Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1833

 

В.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч В.Мөнхчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Монгол шуудан” ТӨХК-д холбогдох       

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч В.Мөнхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Мөнхчимэг нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс “Монгол шуудан” ТӨХК-ийн захирлын Б/55 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/41 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 13.2.1-ийн г, е, хөдөлмөрийн гэрээний 5.5.3, 5.5.5, 5.5.7, 5.5.8 дахь заалтуудыг ажил олгогчоос баримталсан. В.Мөнхчимэгийг ажлаас халсан тушаалд заасан зөрчлүүд гэх кассчин О.Нарангэрэлийн зүүн гарын чигчий хурууны хээгээр өөрийнхөө хурууны хээ болгон бүртгүүлж ажил тасалсан гэдэг боловч яаж үүнийг тогтоосон талаар хэрэгт баримтгүй. Ажилтан н.Цэнгэлмаад цалин бүрэн олгосон, замын хуудсыг хуурамчаар бүрдүүлсэн, Д.Тогтохбаярын ээлжийн амралтын хоногийг дутуу эдлүүлсэн, 332 100 төгрөгийг олгоогүй гэж буруутгаж байгаа боловч эдгээр зөрчлүүдийг үйлдсэн гэдэг нотлох баримт байхгүй.

Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналтын газрын шалгасан гэх баримтад зөрчлүүд нь нотлогдохгүй байна гэдгийг мөн дүгнэсэн байдаг. Д.Тогтохбаяр ээлжийн амралтын мөнгөө бүтэн авсан гэдэг юм билээ. Д.Тогтохбаяр нь ээлжийн амралтаа нөхөж авах эсэх талаар өөрөө ажил олгогчтойгоо тохиролцож шийдвэрлэх зүйл. Улсын байцаагчийн актаар 2014 оны ээлжийн амралтын зөрүү мөнгийг олго гэснийг ч бас хууль бус гэж үзэж байна. Иймд ажилтан В.Мөнхчимэгийг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлж, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Мөнхчимэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгасан баримтаар тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Шуудан үйлчилгээний газрын дарга В.Мөнхчимэг ажилтан О.Нарангэрэлийн хурууны хээгээр өөрийнхөө цагийг бүртгүүлдэг нь дээрх шалгалтаар тогтоогдсон. Үүнээс улбаалж цагийн бүртгэл, цалингийн балансыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж байна. В.Мөнхчимэг орон нутгийн иргэдийн мэдээллээр 7-8 хоног ажлаа тасалж хилээр гардаг байсан нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдсон. 2015, 2016 онд ээлжийн амралтын хугацаанаас өөр хугацаанд ажлын өдрүүдэд хилээр нэвтэрсэн нь нотлогддог. Ажил олгогчийн итгэлийг алдсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан. Ажилчдыг ялгаварлан гадуурхаж ханддаг, ажилтан Д.Тогтохбаярын ээлжийн амралтыг бүтэн эдлүүлээгүй эрхийг нь хязгаарласан, 332 100 төгрөгийн олговор олгоогүй. В.Мөнхчимэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг "Монгол шуудан" ХК-ийн Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 2 420 454 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, В.Мөнхчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн хурууны хээг цаг бүртгэлийн системд касс О.Нарангэрэлийн зүүн гарын чигчий хурууны хээгээр бүртгүүлж, хувийн дэлгүүртээ барилгын материал, бараа татах зорилгоор Ховд аймгийн Булган суманд байрлах хилийн боомт, Замын-Үүдийн хилээр боомтуудаар удаа дараа гарсан хэрнээ цалингийн баланс болон санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэж өөрийн цалинг бүтнээр авсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад шүүх уг зөрчлийг үндэслэлгүй гэж үзсэн нь буруу юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хоорондын маргааны үйл баримтад харьцуулан дүгнэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг буруу бичснийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч В.Мөнхчимэг хариуцагч “Монгол шуудан” ТӨХК-д холбогдуулан ажилд  эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/41 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга ажилтай В.Мөнхчимэгийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

            Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээнд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил, үүргийн онцлогийг харгалзан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, зөрчил тус бүрийг нэрлэн заасан байхыг хуулийн зохицуулалт шаардана.

         Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Монгол шуудан” ТӨХК нь нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 13.2 дугаар зүйлийн 13.2.1.г,е заалт, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.3, 5.5.5, 5.5.7, 5.5.8 дахь заалтуудыг баримталсан боловч тушаалд дурдснаар ажилтан албан тушаалаа ашиглаж, ажил тасалсан хугацааны цалинг бүтнээр олгосон, бусдын хурууны хээгээр ажлын цагаа бүртгүүлж, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж цалин авсан, ажилтны ээлжийн амралтын цалинг олгохгүй эрхийг нь хязгаарласан, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлэх зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагч  нь дээрхи үндэслэлээ баримтаар нотлоогүй байх ба анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасантай нийцсэн байна.

         Хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба хяналт, шалгалтын  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай танилцуулга, Монгол Улсын сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28-02/18/35 дугаартай төлбөр хариуцуулах тухай акт /хх 83-84/-д ажлаас халагдсан Д.Тогтохбаярын 2014 оны дутуу эдэлсэн амралтын зөрүү 3332.1 мян.төгрөгийг нөхөн олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор  сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь: сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журам нь сахилгын зөрчил гаргаснаас хойшхи 6 сарын хугацаанд багтах ойлголт юм.

        Мөн дээрхи шалгалтын танилцуулгад байгууллагын дарга В.Мөнхчимэг кассын ажилтан О.Нарангэрэлийн  зүүн  гарын чигчий хуруугаар цагаа бүртгүүлэхээр тохируулга хийж, удаа дараа ажил тасалсан, санхүүгийн анхан шатны хуурамч баримт бүрдүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бус зарцуулсан, шууданч н.Цэнгэлмааг баривчлагдсан хугацаанд цалинг бүтэн олгосон нь тогтоогдсон гэж дүгнэсэн боловч уг зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         Хариуцагчаас нэхэмжлэгчийг удаа дараа ажил тасалсан гэж тайлбарлаж байх боловч ажилтны цагийн бүртгэл хэрэгт авагдаагүй ба В.Мөнхчимэгийн 20015-2016 онуудад хил нэвтэрсэн тухай лавлагаагаар түүнийг ажил тасалсныг шууд нотлох боломжгүй юм.  /хх 72-73/

         Ийм учраас анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч В.Мөнхчимэгийг Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 420 454 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Мөнхчимэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахдаа хариуцагч байгууллагын нэрийг буруу бичснийг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2017/01241 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Төрийн банк ХХК” гэснийг “Монгол шуудан ХК” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол шуудан ТӨХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123 877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАРМАНДАХ

                                                         ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА