах манай ах Болдоо нь “Улаанаагийн гэрт хүрээд ирээрэй. Ирэхдээ нэг шил архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд манай дүү болох Дамдинсүрэнгээр машинаа бариулаад хүргэн ахын байгаа газарт нь очсон юм. Гэр рүү нь ороход гэрийнхээ хаалгыг тайлахгүй байхаар нь би хаалгыг 2 удаа чангаар нүдэхэд Улаанаа нь нь согтуугаар чи манай хаалгыг нүдээд байдаг хэн бэ гэж хэлээд дайраад эхэлсэн.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ариунболын өгсөн “Би 2021 оны 09 дүгээр сарын 29-ний үед хүргэн болох Батбаяр найз Г нартай Батбаярын гэрт буюу Баянзүрх дүүргийн 21-р хороо Ганцын задгайд тоотод нэг шил архи хувааж уугаад сууж байсан ба удалгүй манай найз Г өглөө эрт ажилтай гээд түрүүлээд яваад өгсөн. Тэгтэл манай хүргэн дүү болох Гансүх над руу залгаад хамт архи ууя ахаа гэхээр нь би дүүгийндээ хүрээд ир гээд дуудсан бөгөөд шөнийн 02 цагийн үед над руу залгаад хаана уулзах уу гэхээр нь Г гадаа хүрээд ир тэнд уулзий гэж хэлээд байж байтал манай найз Гийн эхнэр болох Эрдэнэтуяа залгаад Гансүх ирчихсэн байна чи хүрээд ир гэхээр нь ойрхон байсан тул Гийн гэрт яваад очсон. Тэр үед зодоон болсон байдалтай Гансүх гартаа тоосго барьчихсан байсан. Гансүхийн хамарнаас цус гарсан байсан.”/хх-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9360 дугаартай шинжээчийн “Л.Гансүхийн хамар ясны цөмөрсөн хугарал, таславчын мурийлт, дээд, доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, эрүүнд зулгаралт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-19-20/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Д.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Д.Г нь хохирогч Л.Гансүхэд 156.000 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгэл эдэлж байсан хувийн байдал зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Д.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж зааснаар Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Д.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гээс  156.000 /нэг зуун тавин зургаан мянган/ төгрөг гаргуулан хохирогч Л.Гансүхэд олгуулсугай.

 

          8. Хохирогч Л.Гансүх нь гэм хорын бусад хохирол, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

          10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА